“Лондон 2012” олимпын наадмын чөлөөт бөхийн 120 кг-ын жингийн аварга Артур Таймазовын алтан медалийг хураана” гэж ОУОХ-ноос мэдээллээ.
Түүний сорьцод хийсэн дахин шинжилгээгээр туринабол илэрсэн байна. Лондоны олимпын тус жингийн мөнгөн медальт Гүржийн Давит Модзманашвили мөн сэргээшээр медалиа хураалгасан. Харин хүрэл медалийг Оросын Билял Махов, Ираны Комейл Гасеми нар хүртсэн юм.
Энэ жингийн медалийг дахин яаж хуваарилахыг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос шийдвэрлэнэ.
Артур Таймазов Лондоны олимпод Узбекистаны нэрийн өмнөөс оролцсон. Артур уг нь олимпын гурван удаагийн аварга байсан ч ийнхүү хоёр дахь алтан медалиа хураалгалаа. 2017 онд ОУОХ түүний Бээжингийн олимпын алтан медалийг мөн хураан авч байсан юм. Одоо түүнд Афины олимпын алт, Сиднейн олимпын мөнгөн медаль үлдэж байна.
Таймазов одоо ОХУ-ын Төрийн Думын депутатын алба хашиж байгаа бөгөөд ОУОХ-ны шийдвэрийг давж заалдана гэдгээ мэдэгдээд байна.
Сэтгэгдэл ( 2 )
Чулуунбат тэгвэл бараг хүрэл медаль авах юм бна даа
Buruu sanaagui bol Chuluunbat Londond 5bilvv 6 rd orj baisan shig sanagdah um arai hurel orood ireh wii dee