Формула 1-ийн домогт нисэгч, Дэлхийн 7 удаагийн аварга Михаэль Шумахер өнгөрсөн сарын сүүлчээр өвөө болсон талаар түүний охин Жина сошиал хаягтаа зарлалаа.
“Милли минь орчлонд тавтай морил. Гуравдугаар сарын 29-нд бидний сэтгэл зүрхийг урьд байгаагүйгээр дүүргэн чи минь ирлээ” хэмээн Жина тайлбар бичээд хүүхдийнхээ бяцхан гарыг алган дээрээ тавьсан хар-цагаан зураг нийтэлжээ.
Жина морь унаач бүсгүй. Одоо 28 настай Жина 2017 оноос нөхөр Иан Беткэтэйгээ сайн үүлдрийн морь сонирхдог хоббигоороо танилцан хамтран ажиллаж, хожмоо амрагийн харилцаатай болсон байна. 27 сая паундаар худалдан авсан Испанийн Мальорка дахь эдлэнд болсон тэдний хуримд авга ах Ральф Шумахер ч очжээ. Харин Михаэль Шумахерийг зарим хэвлэлүүд хуримд оролцсон гэсэн бол зарим нь үгүйсгэсэн байна.
Шумахер Францын Греноблийн цаст уулнаас уулын цанаар буух гэж байгаад гавлын ясаа гэмтээснээс хойш 11 жил өнгөрлөө. Эхний жилүүдэд ухаангүй байсан бол сүүлийн жилүүдэд бие нь харьцангуй сайжирсан гэсэн мэдээ бий. Гэхдээ ярьж, явж чадахгүй байгаа гэдэг.
Германы RTL телевизийн сэтгүүлч Феликс Хорнер мэдээндээ “Их гунигтай нөхцөл байдалтай хэвээр. Байнгын асаргаанд байх шаардлагатай. Ер нь асрагчаас л шууд шалтгаалах болсон. Хэлье гэснээ гаргаж хэлж чадахгүй хэцүү байгаа. Одоогоор Михаэль Шумахертай шууд харилцдаг 20 орчим л хүн бий. Гэхдээ гэр бүлийнхнийх нь энэ бодлого их зөв. Михаэлийн төлөө л хийж буй зүйл шүү дээ. Тэд үргэлж биеийн байдлынх нь талаарх мэдээллийг чандлан нууцалж, задруулахгүй байсаар ирсэн” гэж дурджээ.
Михаэль Шумахер одоо 56 настай. 1994, 1995, 2000, 2001, 2002, 2003 болон 2004 оны Дэлхийн аварга. Нисэгчийн замналдаа 155 гараанд түрүүлж, 71 удаа хамгийн хурдан тойрог тэмдэглүүлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )