Таймазовын алтыг Гасемид өгч, Ж.Чулуунбат V байрт дэвшжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 28

“Лондон 2012” олимпын наадмын чөлөөт бөхийн 120 кг-ын жингийн аварга Артур Таймазовын сорьцод хийсэн дахин шинжилгээгээр туринабол хэмээх сэргээш илэрсэн билээ. ОУОХ-ноос түүний алтан медалийг хураан авах шийдвэр гаргасан. Лондоны олимпын тус жингийн мөнгөн медальт Гүржийн Давит Модзманашвили мөн сэргээшээр медалиа хураалгасан. Харин хүрэл медалийг Оросын Билял Махов, Ираны Комейл Гасеми нар хүртэж, манай бөх Жаргалсайханы Чулуунбат шагналт долоодугаар байрт шалгарсан юм. Ж.Чулуунбат хүрэл медаль хүртсэн Оросын Маховт ялагдаж байлаа.

Алт, мөнгөн медальт хоёр бөх нь сэргээшээр медалиа хураалгасан энэ жингийн медалийг дахин яаж хуваарилах нь олны анхаарлын төвд байсан.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Узбеистаны Артур Таймазовийн олимпын алтан медалийг Ираны Комейл Гасемид олгох шийдвэр гаргажээ. 120 кг-ын жинд хүрэл медалийг Оросын Билял Махов, Ираны Комейл Гасеми нар хүртсэн ч иран бөх Артур Таймазовт ялагдсан тул ийнхүү олимпын аварга боллоо.

Комейл Гасеми Ираны долоо дахь олимпын аварга бөх болж байгаа нь энэ юм. Гүржийн  Давит Модзманашвилид ялагдсан  дагестан бөх Билял Махов мөнгөн медаль авч, Лондонд шагналт тавдугаар байр эзэлсэн Америкийн Тервел Длагнев, Казахстаны Даулет Шабанбай хоёр хүрэл медалийн эзэд боллоо. Харин манай бөх Жаргалсайханы Чулуунбат хоёр байр ахиж, шагналт тавдугаар байр эзэлсэн амжилттай болжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дар бды(64.119.19.60) 2019 оны 07 сарын 30

Энэ Махов Гүржийг ялсан бол манай хүн бараг хүрэл рүү орох байж дээ

1  |  0
Top