Мэргэжлийн сүмогийн монгол ёкозүна Какүрюү М.Ананд 34 нас хүрлээ. Төрсөн өдрөө Сэндайд болж байгаа тойргийн барилдааны үеэр тэмдэглэсэн түүнд бөхчүүд болон спортын сэтгүүлчид төрсөн өдрийн бялуу бэлэглэжээ.
Өнгөрсөн тэмцээнд 6 дахь түрүүгээ хүртсэн Какүрюү “Миний зорилго бол доод тал нь 10 түрүүлэх. Бялууны лааг үлээхдээ ч энэ хүслээ шивнэсэн. Гэмтэл авалгүй, дохёнд гаран барилдаж байгаа цагт үр дүн заавал гарна” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
Мэргэжлийн сүмод 10 түрүүлсэн бөх анхны Ваканохана, Точиношики, Китанофүжи, Цүнэнохана аваргууд байгаа. Ёкозүна Харүмафүжи Эзэн хааны цомыг есөн удаа гардан авсан билээ.
“Катар 2020” хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатанд Монголын шигшээ баг Японы шигшээтэй нэг хэсэгт багтсан. Сүмочдоос хөлбөмбөгт хамгийн дуртай гэгдэх Какүрюүгээс ирэх аравдугаар сард Сайтамад болох Япон, Монголын шигшээ багийн тоглолтын үр дүнгийн талаар сэтгүүлчид асуухад Какүрюү “Японы баг талбай дээрээ арваас дээш гоол оруулах магадлал өндөр. Манай баг 6 гоол алдах нь гарцаагүй. За ер нь 7-8 гоол алдах байх. Харин Японы хаалганд нэг гоол оруулчихвал түүхэнд үлдсэн сайхан явдал болно. Ялагдсан ч манай шигшээ Сайтамагийн цэнгэлдэх шиг сайхан стадионд тоглох нь бас нэгэн туршлага болж өгөх учиртай. Монголын шигшээ улам сайжирах болно” гэж хэлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
10 ч арай амжихгүй байхаа даа, гэхдээ мөрөөдөх хэрэгтэй