ӨНӨӨДӨР: "Тост, Тосон бумба" хэлэлцүүлэг, тайван ЖАГСААЛТАЙ

2019 оны 08 сарын 09

Төрийн ордонд өнөөдөр “Тост, тосон бумба” үндэсний хэлэлцүүлэг өрнөж, Сүхбаатарын талбайд тайван жагсана

Тост, тосон бумбыг хамгаалах олон жилийн тэмцэл хүрээгээ тэлж, өнгөрөгч сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо “Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан бол Төрийн ордноо хэлэлцүүлгийг өрнүүлэх болсноо дуулгасан юм. Тэд өчигдөр 12.00 цагт “Тост тосон бумба” үндэсний хэлэлцүүлгийн Ажлын хэсгийнхэн, “Уугуул иргэд” ТББ, “Байгаль хамгаалах говийн иргэдийн сан” ТББ, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-аас иргэд олон нийттэй цахимаар холбогдож мэдээлэл өгсөн. Энэ үеэр “Тост, тосон бумба” үндэсний хэлэлцүүлгийг дэмжиж байгаа ТББ-ууд болон иргэд олон нийт хандаж, Төрийн ордонд болох үндэсний хэлэлцүүлэг, тайван жагсаалд хамтран оролцох саналтай байгаагаа дуулгасан юм. Тиймээс Ажлын хэсгийнхэн болон хамтран оролцох иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй хамтан өчигдөр орой 19.00 цагт Хэвлэлийн бага хурал зохион байгуулсан юм.

Ийнхүү арваад жилийн өмнөөс эхлүүлсэн тэмцэлийн гал өмнийн говьд болсон хэлэлцүүлгээр өрнөж, дараагийн шат нь Төрийн ордонд болох талаар мэдээлсэн. Мөнхүү ирвэс хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэл агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг дахин шалгаж, захиалагч болон гүйцэтгэгчийг үнэн зөвөөр тогтоон, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг шаардаж байгаагаа энэ үеэр мэдэгдлээ. Үүгээр ч зогсохгүй өнөөдөр Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийхээ ч мэдэгдсэн юм. Оройн 19.00 цагийн Хэвлэлийн бага хуралд “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын Тэргүүн Х.Мандахбаяр, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ын Тэргүүн Д.Энхбат, Гурвантэс сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Дэжид, “Босоо Хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг нар болон иргэний нийгмийн байгууллагын бусад төлөөлөл оролцсон юм. Тус тайван жагсаалд оролцогчид ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн амь насыг бүрэлгэсэн хэргийг дахин шалгаж, захиалагч,  гүйцэтгэгчийг үнэн зөвөөр тогтоон, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг шаардахын сацуу Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон бумбын бүс нутгийг хамгаалах асуудлаар уриалга гаргахаа дахин дурдсан. Энэ удаагийн хэлэлцүүлэгт 40 орчим олон нийт, иргэний нийгэм, Төрийн бус байгууллагын төлөөлөл оролцох аж. Орон нутгаас 60 гаруй иргэн оролцож байгаа бөгөөд Гурвантэс сумаас 40, Өмнөговь аймгийн төвөөс 20 орчим иргэн, мөн Өмнөговь аймгийн холбогдох албан тушаалтнууд ирж байгааг энэ үеэр дуулгасан. Ингээд “Тост, тосон бумба” хэлэлцүүлэг, Сүхбаатарын талбайд болох тайван жагсаалын талаар тэдний байр суурийг сонирхсон юм.

Жагсаал өнөөдөр буюу наймдугаар сарын 8-ны 10:00 цагаас Сүхбаатарын талбайд эхэлж, 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. /Хэлэлцүүлгийн хөтөлбөрийг ЭНД дарж уншина уу/



ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРЛЫГ ВИДЕОГООР ҮЗЭХ
 

 

“БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ГОВИЙН ИРГЭДИЙН САНААЧИЛГА” ТББ-ЫН ТЭРГҮҮН Х.МАНДАХБАЯР:
ИРГЭН БҮР СЭТГЭЛИЙН ДЭМЖЛЭГ ӨГЧ БАЙЖ ЭХ ОРОН, ГАЗАР ШОРООНЫ ТӨЛӨӨ ТЭМЦЭХ САЙН ЖИШИГ ТОГТОХ БОЛНО

-Тост, Тосон бумбын нурууг хамгаалах ажил өнөөдөр эхэлж байгаа юм биш, энэ тэмцэлд олон хүмүүс сэтгэлийн дуудлагаараа оролцож байгаа. Арван жилийн турш нутгийн иргэд тэмцэж байгаа ч хуулийн хулгайч нарын хана мөргөж байна. Т.Лхагвасүмбэрэл агсан энэ үйл хэргийг анх эхлүүлж байсан. Түүний нас барсан шалтгааныг маш эвгүй нөхцөл байдлаар тайлбарладаг. Зүгээр нэг биологич залуу ууланд тэнэж байгаа нас барчихсан юм биш. Хуульчид ч олон талын сэжиг дэвшүүлдэг. Одоо ч тэр гүтгэлэг байсаар байна. Түүнийг хоёр удаа хороосон гэж би боддог. Эхлээд алтан амийг нь хороосон бол дараа нь итгэл үнэмшил, нэр төрийг нь гутааж, хоёр дахиа хороосон. Хүний амь насыг зохион байгуулалттайгаар хороосон гэж үзэж байгаа учраас энэ хэргийг дахин шалгах ёстой гэдэгт иргэний нийгмийн байгууллагууд санал нийлсэн. ҮАБЗ-ийн гурван гишүүн, Хуульзүйн сайд Ц.Нямдорж энэ асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй. Иргэн бүр энэ асуудалд сэтгэлийн дэмжлэг өгч байж эх орон, газар шорооны төлөө тэмцэх сайн жишиг тогтох болно оо. Хүн бүхэн үүнд сэтгэлийнхээ дуудлагаар нэгдэх нь чухал юм. Асуудал бол эзэнтэй байх ёстой. Мэргэжлийн хяналтын байгууллага дүлий мэт байгаа. Мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч дуугарахгүй байна. “Сауд гоби коал транс” компанид 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр төлөвлөгөөт шалгалт явуулахад 31 төрлийн хууль тогтоомж зөрчсөн болох нь илэрсэн. Энэ бол уурхайг хаах бүрэн үндэслэл. Гэтэл хаахгүй өнөөдрийг хүртэл ажиллуулсаар байна. Төрийн хуулийг давж гишгэх боломжийг Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар олгож байна. Ийм тохиолдолд тэднийг асуудалд ашиг сонирхолтой байдлаар хандаж байна гэж үзэх бүрэн үндэслэл байна. Бид аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргыг хоёр удаагийн хэлэлцүүлэгт урьсан боловч ирээгүй. Гэтэл сошиал орчинд болохоор тэд гоё ганган мэдэгдэл хийдэг. Хэрэв энэ удаагийн хэлэлцүүлэгт Аймгийн Мэргэжлийн хяналтын төлөөлөл ирэхгүй бол энэ асуудалд ашиг сонирхлын зөрчлөөр хандаж байгаа гэж итгэхээс өөр арга үлдсэнгүй. Ашиг сонирхлын зөрчилгүй л юм бол тэд энэ уурхайн лицензийг цуцлах ёстой. Шударга ёсыг тогтоох хэрэгтэй байна. Хууль зөрчсөн нь үнэн л бол уурхайн ажиллагааг зогсоож, шаардлагаа хүргүүлж, шалгалт явуулах ёстой байсан. Гэтэл одоо тэд зөрчил гомдлоо 67.6 хувьтай байна гэсэн тайлбар хийж байгаа. Тийм учраас ажиллаж болно гэж үзээд байгаа юм уу, би ойлгохгүй байгаа. Үлдсэн 34 хувь буюу 10 зөрчил нь юу юм бэ гэдгийг олон нийтэд ил болох ёстой. АТГ-аас саяхан авлига авсан Мэргэжлийн хяналтын байцаагчдыг баримттай нь зарласан. Тост, Тосон бумбын асуудалд мөн ийм байдал байгаа юм биш биз. Үүнд иргэд хяналтаа тавих ёстой. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, МХЕГ-ын дарга хэлэлцүүлэгт оролцож, тайлбар өгөхийг бид хүлээж байгаа. Урьсан байгаа. Оройтсон гэлтгүй ирж, бидний үзэл бодол, тэмцлийг мэдээлж буй сэтгүүлчдэдээ баярлалаа. Хэрэв та бүхэн энэ асуудалд нэгдэхийг хүсэж буй бол хүрэлцэн ирж, хэлэлцүүлгийг нээлттэй сурвалжлаарай. Олон нийт үнэний талд байгааг бид ойлгож байгаа. Үүгээр ч бид бахархаж байна. Үнэхээр үнэн мөний талд байгаа бол утасныхаа цаанаас гараад, бидний тэмцэлд нэгдээч гэж хэлмээр байна. Энэ асуудлын ард асар их хуйвалдаан байгаа шүү. Төрийн зүгээс зарим нэг зүйлд тайлбар өгөх байх. Гэхдээ шударга бусын хажуугаар дуугүй өнгөрч болохгүй. Хууль зөрчсөн үйлдлийг хаацайлахгүйгээр ирж, үнэн мөнийг нь хүргээч гэж л хүсэх байна. Т.Лхагвасүмбэрэл агсан бол бол цоохор ирвэсийн гол тэжээл болох янгир ямааг судалж байсан хүн. Магистрын энэ ажил нь олон улсад үнэлэгдэж байсан. Энэ хүн Тост, Тосон бумыг хамгаалахын төлөө төрийн байгууллагад олон янзын хүсэлт илгээж,, хамтран ажиллахыг хүсэж байсан. Түүний өмгөөлөгч н.Баасандорж амиа хорлоогүйг батлах олон баримт байгааг олон нийтэд мэдэгдэж байсан. Тиймээс зөвхөн маргаашийн хэлэлцүүлгээр энэ тэмцэл дуусахгүй. Хэлэлцүүлгээс улбаалаад салбар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хуулийн талаас, биологийн талаас, иргэний нийгмийн талаас нь ярилцана. Тост, Тосон бумбыг хамгаалахын төлөөх тэмцэл бол зөвхөн нэг компанийг хаах, Б.Чойжилсүрэнгийн бизнесийг хаахын төлөөх ч тэмцэл биш. Шударга ёс, сахилга бат бий гэдгийг мэдрүүлэх тэмцэл юм. Монголын төрд шударга хүн бий. Харин шударга бус хүмүүс нь аалзны тор шиг хэрчихсэн болохоор шударга ажилчид харагдахгүй байгаа юм. Тиймээс шударга ёсны төлөө зүрх нь цохилдог хүн бүрийг энэ тэмцэлд оролцооч гэж хүсэж байна. Энэ удаагийн хэлэлцүүлэг Төрийн ордонд болно, гаднах жагсаал харилцан уялдаатай байх болно. Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хэн нэгнийг дэмжээч ээ гэж уриалж байгаа юм биш шүү. Байгаа нөхцөл байдлыг л ард түмэнд нээлттэй хүргээч л гэж хүсэж байгаа юм.


“ЭРС ШИНЭЧЛЭЛ ХӨДӨЛГӨӨН” ТББ-ЫН ТЭРГҮҮН Д.ЭНХБАТ:
ТАЛИЙГААЧ Т.ЛХАГВАСҮМБЭРЭЛИЙН ҮЙЛ ХЭРЭГ, ХҮСЭЖ, ТЭМЦЭЖ ЯВСАН ҮЙЛСИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЁСТОЙ

-Тост, тосон бумбын нуруу улсын тусгай хамгаалалтад зайлшгүй байх ёстой гэдгийг орон нутгийн удирдлагууд, судлаачид, иргэд , ирвэс хамгаалах сан, олон улсын байгууллагууд нэгэн дуугаар хэлдэг. БОАЖ-ын яамыг БОНХЯ байхад энэ яамнаас гаргасан судлаачдын дүгнэлт дээр тулгуурлаж гаргасан 895.500 га газрыг хамгаалалтад авах ёстой гэсэн дүгнэлт байдаг. УИХ 2016 онд яг энэ хэмжээгээр нь баталсан байдаг ч Ж.Эрдэнэбатын Засгийн газрын голлох яам болох Сангийн яамны сайд Ж.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий газарт 153.000 га газрыг хасаж, УИХ-н тогтоолыг зөрчсөн байдаг. Ингэж улсын тусгай хамгаалалттай газраас хулгайлах замаар албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Иргэд болон нутгийн өөрөө удирдах байгууллага, аймаг, сумын хурал үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй. Үүнээс хойш олон удаагийн шүүх хурал болсон. Энэ ямар учиртай вэ гэвэл байгаль хамгаалагч, геологич Т.Лхагвасүмбэрэл гэдэг залуу Тост, тосон бумбын нурууг хамгаалах хурал, уулзалт, семинар зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ бүр дээр өөрийн санал бодлыг илэрхийлж байсан. Ингэж илэрхийлснийхээ төлөө амиа алдсан ч байж магадгүй. Түүнийг амиа алдсанаас хойш энэ асуудал төр засгийн төвшинд хүрч, тус газар тусгай хамгаалалтад орсон. Бид Засгийн газрын 2017 оны тогтоолоор тусгай хамгаалалттай газар нутгаас 153.000 га газар хасагдуулсныг л эсэргүүцээд байгаа юм. Энэхүү газрын экосистемийг яг байсан чигээр нь л авч үлдэх хэрэгтэй. Засгийн газрын хууль зөрчсөн шийдвэрийг бид эсэргүүцэж байгаа. Талийгаачийн үйл хэргийг үргэлжлүүлж, гэгээн дурсгалыг нь хүндэтгэх хэрэгтэй. Байгаль орчноо хайрладаг үзэл санааг бид цаашид ч үргэлжлүүлэх болно. Үүний тулд л бид ажиллаж байна. Энэ асуудлаар өмнө нь Засгийн газарт олон шаардлага очиж байсан. Засгийн газар харамсалтай нь өнөөг хүртэл арга хэмжээ аваагүй байна. Энэ удаа бид ҮАБЗ-д хандаж шаардлага хүргүүлнэ. Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн үйл хэрэг, хүсэж, тэмцэж явсан үйлсийг хэрэгжүүлэх ёстой. Шаардлагадаа бид хууль бусаар үйл ажиллагаа явуулж, ой шугуй, буйлсын ой, тооройн төгөл, олон баянбүрдүүд, булаг шандыг устгаж сөнөөхөөр ажиллаж байгаа компанийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, лицензийг цуцлах асуудлыг хөндөх болно. Мөн цаг бусаар, сэжигтэй байдлаар нас барсан гэмт хэргийг нэг мөр шалгаж, үнэн мөнийг нь тогтоож, буруутай этгээдийг олж, хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардах болно. Үүнтэй холбоотой хэлэлцүүлгийг бид Төрийн ордонд зохион байгуулна. Сүхбаатарын талбайд иргэдтэйгээ уулзана. Бид бүхний санаачилсан энэхүү үйл хэрэгт оролцох уриалгыг хүргэхийн тулд энэхүү хэвлэлийн бага хурлыг хийж байна. Ард иргэд маань эх оронч байх хэрэгтэй, үндэсний үзэлтэй байх хэрэгтэй, нийтийн эрх ашгийг хамгаалан бэхжүүлэх энэ үйл хэрэгт бүгдээрээ оролцох хэрэгтэй. Ардчилсан нийгэмд олон нийтийн хяналт, олон нийтийн эрх ашгийн төлөө дуугардаг дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээллийн байгууллагууд маань шударгын тэмцлийн мэдээллийг хэр зэрэг шударга, шуурхай, хурдан хүргэж байна вэ гэдгээс мэдээллийн ил тод, чанартай байдал харагддаг. Тост тосон бумбын асуудал Х.Мандахбаярын хэлдгээр зөвхөн Гурвантэсийн асуудал биш ээ. Монгол оронд уул уурхайн салбар хөгжөөд 25 жил болж байна. Уул уурхай хөгжих ёстой. Гэхдээ хариуцлагатай, хуулийн зөрчилгүйгээр үйл ажиллагаагаа явуулах ёстой. Үүнийг л бид тавьж байгаа. Өнөөдөр нутаг орноо ухуулж, хууль бус уурхайн бэл бэнчинд дарагдаж байгаа олон нутаг, олон иргэд бий шүү. Тэдний маань хүч хүрэхгүй байна. Иргэдийн үг, тэмцэл үнэгүйдэж байна. Юу үнэн, энэ үнэн. Ардчиллаас хойш бид амиа хичээсээр байгаад ямар байдалд хүрсэн байгаа билээ. Тиймээс сэтгэлгээндээ өөрчлөлт оруулж, нийтийн эрх ашгийг хамгаалахын төлөө тэмцэж явсан эх оронч залуугийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, цаг бусаар нас барсан хэргийн үнэн мөнийг тогтооход дуу хоолойгоо өргөхийг нийт ард иргэдээсээ хүсэж байна.

ГУРВАНТЭС СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Б.ДЭЖИД:
БИД ХҮНИЙ АМИНЫ ҮНЭЭР НУТАГ УСАА АВЧ ҮЛДСЭН Ч ОДОО ЭРЭМДЭГ ЗЭРЭМДЭГ БОЛЧИХООД БАЙНА

-Бид Тост, тосон бумбын нурууг бүхлээр нь хамгаалалтад аваач ээ гэж тэмцээд байгаа юм. Түүнээс биш хэн нэгэн улстөрчийн нэр төрд халдах гээд байгаа юм биш. Хэн нэгний уурхайг хурааж авах гээд байгаа юм биш. Тост, тосон бумбын нурууг дэлхий өөрөө хамгаалтад авахыг шаардаж байна. Үүний нэг илрэл нь 2019 оны гуравдугаар сард “Ирвэс хамгаалах сан”-гийн захирал н.Баяржаргалыг “Алтан хүн” шагналаар шагнасан. Дэлхийн шилдэг байгаль хамгаалагч гэдэг шагнал юм. Тиймээс талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн үйл хэргийг найз нөхөд хамт олон нь үргэлжлүүлээд явж байна. Талийгаачтай бид хамтарч ажилладаг байсан. ТББ-ынхантай танилцаад, хамт ажиллаж байхад Тостын ууланд бидний кэмп байрладаг байсан юм. Тэдний ажилтай танилцаж байх үед зөвхөн ирвэс хамгаалах гэж байна гэсэн хүмүүс ташаа ойлгох нь их байсан. Үнэн хэрэгтээ ирвэсийг хамгаалснаар цаана нь маш олон төрлийн амьтан, ургамал, уул, ус, малчдын эрх ашгийг хамгаалж байгаа том үйл хэрэг байсан юм. Т.Лхагвасүмбэрэл агсан кемпээсээ мотоциклио унаад л гардаг байсан. Бүх уул, салаа, жалга, тэнд байгаа ургамал нэг бүрийг маш сайн мэддэг. Тэр жил цасгүй, их хар жил болсон юм. Тэгтэл уулын амьтдын тоо толгой буурч эхэлсэн. Бид 80 тонн мөс болон өвс ууланд аваачиж тавьж байлаа. Үүнийг нь аргаль, янгир иднэ. Харин тэднийг ирвэс иддэг. Энэ үед талийгаач Т.Лхагвасүмбэрэлийг үнэхээр хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг хүн юм байна гэдгийг харж, бахархдаг байлаа. Тостын нуруутай холбоотой бүх үндсэн судалгааг гардаж хийсэн хүн бол талийгаач. Үүн дээр нь үндэслэн Тостыг тусгай хамгаалалтад авах нь зөв гэх дүгнэлтийг эрдэмтэн, судлаачид гаргаж байсан юм. Тостыг тусгай хамгаалалтад авахуулахаар бид арваад жил хөөцөлдөж байна. Үүнд маш олон хүний хүч хөдөлмөр орсныг заавал дурьдах хэрэгтэй. Хамгийн сүүлд Тост, тосон бумбыг улсын тусгай хамгаалалттай газраар бүртгэх шийдвэр гарах үед талийгаач амь насаа алдсан. Бид хүний амины үнээр нутаг усаа авч үлдсэн юм шүү. Гэвч хүний амиар сольж авсан энэ газар маань одоо эрэмдэг, зэрэмдэг, сэтгэл өвдмөөр болчихоод байна. “Сауд Гоби Коал Транс” компанийн лицензийг олгох ёсгүй байсан. Анхнаасаа бүх зүйл хууль бус байсан ч эрх мэдэлтэй хүмүүс ямар ч хуулийг хууль биш болгож, уландаа гишгэдэг юм байна. Бид Тостын нуруугаа өөрсдийнхөө чадлаар хамгаалалтдаа авсан боловч энэ компанид нэг хэсгийг нь алдаад үлдсэн. Тэд тусгай хамгаалалттай хэсгээс тасалж аваад үлдсэн. Бусад уурхай руу дайраач гэж хүмүүс хэлдэг. Гэвч энэ бүхэн Тост, тосон бумбын бүх ай савыг хамгаалж байж л үр дүнд хүрэх болохоор аль нэг хэсгийг нь ухуулаад байж болохгүй. Ухчих юм бол тусгай хамгаалалт гэдэг нэр цаасан дээр л үлдэхээс биш газар дээр үлдэхгүй. Ийм л учраас бид гэр бүл, нэр хүнд, бүх зүйлээ золиослон Тостын нурууныхаа төлөө тэмцэж байгаа юм. Бидний тэмцэл, төр засагтаа хандсан үйл хэрэг маргааш /2019.08.09/ Сүхбаатарын талбайд үргэлжилнэ. Монгол Улсын төрийн өндөрлөг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, байгалиа хамгаалах ёстой төрийн яамдад хандан үзэл бодлоо илэрхийлэх, санаагаа хүргэх жагсаалд нэгдэж, Тосон бумбыг хамгаалахын төлөө гарын үсгээ зурж, үзэл бодлоо илэрхийлээрэй гэж иргэд та бүхнээс хүсэж байна. Надад эрх мэдэл, тамга байхгүй. Би нутаг орноо хамгаалахын төлөө л явдаг. Тост, Тосон бумбын нуруу хүнээр жишвэл хөгжлийн бэрхшээлтэй болчихоод байна. Тиймээс Засгийн газар үүнд анхаарал хандуулаасай гэж хүсэж байна. Тост, Тосон бумбыг бүхэлд нь хамгаалж авч үлдэх хэрэгтэй. “Сауд гоби коал транс” компани хуулийн дагуу ажиллаж байгаа бол би юм ярихгүй. “Сауд гоби коал транс” компанийн хууль бус үйлдлүүд хайгуулын лицензээс эхлээд яригддаг. Анх “Айвенхоy майнз” компани лиценз аваад “Саусгоби сэндс” гээд охин компани байгуулаад Гурвантэс суманд байх бүх лицензээ өгсөн. Тэднийд энэ лиценз байж байгаад хугацаа нь дуусаад хоёр жил болсны дараа Ашигт малтмалын газарт хоёр сая төгрөг төлж байгаад лицензийнхээ хугацааг сунгуулаад дараа нь “Сауд гоби коэл транс” компанид зарсан байдаг. Энэ нь мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр нотлогддог. Энэ бүх зүйл бол баримтад тулгуурласан мэдээлэл. Ямар нэг зүйлийг нотлох баримтгүйгээр ярьж болохгүй. Тэдний лицензийн хугацаа дуусаад хоёр жил болж байхад нь Ашигт малтмалын газраас “Ямар нэгэн илүү үйлчилгээ авахын тулд тодорхой хэмжээний төлбөр төлөөд авч болно” гэсэн журам гаргасан. Ийм журам гарангуут хугацаа нь дууссан лиценз дээрээ ашиглаад хоёр сая төгрөг төлөөд авчихсан байдаг. Тэгэхээр энэ лицензийн хугацаа аль хоёр жилийн өмнө дууссан байсан учраас энэ журамд хамаагүй. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Миний хувьд 2012 онд Гурвантэс сумын ИТХ-ын даргаар сонгогдоод энэ асуудалд идэвхтэй анхаарал хандуулж эхэлсэн хүн. Өнөөдрийн энэ хэлэлцүүлэгээс томоохон үр дүн хүлээж байна.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tuguldur(45.65.227.43) 2019 оны 08 сарын 09

ih yum boldog boljee unen hudaln medegdehgui heden nuhur songuuliin pr aa ingj hiih gj

0  |  0
Tuguldur(45.65.227.43) 2019 оны 08 сарын 09

ih yum boldog boljee unen hudaln medegdehgui heden nuhur songuuliin pr aa ingj hiih gj

0  |  0
Orlogo(193.176.84.224) 2019 оны 08 сарын 09

odoo tgd gemgui bsn humuusiig hoorondn boon taltsal bolgon tgd daraan uursduu yuch bolooguimshig alga boln novshnuud

0  |  0
Alice(103.10.197.131) 2019 оны 08 сарын 09

Mongol ulsad zohion bguulalttaigaar hudal medeelel taraaj ene met tsuglaan hiihiig horigloh heregtei

0  |  0
BUU UZEGD(89.238.178.198) 2019 оны 08 сарын 09

Estoi urlagiin chuulgan bolj bndaa novsh gj ard tumniig doromjlohoo zogsoo

0  |  0
B(64.119.16.217) 2019 оны 08 сарын 09

Ene odoo uurinhoo site aar ooriigoo baahan magtaj ogoh shivd

0  |  0
ERHES(82.102.16.174) 2019 оны 08 сарын 09

Ene heleltsuulegn gj zverl gutgeleg busarmag ungu aystai zuil bolj bn hudlaa jujig tavihaa odsoo boli boli

0  |  0
Orshih(51.91.18.131) 2019 оны 08 сарын 09

ZAZA ODOO TGD ULS TORIIN TOGLOOMOND ARD TUMENL HOHIRONDOO BIDNIIG TAIVAN BAILGAACH

0  |  0
Olzvoi(82.102.16.174) 2019 оны 08 сарын 09

ene asuudal uuln zov gxdee ene Mandakhbayar geh zaluu uuruu jxn zov bh heregtei hen negnii ner tord shuud haldaj bolohguildee

0  |  0
Tulga(51.83.3.220) 2019 оны 08 сарын 09

Zaa tgd uneheer l gazar shoroonii tuluu yum bol uuruu ch gsn uul uurhain salbaraas mungu olhoo bolin bzdee te

0  |  0
Zochin(89.238.178.198) 2019 оны 08 сарын 09

ard tumniig bitii iim baliar yumandaa tatan oroltsuulah gd bai Mandakhbayaraa tgd asuudal uusvekl chi shantaachilsaarl bhuu

0  |  0
Top