СУРВАЛЖИЛГА - ШҮҮХИЙН ТАНХИМААС
Эрүүгийн 830142 дугаартай хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэгт холбогдуулан анхан шатны шүүхийн 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоол, Давж заалдах шатны шүүхийн 2017 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 171 дугаартай магадлал, Хяналтын шатны шүүхийн 2017 оны наймдугаар сарын 04-ний өдрийн 185 дугаартай тогтоолоор тус бүрийг гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байдаг.
Дээрх шийдвэрийн дагуу Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар нь тус тусын ялаа эдэлж байгаа ба Шүүхийн тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэмжээ хязгаарын хүрээнд ялтан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг “Цагаатгаж суллах тухай” асуудлыг хянан хэлэлцэж, шийдвэрлэх үндэслэлгүй, боломжгүй талаар хуульчилсан тухай Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.
Харин тус шүүхэд хянагдаж буй эрүүгийн 1802005930070 дугаартай шүүгдэгч Б.Хурц нарт холбогдох хэрэг нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг “С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа эрүүдэн шүүсэн” эсэхийг хянан хэлэлцүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэхээр болсон юм.
Энэхүү Шүүх хурал өнөөдөр (2020.06.08) өдөр тус шүүхэд болж, хуралдаан 09.05 цагт эхэлсэн боловч шүүх бүрэлдэхүүн хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Учир нь улсын яллагч О.Мөнх-Од нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.3 дугаар зүйлд заасны дагуу шүүх бүрэлдэхүүн болон нийт шүүгчдээс татгалзсан тул улсын яллагчийн дээрх татгалзлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6-д “Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу татгалзан гаргах шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч багтаж байгаа, эсхүл нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд энэ тухай тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ” гэж заасан нөхцөл байдал үүссэн нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болжээ.
Өнөөдрийн хуралд шүүгдэгч талаас Б.Хурц, Б.Бямбажав, Ж.Мөнхгал нар өмгөөлөгчийн хамтаар оролцсон бол хохирогчоор Б.Булган, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар ирсэн байв.