Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах төвийн үйл ажиллагаатай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцлаа. “1111 төв” гэдгээр нь иргэд сайн мэддэг тус төвийн бүтэц, орон тоо хумигдсанаас болоод үйл ажиллагаа нь ч өмнөхөөсөө саармагжсан байна. Наад зах нь урьд нь 6 оператор ажиллаж иргэдээс ирүүлсэн санал, гомдлыг утсаар, мессежеер, онлайнаар гэх зэргээр 10 гаруй сувгаар хүлээж авч, хариу өгдөг байсан бол одоо ердөө 2 гэрээт оператор ажиллаж байгаа аж. Энэ хэрээр иргэд тус төв рүү хандах нь ч багассан байна. Олон жилийн өмнө баригдсан, орон сууцны зориулалттай, хуучирч муудсан байранд түрээсээр үйл ажиллагаа явуулдаг, дээрээс нь төсөв, хөрөнгө хангалтгүйгээс 2016 оноос хойш засвар, үйлчилгээ хийгээгүй гэдгийг тус төвийн ажилтнууд танилцуулсан юм.
“Төрийн албаны бүх шатны байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээ, ажилтнуудын харилцаатай холбоотой гомдол, санал маш их байдаг ч иргэд хэнд хандахаа мэдэхгүй байна. Хэн нэгэн дээд шатны даргад нь хандаад ч тухайн гомдол, саналд нь эргэж хариу өгдөггүй. Тэгсгээд замхардаг. Өөрөөр хэлбэл иргэдээ сонсдог хүн өнөөдөр төрд алга болсон байна. Тийм учраас иргэд өөрсдийг нь сонсохгүй байгаад маш их бухимдаж байна. Нөгөө талдаа төрийн албан хаагчид өөрсдөд нь тавих хяналт энэ мэтчилэн суларч байгаа учраас албан тушаалаа урвуулан ашиглаж шалтгаангүйгээр зориуд иргэдийг чирэгдүүлэх, үүгээрээ дамжуулж авлига нэхэх, хүнд суртал гаргах байдал гарч байгаа. Энэ бол нууц биш. Төрийн ордон нь төмөр хашаатай, гадаа нь байгаа энэ төв ийм унтаа, үлбэгэр байж болохгүй. Энэ төвийг иргэдэд ойртуулах ажлыг яаралтай хиймээр байна. Анх байгуулагдахдаа иргэд хамгийн их ханддаг байсан шиг ажиллуулах хэрэгтэй. Тэр, энэ Ерөнхий сайдын үед энэ төв сайн, муу ажиллаж байсан гэдэг дүгнэлт одоо хэрэггүй. Монгол Улсын төр, засаг нэг л байх ёстой. Сайн жишгийг үргэлжлүүлээд явах ёстой. Энэ төвд иргэн, төр хоёрын “амьд” харилцаа үүсэх ёстой. Иргэд чөлөөтэй орж ирээд төрдөө зовлон, жаргалаа ярьж яагаад болохгүй гэж. Иргэдээс ирүүлсэн гомдол, саналыг заавал холбогдох албан тушаалтнуудад нь хүргэ, ирсэн хариуг нь тухайн иргэнд заавал эргэж мэдэгдэх хэрэгтэй. Ингэвэл төрийн албаны үйл ажиллагаа ч ил тод болно. Билэгдлийн чанартай ажиллаж болохгүй. Тэгэхээр үйл ажиллагаагаа сайжруулах бүтэц, орон тоогоо нэмэх, техник, технологио сайжруулах саналаа боловсруулаад 7 хоногийн дотор танилцуулаарай. Тэгээд ойрын үед энэ төвийг шинэчлэх шаардлагатай байна.” хэмээн Л.Оюун-Эрдэнэ сайд үүрэг болгов.
Сэтгэгдэл ( 3 )
Маш зөв шийдвэр гаргажээ. Өнөөдөр төрийн албаныхан. Олширсон гэх боловч хаана хэнд хандах нь тодорхойгүй болсон. Захидал,өргөдөлд хариу өгнө гэж байхгүй. Жишээ нь хогоо хээр аваачиж асгаж байгааг гэхэд л хэлэх газар байхгүй.
Bolj dee
bolj baishtee