NBA-гийн “Бостон” багийн төвийн тоглогч, Туркийн Энес Кантер АНУ-ын сенатор Эд Марки, Рон Уайден нартай уулзаж, тусламж хүсжээ.
Энес Картер одоо АНУ-д улс төрийн цагаач гэсэн статустай байгаа бөгөөд тус улсаас гарч явах эрхгүй. Тэрээр багаасаа Туркийн зохиолч Фетхуллах Гюлений үүсгэн байгуулсан “Хизмет” хөдөлгөөнийг дэмждэг байжээ. 2016 оны долоодугаар сард Туркт болсон төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын дараа тус хөдөлгөөнийг хууль бус гэж зарласан. Энесийн эцэг Мехмет Кантер хүүгээсээ татгалзаж байгаагаа мэдэгдэж, нэрээ солихыг шаардан, Ерөнхийлөгч Эрдоганаас уучлалт гуйсан юм. Энес ч хариу захидал бичиж, гэр бүлээсээ татгалзаж байгаагаа мэдэгдэж байв. 2018 оны зургаадугаар сард аав нь 15 жилийн ял аваад шоронд орсон. Харин Туркийн Засгийн газар 2017 оны тавдугаар сард Энесийн турк паспортыг хүчингүй болгон, алан хядагч бүлэглэлийн гишүүн хэмээн баривчлахаар эрэн сурвалжилж эхэлсэн юм. Энес есдүгээр сард нь өөрийгөө иргэншилгүй хүн гэж зарлаж байлаа. Нэгэнт паспортгүй тул тэр гадаад оронд аялж чадахгүй.
Сенатор Эд Марки “Бид түүнд тусална. Энес гадаад улс орнуудаар явж, “Селтикс” багийн ажлаа гүйцэтгэх эрхтэй. Түүний дарангуйлагч дэглэмийг эсэргүүцсэн эр зоригоор бид бахархаж байна” гэж твиттер хуудсандаа жиргэжээ.
Сэтгэгдэл ( 0 )