ШҮҮХ: Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг өнөөдөр шүүнэ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 07 сарын 23

С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын нэр бүхий есөн хүнд холбогдох хэргийг өнөөдөр /2019.07.23/ 10.00 цагаас Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэх гэж байна.

УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт шийтгүүлэн ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэмээн буруутгаж, дээрх хоёр хүнийг өөр долоон хүний хамт Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгасан юм.

Уг хэрэгт гэрчээр талийгаач С.Зоригийн эхнэр Б.Булган болон ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хохирогчоор тогтоогдоод байгаа юм.

Түүнчлэн Б.Хурц, Г.Эрдэнэбат нараас гадна ТЕГ-ын мөрдөгч, хурандаа О.Бархасбадь, О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэлтсийн дарга, Б.Хурцын хадам дүү, хурандаа Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарыг Эрүүгийн хуулийн 133.1 дэх хэсгийн Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн (2002 онд баталж, 2017 он хүртэл мөрдсөн), 251.1-д заасан Эрүү шүүлт тулгасан гэх үндэслэлээр буруутган, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

2019 оны долдугаар сарын 7-ны өдөр Төв аймгийн Сум дундын шүүхэд шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болсон ба уг хурлын үеэр ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох энэхүү хэргийг мөрдөн байцаалтад буцаах, түдгэлзүүлэх асуудлыг хөндсөн байдаг. Мөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн захиалагчдыг илрүүлсний дараа Б.Хурц нарыг буруутай эсэхийг шүүх зэрэг хүсэлтийг өмгөөлөгчдийн зүгээс гаргаж байсан юм. 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх. 2019.07.23, 08:45 цаг

Шүүх хурал болох танхим

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.217.223) 2019 оны 07 сарын 23

Нямдоржийг хорьж шоронд хиймээр байна бузар өвгөн зайлайлаасаа

0  |  1
Top