Сүүлийн гурван сар Энэтхэгийн 132 тосгонд нэг ч охин төрөөгүй

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 24

Энэтхэгийн умард Уттараханд мужийн 132 тосгонд сүүлийн гурван сарын хугацаанд ганц ч охин төрөөгүй болох нь судалгаагаар тогтоогджээ.

Өнгөрсөн долоо хоногт тус мужийн 500 тосгонд нийт 947 хүүхэд төрсөн бөгөөд дээр дурдсан 132 тосгонд 200 хүүхэд шинээр мэндэлсэн нь бүгд хүү байжээ. Орон нутгийн засаг захиргаанаас 25 мэргэжилтнээс бүрдсэн баг бүрдүүлж, нөхцөл байдлыг шалгахаар болсон байна. Уттараханд мужийн Эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал эрхэлсэн сайд Рекха Ариагийн хэлснээр Ажлын хэсэг эдгээр тосгонд хүчээр үр зулбуулах явдал бий эсэхийг шалгах гэнэ.

Хүйсээр ялгаварлан гадуурхах, охин ургийг устгуулах явдал Энэтхэг улсад томоохон асуудал болоод байна гэж Хүүхдийг хамгаалах сангийн төлөөлөгч Прабхат Кумар онцолсон байна. Хэдийгээр тус улс охин ураг устгахыг 1994 онд хуулиар хориглосон ч амьдрал дээр энэ үзэгдэл хэвээр байна. Британийн “The Lancet” сэтгүүлээс 2011 онд хийсэн судалгаанаас үзвэл сүүлийн 30 жилд тус улсад 12 сая эмэгтэй ургийг устгасан тохиолдол бүртгэгджээ. 2011 онд Энэтхэг улсад болсон хүн амын толлогын дүнгээс харахад Энэтхэгт мянган эрэгтэй тутамд 943 эмэгтэй ногдож байв.

Энэтхэгийн хүм амын сангийн төлөөлөгч Алок Важпайи нийгмийн болон соёлын хэм хэмжээ үүсээд буй нөхцөл байдалтай шууд холбоотой гэж тайлбарлажээ.

Энэтхэгт эцгийн эрхт ёс ноёрхдог учир эрэгтэй хүүхэд нас биед хүрч, гэр бүлээ тэжээж, овгийн нэрийг залгамжилдаг тул тэднийг өв хөрөнгө гэж үздэг байна. Хиндү шашин ёсоор эцэг, эхийг оршуулах үйлийг зөвхөн эрчүүд гүйцэтгэдэг аж. Харин эмэгтэй хүүхдийг нас биед хүрч, нөхөрт гарахад нь хүргэний талд их хэмжээний инж өгөх ёстой тул өр төлбөр хэмээн үздэг байна.

2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди охин хүүхдэд хандах хандлагыг өөрчлөх, хүйсийн харьцааг тэнцвэржүүлэх зорилгоор “Охидыг хамгаалъя, охидод боловсрол олгоё” хөтөлбөр эхлүүлжээ. Энэ оны эхээр тус улсын хэвлэлээр хөтөлбөрийн төсвийн тэн хагасыг сурталчилгаанд зориулсан бол дөнгөж 25 хүрэхгүй хувийг мужуудад хуваарилсан гэж шүүмжилж байв.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top