“Формула 1” уралдааны долоон удаагийн аварга, домогт нисгэгч Михайль Шумахерын хүү Мик Шумахер өнгөрсөн амралтын өдөр “Формула 2” ангиллын уралдааны Унгарын гран прид түрүүлж мэргэжлийн уралдааны анхны түрүүгээ хүртлээ. Тэрээр тус уралдааны байрлал тогтоох уралдаанд наймдугаар байр эзэлсэн ч үндсэн гарааны үеэр алдаа гаргалгүй байсаар ийнхүү анхны түрүүгээ хүртсэн байна.
“Энэ бол миний амьдралын маш чухал үйл явдал. Гэр бүлийнхнийхээ өмнө энэ ялалтаа байгуулсандаа итгэж ч чадахгүй байна. Аав минь хүүгээ түрүүлснийг сонсоод баярласан байх” гэж Мик Шумахер уралдааны дараа ярьжээ.
Түүний араас хоёрдугаар байрт Японы нисгэгч Мацүшита Нобүхарү 1.4 секундийн алдагдалтайгаар орсон байна. Ихэнх судлаачид байрлал тогтоох гараанд гарамгай байсан Нобүхарүг түрүүлнэ гэж тооцоолж байсан юм. Мик Шумахер өнгөрсөн жил хагас мэргэжлийн гэх тодотголтой “Формула 3” ангиллын уралдаанд нийт гарааны туршид цуглуулсан оноогоороо түрүүлж аваргын болзол хангаж байжээ. Одоогийн байдлаар “Формула 2” уралдааныг найман гарааны дараах байдлаар Мик Шумахер 45 оноогоор 11 дүгээр байрт бичигдэж байна.
Сэтгэгдэл ( 0 )