Төгсөөг Лондонд ялсан Рамирес мэргэжлийн гараагаа ялагдлаар эхлүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 14

Олимпын хошой аварга Кубын боксчин Робейси Рамирес энэ сарын 10-нд мэргэжлийн боксын анхны тулаанаа хийлээ.

25 настай куба залуу 2012 оны Лондоны олимпын боксын 52 кг-ын жинд манай Н.Төсгцогтыг ялж, 19 насандаа олимпын аварга болж байсан. Харин 2016 оны Риогийн олимпод 56 кг-ын жинд зодоглож, АНУ-ын Шакур Стивенсоныг ялснаар олимпын хошой аварга болсон юм.

Рамирес өнгөрсөн оны долоодугаар сард Мексикт болсон шигшээ багийн цугларалтын үеэр оргон зайлсан. Хаана байгаа нь мэдэгдэхгүй байж байгаад энэ оны хавар Америкийн  “Top Rank” промоутер компанитай гэрээ байгуулснаа зарлаж байлаа. Эх оронд нь түүнийг урвагч хэмээн нэрлэсэн юм.

“Top Rank” компанийн тэргүүн Боб Арум “Бид олимпын хошой аваргатай болсондоо баяртай байна. Рамирес Украины Ломаченкотой адил амжилт гаргах болно” гэж мэдэгдэж байлаа.

Гэвч Робейси Рамирес 22 настай мексик тамирчин Адан Гонсалест шүүгчдийн саналаар 38-37, 36-39, 35-40 ялагдлаа.

Эхний үед хүнд цохилтод орон тоолуулж амжсан Робейси тоглолтын дараа “Шүүгчидтэй би санал нийлэхгүй байна. Би ялсан. Эхний үед би унасан ч халитарсан тул ямар ч цохилт аваагүй байсан. Адан бохир тоглолттой тамирчин байна. Миний цохилтууд илүү оновчтой байлаа” гэж өөрийгөө хамгаалсан.

“Лондон 2012” олимпын наадамд 52 кг-д Робейси Рамирес түрүүлж, манай Н.Төгсцогт мөнгө, ОХУ-ын Миша Алоян, Ирландын Майкл Конлан нар хүрэл медаль хүртэж байлаа. Ийнхүү тус жингийн бүх медальтнууд мэргэжлийн бокст шилжлээ.

Харин “Рио 2016” олимпын наадмын 56 кг-д түүнд ялагдан, мөнгөн медаль хүртсэн АНУ-ын Шакур Стивенсон мэргэжлийн бокст “Top Rank” промоутер компанитай хамтран ажилладаг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top