Ц.Энхтүвшин . “Таван цагариг”
Египетэд болж буй Африк тивийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний хагас шигшээ тоглолтууд өнөөдөр өглөө явагдлаа.
Эхлээд Сенегал-Тунисын багууд талбайд гарав. Тоглолт ширүүн өрсөлдөөнтэй, эн тэнцүүхэн болсон. Үндсэн цагт Сенегалын “арслангууд” ч, Тунисын “бүргэдүүд” ч тэр аль аль нь тоглолтын хувь заяг шийдэх 11 метрийн торгуулийн цохилтыг алдсан тул нэмэлт цагт тэмцэл үргэлжлэв. Шийдвэрлэх энэ үед тунисчууд (энэ гоолд Тунисын хаалгач, хамгаалагч хоёр аль аль нь “гавьяатай”) өөрийн хаалганд автогоол оруулсан нь энэ тоглолтын цорын ганц гоол боллоо.
Английн “Ливерпуль” багт тоглодог Садьо Манэ тэргүүтэй Сенегалын хөлбөмбөгчид тивийнхээ аваргын финалд хоёр дахиа үлдэж байгаа нь энэ. 2002 онд “Терангын арслангууд” финалд үлдсэн ч Камеруны “Номхрошгүй арслангууд”-д хожигдон мөнгөн медаль хүртэж байсан юм. Сенегалын шигшээд тоглож буй тоглогчид бүгд Европт, тэр тусмаа Англи, Франц, Испани, Германы лигүүдэд тоглодог. Сенегалчууд 2002 оны ДАШТ-д анх оролцож, шууд л шөвгийн наймд үлдэж шуугиан тарьж байсан. ДАШТ-ий нээлтэд Дэлхийн аварга Францын багийг 1:0-ээр хожиж, мөн хүчирхэг Уругвайтай 3:3, Данитай 1:1-ээр тэнцэж, хасагдах шатанд Шведийг нэмэлт цагт 2:1-ээр хожин наймд үлдээд Турктэй эн тэнцүүхэн үзээд нэмэлт цагт 0:1-ээр хожигдож байсныг хөлбөмбөг сонирхогчид мартаагүй байгаа биз ээ. Тэр ДАШТ-д Сенегалын шигшээ багийн ахлагчаар тоглож байсан Алиоу Сиссе өдгөө шигшээ багийнхаа дасгалжуулагчаар ажиллаж байна.
Хоёр дахь хагас шигшээд Алжирын “Цөлийн үнэгүүд” Нигерийн “Супер бүргэдүүд”-тэй тулалдлаа.
1980-1990 онд Африк бүү хэл дэлхийд шуугиан тарьж явсан Алжирын хөлбөмбөгчдөөс манайхан Рабах Мажер, Лахдар Беллумиг маш сайн мэдэх билээ. Ялангуяа “Испани-1982”-д Германы багийг 2:1-ээр хожиж, сенсаац тарьж, дээр дурьдсан хоёр хөлбөмбөгч гоол оруулж байсан нь одоо ч нүдэнд харагддаг. Харамсалтай нь Герман-Австри хоёр хэсгийн сүүлийн тоглолтод хуйвалдан Алжирыг дараагийн шатнаас мулталж байсан юм. Германы эсрэг бол “хатуу самар” гэдгээ Алжир 2014 оны ДАШТ-ээр дахин нэг нотолсон. Хасагдах шатанд Алжир Германтай 0:0-ээр тэнцээд нэмэлт цагт 1:2-оор хожигдож байсан даа.
Харин Нигерийн баг 1994 оны ДАШТ-д анх удаа оролцохдоо мөн л шуугиулж байсан. Хэсэгтээ Аргентинд 1:2-оор хожигдсон ч хагас шигшээд шалгарсан Болгарыг 3:0-ээр, Грекийг 2:0-ээр хожоод хасагдах шатанд шалгарсан “Супер бүргэдүүд” дараа нь Италийн шигшээтэй учраа таарсан. Тоглолтын үндсэн цаг дуусахаас хоёрхон минутын өмнө Нигеричүүд Италийн багийг 1:0-ээр хожиж явсан ч алдарт Роберто Бажо цаг дуусахын өмнөхөн тоог тэнцүүлж, улмаар нэмэлт цагт Бажо дахин нэг гоол оруулж, улмаар италичууд яван явсаар финал хүрсэн дээ. Түүнээс хойш “Супер бүргэдүүд” ДАШТ-ийг өнжиж үзээгүй билээ.
Ийм л хоёр шилдэг багийн тоглолт үнэхээр сонирхолтой болсон. Алжирчууд гоол оруулах боломж илүү гаргаж байсан ч Нигерийн хаалгач хоёр ч удаа багаа аварсан. Тоглолтын эхний гоолыг нигеричүүд өөрийн хаалганд оруулсан. Марезын хөндлөн дамжуулалт Нигерийн хоёр ч хамгаалагчид ойгоод автогоол болов. Гэвч хоёрдугаар хагаст нигеричүүд 11 м-ийн торгуулийн цохилтоос тоог тэнцүүллээ. Тоглолтын үндсэн цаг дуусч, шүүгчийн сунгасан цаг дуусах болж байхад буюу тоглолтын 95 дахь минутад Алжирчүүд чөлөөт цохилт хийх эрх олж авсан. Цохилтыг “Манчестер Сити” багийн тоглогч, Алжирын багийн ахлагч, лидер Рияд Марез маш гоё гүйцэтгэн, хаалганы баруун дээд буланд эргүүлэн хожлын гоолыг хийж, багаа финалд шалгарууллаа.
Алжирын “Цөлийн үнэгүүд” тивийнхээ аваргаар 1990 онд тодорч байсан бөгөөд гуравдахиа “Хар тивийн” финалд үлдлээ. Алжирын шигшээд эх орондоо тоглодог ганцхан хөлбөмбөгч бий. Бусад нь мөн л гаднын лигт тоглодог.
Африкийн аваргын төлөө долоодугаар сарын 19-нд ийнхүү Английн Премьер лигийн шилдэг тоглогчид болох Садьо Манэгээр манлайлуулсан Сенегалын “Терангын арслангууд” болон Рияд Марезын тэргүүлсэн Алжирын “Цөлийн үнэгнүүд” зүүн, баруун жигүүрээс гарч, “эрэгчин , эмэгчин”-ээ үзэлцэх нь ээ.
“Африкийн Үндэстнүүдийн цом-2019” тэмцээнд энэ хоёр баг нэг хэсэгт орж, хоорондоо тоглож 1:0-ээр Алжир хожсон бөгөөд хоёулаа хэсгээс шалгараад замдаа таарсан араатан, жигүүртнүүдийг “барьж идсээр” аваргын төлөө дахин нэг тулалдах нь ээ.
Сэтгэгдэл ( 0 )