Точиношин Гүржид харштай болно

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 14

Гүржийн озэки Точиношин энэ сарын 11-нээс эхлэн Сэндайд болж байгаа тойргийн барилдаанд оролцож эхэллээ. Өнгөрсөн Нагоя башёд дөрвөн арслан бүгд тэмцээнийг орхиж, Сүмогийн холбооноос шүүмжлэлд өртөөд байгаа. Бусад озэки нар тойргийн барилдаанд ирээгүй байгаа ч ирэх тэмцээнд кадобан болох Точиношин цолоо алдахгүйн тулд бэлтгэлд гараад байна.

Намрын тэмцээнд цолоо алдахгүй байх шалтгаан ч түүнд бий. Точиношин төрөлх Гүржийн Мцхета хотод тансаг харш бариулж эхлээд байгаа бөгөөд ирэх оны хавар барилгын ажил дуусах юм. Точиношин сагсан бөмбөгийн дөрвөн талбай, спорт цогцолбор хоёр багтах том газар худалдан авч, хоёр том байшин бариулж байгаа юм.

Харшид ресторан, баар, бэлтгэлийн танхим, усан сан, саун байрлахаас гадна Точиношиний жүдо, сүмо бөхөөр авсан шагналууд, цом тавигдсан музейтэй байх гэнэ. Музейг хотын иргэд үнэгүй үзэн, сонирхож болох гэнэ. Харшийн хаалганд “Точиношин” гэсэн ханз бичиж, тавих юм.

Нэг жилийн өмнөөс барилгын ажил эхэлжээ. Точиношин “Төлбөрийн мөнгөө бүрэн гүйцэд тушаагаагүй байгаа. Тийм болохоор би озэки цолоо яасан ч алдаж болохгүй” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top