Мэргэжлийн сүмо бөхийн сэкивакэ асан Аминишики зодог тайлан, оякатагийн ажилд шилжсэнээ зарласан билээ.
Аминишики хэд хэдэн рекорд амжилттай бөх. Жюүрёо, дээд зиндаанд 117 башё барилдсан нь Кайотой зэрэгцэх түүхэн амжилт. 40 нас 7 сартай сэкитори бол Кёкүтэнхогийн дараа орох рекорд юм. Манай Харүмафүжи аваргыг анх сүмод ирэхэд нь хүлээн авч, их юм зааж өгсөн эрхэм билээ.
Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь екозүна Харүмафүжи хуурай ахдаа зориулан, сэтгэгдлээ хэлжээ.
“Олон жил барилдаж, бөх сонирхогчдоо баярлуулсан Аминишики зодог тайлжээ. Би Хэйсэй эриний 12 оны есдүгээр сарын 16-нд 16 настайдаа Японд ирж, сүмо бөхийн гараагаа эхэлж байлаа. Тэр үед Аминишики яг дээд зиндаанд дэвшээд байсан. Ирэх жилээс нь эхлэн би түүний дагуул туслах болж, сүмо бөхөөс гадна маш олон зүйл заалгаж, сурч авсан билээ. Ёкозүна цол хүртэж чадсан маань ч Аминишики ахын ач гавьяа гэж би боддог. Үнэн сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. Цаашдаа олон шавьтай сайн ояката болно гэж бодож байна.
Рэйва эриний 1 он, 7-р сарын 16
Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь ёкозүна Харүмафүжи”
Сэтгэгдэл ( 0 )