Ц.Энхтүвшин “Таван цагариг”
Өнгөрөгч зургадугаар сарын 21-нд Египетэд эхэлсэн Африк тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн “Africa Cup of Nations” өнөөдөр өндөрлөлөө. 32 дахь удаагаа зохиогдож буй “Хар” тивийн аваргын төлөө энэ удаа Алжирын “Цөлийн үнэгүүд” – Сенегалын “Тегангын арслангууд” шалгаран үлдэж, “Араатны хаан” болохоор тулалдав.
Африк бол яахын аргагүй араатан, жигүүртний өлгий нутаг. Тиймээс ч энэ тивийн ихэнх орны хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн хоч нэр нь араатан, амьтдын нэртэй байдаг билээ. Арслан, заанаас эхлээд антелоп гөрөөс, зебра тахь, зебу үхэр, зэрлэг нохой, ирвэс, бар, янгир, ягуар, матар, мамба могой , үнэг, үхэр гөрөөс, тэр бүү хэл хилэнцэт хорхой, загас, харцага, шонхор, бүргэд гээд араатан, жигүүртний бүхий л төлөөлөгчдийн нэрээр Африкчууд хөлбөмбөгийн шигшээ багаа нэрлэдэг. Тэгэхээр Африкийн аваргыг “Араатны хааны” төлөөх тулаан гээд байгааг минь болгооно биз дээ.
Шигшээ тоглолтын өмнө хөлбөмбөгийн ногоон талбайн гадна ч дуулиан шуугиан тасарсангүй. Хагас шигшээ тоглолтын дараа Франц дахь алжирчууд Ялалтын баяраа тэмдэглэсэн нь сүүлдээ эмх замбраагаа алдаж, үймээн самуун болсон тул цагдаагийн хүч хэрэглэж байж тараасан мэдээ дэлхий даяар түгсэн. Цөс нь хөөрсөн фанатууд цөөнгүй машин шатааж, нилээдгүй зүйл эвдэж бусниулсан тул нийтдээ 300 орчим хөгжөөн дэмжигчийг Францын цагдаа баривчилсан ажээ.
Алжир ялахад Францад “доргидог” нь юу вэ гэж гайхах байх зарим нь. Тэгвэл Францын нийт хүн амын 7 орчим хувь болох 5 сая орчим алжир гаралтай болон алжирууд Францад амьдардаг ажээ.
Зөвхөн Франц дахь алжирууд л үймээн тарьсан юм бишээ. Алжирт ч сүүлийн үед улс төрийн байдал тун тогтворгүй, ард түмэн жагсаал цуглаан маш их хийж буй юм билээ. Харин хөлбөмбөгчид нь тивийнхээ аваргын төлөө өрсөлдөх болсон нь Алжирын ард түмнийг тэмцэл, уур хилэнгээ түр ч гэсэн дарах гол зүйл нь болов. Тэгвэл үүнийг улс төрчид, Төр засгаас ард түмнээсээ “коко үнэлгээ” авах сайхан боломж гарлаа хэмээн энэ тоглолтод маш их ач холбогдол өгчээ.
Шигшээ тоглолтын өмнө Алжираас Египет рүү тусгай шууд нислэг зохион байгуулж, 28 удаа рейс хийж, багаар бодоход 5000 орчим хөгжөөн дэмжигчдийг зөөсөн байна.
Садьо Манэ тэргүүтэй сенегалчууд харин ямар нэг хэл амгүй шигшээ тоглолтдоо шургуу бэлтгэв. Анх удаагаа аварга болох боломж атганд нь ороод ирсэн хойно доо.
За ингээд шигшээ тоглолт эхэллээ. Ердөө л хоёр дахь минутад Алжирын довтлогч Бунежахын цохилт Сенегалын хамгаалагчид “хачир” аваад, маш өвөрмөц траектороор хаалганд орлоо. Азын гоол гэж байдаг бол энэ гоолыг тэгээд хэлчихэд нэг их буруудахгүй байх. Дөнгөж эхлээд л гоол алдсан Сенегалчууд хариу довтолж эхэлсэн боловч алжирчууд аргагүй л “үнэгний заль” гарган гоол оруулах боломж огт олгосонгүй өрсөлдөгчдөө. Эхний үед хоёр багийн аль аль нь хөлбөмбөг тоглохоосоо илүү түлхэлцээн, толхилцоон хийж, өнхөрч унаж, хэрүүл маргаан хийсээр дууссан.
Хоёрдугаар үед Сенегал илүү довтолж тоглосоон. Тэд хаалга руу нийт 12 цохилт хийсэн бол Алжир ердөө л ганцхан цохилт хийсэн. “Үнэгүүд” хамгаалалтдаа гүн шигдэж тоглолоо. Мөн тактикийн алдаа бол үнэхээр их хийсэн. Нийт 32 алдаа. Аргагүй л “үнэг” шиг тоглолоо. Аргагүй дээ, үзүүлэлтээр биш, үр дүнгээр ялдаг хойно. Сенегалчууд булангийн цохилтын тоо, бөмбөг эзэмшилт, цохилтын тоо гээд бүх л үзүүлэлтээр илүү байсан ч тоо бол тоо, гоол бол гоол байдгийг ойлгосон бизээ.
Ийнхүү 29 жилийн дараа Алжирын хөлбөмбөгчид Африкийн аварга цолыг хоёр дахиа хүртлээ.
Финалын тоглолтод Алжирын Марез, Сенегалын Садьо Манэ нарын супер оддын аль нь ч биш харин “азын” нэгэн гоол аварга хэн болохыг шийдлээ. Алжирын “Цөлийн үнэгнүүд” Сенегалын “Тегангын арслангуудыг” арга мэхээрээ дийлэн, Африкийн хөлбөмбөгийн “Хаан”-ы суудалд наад зах нь хоёр жил суух болов. Харин 2021 онд Камерунд болох дараагийн тэмцээнд , “Номхрошгүй арслангуудын” нутагт “Араатны хаан”-ы титмээ хадгалж чадах болов уу?
Сэтгэгдэл ( 1 )
Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913