Монгол Улсын сайд ЗГХЭГ–ын дарга Л.Оюун–Эрдэнэ, Засгийн газрын гишүүдийн хамт 2019 оны 08 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Өмнөговь болон Дорноговь аймагт албан томилолтоор ажиллалаа.
Томилолт-Өмнөговь аймагт /2019.08.09-10/
Монгол Улсын Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилт говийн аймгуудад хэрхэн хэрэгжиж байгаа талаар биечлэн шалгаж тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгч, ажилтан албан хаагчидтай уулзаж мэдээлэл солилцов.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн замд Засгийн газрын албан даалгавраар хэрэгжүүлж байгаа ажлын гүйцэтгэл 50 гаруй хувьтай үргэжилж байна
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ албан томилолтынхоо эхэнд Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Эрдэнэс Таван толгой компани, сум орон нутгийн удирдлагууд, уурхайчид, иргэд, жолооч нарын эрх ашгийг хамгаалах ТББ-ын төлөөлөлтэй уулзав. Мөн Эрдэнэс таван толгой компанийн үйл ажиллагааны мэдээлэл сонсож, “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсч байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх тухай” 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Засгийн газрын хуралдаанаас гаргасан Засгийн газрын 01 тоот албан даалгаврыг уншиж танилцуулан биелэлтийн талаарх дүн мэдээг холбогдох албаны хүмүүс танилцуулав. Урьдчилсан тоон мэдээллээр Засгийн газрын албан даалгаврын биелэлт 74 хувьтай гэсэн ч газар дээрхи шалгалтын дүн, албан даалгаврын хэрэгжилт 50 гаруй хувийн гүйцэтгэлийг харуулж байна гэж Сайд Л.Оюун-Эрдэнэ томилолтын эцэст дүгнэсэн юм.
ЗГХЭГ-ын дарга, Засгийн газрын гишүүд Гашуунсухайт боомт хүртэлх нүүрс тээврийн замд Засгийн газрын албан даалгаврын биелэлтийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа талаар биечлэн шалгав. Сайд Л.Оюун-Эрдэнэ, Хэрвээ албан даалгаврын биелэлт хангалтгүй байвал үүрэг хүлээсэн хүмүүст сануулах захидал илгээнэ. Гурван удаа сануулах захидал авбал хариуцлага тооцох хүртэл арга хэмжээ авах болно гэдгийг сануулж байв. Энэхүү томилолтын тайлан мэдээг нэгтгэж дүгнэлтээ лхагва гаригийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар танилцуулах аж.
Эрдэнэс таван толгой компанийн борлуулалтын орлого хагас жилийн байдлаар өмнөх оноос 59 хувиар өсчээ
Эрдэнэс таван толгой ХК– ийн нүүрс тээвэрлэлт, экспорт хэвийн явагдаж байгаа бөгөөд борлуулалтын цэвэр ашиг өмнөх жилүүдээс өсчээ. 2018 онд 18 сая тонн нүүрс олборлож 15 сая тонныг борлуулсан бол энэ онд хагас жилийн байдлаар 17 сая тонн нүүрс олборлож, 1,5 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ. Энэ нь өмнөх оны хагас жилтэй харьцуулахад 59 хувиар нэмэгдэж цэвэр ашиг нь 600 сая ам.долларт хүрсэн гэв. Засгийн газраас өгсөн албан даалгаврын хүрээнд Таван толгойн орд газрын өгөөжийг нэмэгдүүлж Эрдэнэс таван толгой компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх цахилгаан станц байгуулах конвер барих, ажилчдын хотхон байгуулах нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх баяжмалын үйлдвэр барих, кокс химийн лаборатори байгуулах зэрэг ажлуудын бэлтгэл хангаж ТЭЗҮ– ийг боловсруулж байгаа аж. Цаашид нүүрсний жилийн экспортоо 35 сая/тонн хүргэх зорилт тавьжээ
Оюун–Эрдэнэ: Нүүрс тээврийн жолооч нарын эрүүл аюулгүй байдлыг хангах талаар Засгийн газраас бололцоотой бүхий л арга хэмжээг авна
Тавантолгой–Гашуунсухайт чиглэлд тээвэр эрхэлдэг нүүрс тээврийн жолооч нарын эрүүл аюулгүй байдлыг хангах амьдралын чанарыг сайжруулах, ажиллах амрах орчин нөхцлийг бүрдүүлэх чиглэлд Засгийн газраас онцгой анхаарч шат дараалсан шийдвэрийг гарган ажиллаж байгаагийн нэг нь энэхүү “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсч байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх тухай” Засгийн газрын албан даалгавар бөгөөд дэд ажлын хэсгүүдийг байгуулж гүйцэтгэлд хяналт тавьж байна. Жолооч нарыг эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамруулж, тээврийн замд амрах ариун цэврийн үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн үзлэгт орох боломжоор хангах, шаардлага хангасан хоол хүнсээр үйлчлэх нөхцлийг бий болгох ажлыг эхлүүлээд байна.
Одоогоор Цогтцэций сумын нутагт Тавантолгой нүүрсний бүлэг ордоос 10 орчим км-т “Тээвэрчдийн хотхон”, Гашуунсухайт боомтоос наана 20 гаруй км-т 2500 автомашины зогсоол бүхий “Тайван зогсоол”-ыг тус тус байгуулж байна. Тус цогцолборуудад зочид буудал, үсчин, гоо сайхан, халуун усны газар, кино театр, эмнэлэг, төрийн үйлчилгээний нэг цэгийн үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөсөн байна.
Барилга угсралтын ажил 30-65 хувьтай тус тус үргэлжилж байна. Санхүүжилт, бараа материалын хангалт жигд байгаа бөгөөд есдүгээр сарын сүүлээр ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Жолооч нарт бүх төрлийн нийгмийн үйлчилгээг үзүүлэх тус хоёр цогцолбор ашиглалтад орсноор нүүрс тээврийн замд ажиллаж байгаа 14.000 жолоочийн ая тухтай байдлыг тодорхой хэмжээгээр хангадаг болох юм.
Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн 239 км автозамд Гашуунсухайт авто зам ХХК-иас засвар үйлчилгээ хийж байгаа бөгөөд засварын ажил 76 хувьтай үргэлжилж байна. Зам дагуу 10-15 км тутамд зөөврийн бие засах газар, хогийн цэг байгуулж, зам дагуу нэг удаад 5-10 автомашин зогсох 20 түр зогсоол барихаар төлөвлөж есөн зогсоолыг ашиглалтад оруулсан бол есдүгээр сарын нэгэн гэхэд түр зогсоолыг барьж дуусгана гэв.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-эрдэнэ нүүрс тээврийн жолооч нартай уулзав
Гашуунсухайт боомтоос наана 22 км-т байрлах Цагаан хад дахь нүүрс ачин тээвэрлэх хэсэгт Энержи ресурс компанийн нүүрс тээврийн талбайд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ контейнер тээвэрлэлт хийж буй байдалтай танилцаж, нүүрс тээврийн жолооч нарын төлөөлөлтэй уулзав.
Жолооч нар боомт дахь нэвтрэлтийг хурдасгах, АТҮТ-өөс аж ахуйн нэгжүүдэд олгож буй С зөвшөөрлийн шаардлагыг хөнгөвчлөх, нүүрс тээврийн компаниудад тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангахыг хилийн шалган нэвтрүүлэх хэсэгт чангатгаж өгөхийг хүсч байв. Мөн автотээврийн хяналтын байцаагч нарын тавьж буй шаардлага торгууль хэт өссөн талаар гомдол хэлж байв. Харин тавдугаар сараас хойш тээврийн зам дахь осол, ахуйн гэмтэл буурсан нь Тээврийн цагдаагийн алба хаагчид байнгын эргүүл хийж, явуулын эмч ажиллаж, дуудлагын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаатай холбоотой аж.
Засгийн газрын албан даалгаврын хүрээнд 30 гаруй хүний орон тоотойгоор Тээврийн цагдаагийн нэгжийг Гашуунсухайт боомтод байгуулан ажиллаж байна. Мөн АТҮТ-өөс хяналт тавьж ажиллах байцаагчдынхаа тоог нэмэгдүүлснээр жолооч нарын бичиг баримтын зөрчил буурч, хуурамч үнэмлэхтэй, мэргэжлийн ур чадвар сул, туршлага багатай жолооч нар хууль бус тээвэрлэлт хийх явдлыг таслан зогсоож байгаа гэв.
Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлнэ
Томилолтын ажлын хэсгийн гишүүд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын суурь бүтцийн байдалтай танилцаж, төмөр замын барилгын ажлыг гүйцэтгэх эрх авч, үүрэг хүлээсэн Тавантолгой Төмөр зам ХХК-ийн ажилчидтай уулзалт хийв. Өмнө нь тавигдсан төмөр замын доод, дээд шороон суурь бүтцийн гүйцэтгэл 51,8 хувьтай бөгөөд цаг агаарын нөхцөл байдал, хугацааны алдагдлаас үүдэн 10 гаруй сая ам.долларын нөхөн сэргээлт хийх шаардлагатай болжээ. Цаг алдах тусам хүлээх хохирол нэмэгдэнэ гэж мэргэжлийн хүмүүс хэлж байв. Төмөр замыг барьж ашиглалтад оруулахад нийт 547 сая ам.доллар шаардлагатай аж.
Монгол Улсын Засгийн газрын нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, ачаа тээвэрлэлтийг хөнгөвчлөх бодлогын нэн тэргүүнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг богино хугацаанд барьж ашиглалтад оруулах зорилт тавигдаж байгаа юм. Төмөр зам баригдснаар 1200 гаруй ажлын байр шинээр бий болж, нүүрс тээврийн тонн тутам дахь 32 ам долларын зардал дөрөв дахин буурч 8 ам.доллар болохоос гадна, төмөр замаар жилд дангаар 30 сая/тонн хүртэл нүүрс экспортлодог болох юм. Мөн жилд Улсын төсөвт 20-28 сая хүртэл ам.долларын татвар төвлөрүүлж, Тавантолгойн бүлэг ордын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлж нүүрс тээврийн зам дахь аваар осол бусад хүндрэлүүд бүрэн шийдвэрлэгдэж, уурхайн аман дээрээс тонн тутамд 74 ам.доллараар борлуулагдаж байгаа нүүрсний үнэ 120 ам.доллар, цаашилвал нэмүү өртөг шингээж тээвэрлэсэн тохиодолд 200-300 хүртэл ам.долларт хүрэх боломж бүрдэх юм. Нэг л жишээ авахад төмөр зам ашиглалтад орсноор зөвхөн Эрдэнэс таван толгой компанийн борлуулалтын орлого гэхэд 1,9 их наяд төгрөгөөс 5,1 их наяд болж цэвэр ашиг нь хоёр их наяд төгрөгт хүрч өнөөгийн түвшингээсээ даруй 2,7 дахин нэмэгдэх юм. Улмаар төмөр замаар Хятад Улсын нутаг, түүний далайн боомт, гуравдагч орны зах зээл рүү тээвэрлэлт хийж, Монгол Улсын уул уурхайн компаниуд хямд үнээр дэлхийн зах зээл дээр өрсөлдөх боломж бүрдэх юм. Иймд Монгол Улсын Засгийн газраас Төмөр зам барих ажлын эхний 30 хувийн санхүүжилтийг Эрдэнэс Тавантолгой компанийн цэвэр ашиг орлогоор, 70 хувийг зээлээр санхүүжүүлэх зорилтыг тавьж буй. Энэ асуудлаар Засгийн газрын хуралдаанаар танилцуулга хийж хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр ажиллана гэдгээ ЗГХЭГ-ын дарга хэлсэн юм.
Цогтцэций– Улаанбаатар чиглэлийн авто замын засвар арчлалт 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар чиглэлийн 540 км авто замд нүүрс тээврийн хүнд даацын автомашин явж эхэлсэнтэй холбоотойгоор ихээхэн эвдрэл үүсч хот хоорондын зорчих тээвэрт хүндрэл үүсчээ. Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд энэ оноос нийслэлийн гэр хорооллын оршин суугчдыг сайжруулсан түлшээр хангахаар болсон. Сайжруулсан түлш үйлдвэрлэх түүхий нүүрсийг Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Таван толгой нүүрсний ордоос татан тээвэрлэж буйд замын эвдрэл хүндрэл учруулж болзошгүй байдлаас урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Зам барилгын засвар арчлалтын хүрээнд Цогтцэций– Улаанбаатар чиглэл дэхь 239 км автозамд засвар арчлалт хийх таван багц тендерийг зарлан шалгаруулж, барилгын ажлын гүйцэтгэлийг эхлүүлжээ Одоогоор Дундговь аймгийн Дэлгэрцогт, Хулд сумдын нутаг дэвсгэрт 50 гаруй км Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг дайран өнгөрөх 60 гаруй км замд гурван хэсэгт засвар арчлалт хийгдэж байгаа бөгөөд 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Харин хоёр багц тендерийн шалгаруулалт маргаан гарснаас үүдэн барилгын ажил оройтож эхэлсэн ч 11 сард дуусгаж улсын комисст хүлээлгэн өгнө хэмээн тооцоолж байгаа аж. Сайжруулсан түлш бэлтгэх түүхий нүүрсний нөөц бүрдүүлэлтийг ирэх есөн сард дуусгахаар төлөвлснөөс 200 мянган тонн түүхий нүүрс татах үлджээ.
ЗГХЭГ–ын дарга Л Оюун– Эрдэнэ Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд гүйцэтгэлийн үр дүнг гаргахын тулд тулгамдаж буй асуудлыг цогцоор харж шийдвэрлэхийг зорьж албан даалгавраа ч өгсөн гэв. Тус автозамын засвар арчлалтыг хийснээр Улаанбаатар хотын оршин суугчдыг сайжруулсан түлшээр хангах зорилт хэрэгжихийн зэрэгцээ хот хоорондын зорчих урсгал ард иргэдийн аюулгүй байдлыг хангах болно гэсэн юм.
Томилолт-Дорногвь аймагт/2019.08.10-11/
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Засгийн газрын гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийн албан томилолт Өмнөговиос Дорноговь аймагт энэ сарын 10-11-ний амралтын өдрүүдэд үргэлжиллээ.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын доод суурь бүтээцийн барилгын ажилд цэрэг дайчид оролцож байна
Ажлын хэсгийн гишүүд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөрзамын барилга гүйцэтгэлийн ажлын явцтай танилцав. Төмөр замын барилга гүйцэтгэлийн ажил Зүүнбаян өртөө орчимд 15 км, Мандах сумын нутагт 50 км-т тус тус эхэлжээ. Зам барилга угсралтын мэргэжлийн компани аж ахуй нэгжүүдийн консорциум тэдний ажилчид болон ЗХЖШ-ын цэрэг дайчид МСҮТ-ийн сургалтад хамрагдаж, суурь бүтээцийн ажилд анги нэгтгэлээрээ зохион байгуулалттай оролцож байна.Төмөр замын барилгын ажлыг гүйцэтгэхэд санхүүжилт шийдвэрлэгдсэн, техник тоног төхөөрөмжийн хангалт сайн, боловсон хүчин, ажиллах хүч бэлтгэгдсэн, учир төлөвлөсөн ажлаа хугацаанаасаа өмнө гүйцэтгэж байна гэв.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлд тавигдахаар батлагдсан энэхүү төмөр замын сүлжээний дагуу Хармагтай, Манлай, Хараат уул, Цагаан суварга, Төхөм, Дадын хар, Дулаан уул зэрэг ашиглагдаагүй 40 орчим ашигт малтмалын орд газар байдаг аж. Хэрэв энэхүү төмөр зам баригдаж ашиглалтад орвол Тавантолгойн бүлэг ордын коксжих нүүрсний экспорт нэмэгдээд зогсохгүй төмөр замын трассын дагуух орд газрууд үйл ажиллагааны эргэлтэд орж Монгол Улсад оруулах эдийн засгийн үр өгөөж эрс нэмэгдэх юм.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөрзамын Мандах сумын нутагт хийгдэж буй 50 км төмөр замын доод бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн цалинтайгаар, туслан гүйцэтгэгчээр 8 компани, геологи, геодезийн хяналтын чиг үүргийг дөрвөн компани, нийт 210 орчим техник, тоног төхөөрөмж ашиглан барилга угсралтын ажлыг үргэлжлүүлж байна.
Харин энэхүү Тавантолгой-Зүүнбаян чиглэлд баригдах 414,6 км төмөр замын Зүүнбаян өртөөн дахь эхлэлийн 15 км төмөрзамын доод суурь бүтцийн барилгын ажлыг 20-иод хоногийн өмнө мөн л Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн алба хаагчид эхлүүлсэн байна. Ажлын гүйцэтгэл 127 хувьтай төлөвлөснөөсөө хурдтай байгаа нь 24 цагаар нэгдсэн зохион байгуулалттай дотоодын цэргийн хүчээ ашиглаж байгаатай холбоотой хэмээн дүгнэж байв.
Мөн Таван толгойгоос төмөр зам тавьснаар Зүүнбаян дахь төмөр замын өртөөний ачаалал эргэлт эрс нэмэгдэх учир өргөтгөх зайлшгүй шаардлага үүснэ. Иймд өргөтгөлийн ажлыг эхлүүлж 12 дугаар сарын 01-ний өдөр Улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөж буй талаар УБТЗ болон МТЗ-ын удирдлагууд ажлын хэсгийн гишүүдэд танилцуулав. Сайншанд-Зүүнбаян чиглэлийн 47км төмөр замын дагуу өргөтгөл хийгдэх бөгөөд үе угсрах баазын засвар, шинэчлэл, ачаа ачиж буулгах талбйа гэх мэт цогцолбор ажил хийгдэж, шинээр 100 гаруй ажлын байр нэмэгдэнэ.
Газрын тосны боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн төмөр 27 км төмөр зам баригдаж дуусчээ
Сайншанд-Алтанширээ чиглэлд 27 км төмөрзамыг МТЗ, УБТЗ-ХНН барьж дуусгажээ. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа Газрын тосны боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн хүрээнд хийгдэж буй нэг ажил юм. Тус төмөр замын суурь дэр бетоныг дотоодын үйлдвэрлэгчдээс нийлүүлж, замын төмрийг ОХУ-аас худалдан авсан байна. Олон Улсын жишиг үнээс гурав дахин хямд өртгөөр буюу нэг км төмөр замыг 800-900 мянган ам.доллараар барьсан байна.
Төмөр замын барилга угсралтын ажил дууссан бөгөөд удирдлагын төвийн барилгын дотоод тохижилт засал зэрэг ажлууд үлдээд байгаа аж. Засгийн газрын гишүүд төмөр замын бүтээн байгуулалттай танилцаж, тус зам дахь галт тэрэгний анхны зорчигчид болсон юм. Монголчууд дотоодын хүчин чадлаар анх удаа төмөр зам барьж, цаашид өөрсдөө бүтээн байгуулалт хийж чадна гэдгээ нотолсон “Шинэ үеийн сэргэн мандалын эхлэл”-ийг тавьсан өгөөжтэй бүтээн байгуулалт хэмээн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тодорхойлов.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 1 )
ХҮРЭЛСҮХ АЛТАН СҮХ БОЛОХ АЖЛАА БҮРЭН ЭХЭЛЖЭЭ БАЯРЛАЖ БАЙГАА ОЛОН ТҮМНИЙ СЭТГЭГДЛИЙГ УЛАМЖИЛЖ БАЙНА