Сүүлийн үед алдарт тамирчдын дампуурлын талаарх мэдээ их гардаг болоод байна. Бид өнөөдөр цагтаа сард сая сая долларын орлоготой байсан ч хоосорч дампуурсан алдарт тамирчдын талаар өгүүлье.
Борис Беккер
Шалтгаан: бизнес төсөл бүтэлгүйтсэн
Талбайн теннисийн Их Дуулга тэмцээнд зургаан удаа түрүүлсэн Борис нийт 25 сая ам.долларын шагнал хүртсэн нь энэ спортын түүхэнд эхний 10-т багтах үзүүлэлт байлаа. Coca Cola, Philips, Deutsche Bank, Puma гэсэн том брэндүүдийн нүүр царай болж байсан түүний хөрөнгө 1999 онд 100 саяар үнэлэгдэж байсан юм. Зар сурталчилгааны санал ирсээр байсан тул юу ч хийхгүй суухад энэ мөнгө нас бартал нь хангалттай хүрэх байсан. Гэвч тансаг амьдрал, үрлэг зарлагад дассан Беккер бизнест ч амжилт олно гэдгээ хүмүүст харуулахыг хүсэж байв. Беккер органик хүнсний компаниас эхлээд “BbeckerTV” реалити-шоу, маркетингийн Sportgate, Mercedes-Benz авто салон гээд хэдэн арван стартап төсөлд сая саяар нь хөрөнгө оруулж байв. Гэвч нэг ч төсөл түүнд ашиг орлого авчирсангүй. Нигерид нефть, байгалийн хий олборлох төсөл нь түүнийг арван сая доллароор шатаасан. Банкны зээл, хүү, түншүүдийн зарга, татвараас зайлсхийсэн хэрэг гэх мэт бартаа үргэлжилсээр нэг л мэдэхэд данс нь хасах заасан байлаа. Эр хүн дампуурахад эмэгтэй хүн заавал оролцдог нь бичигдээгүй хууль. Анхны эхнэр Барбаре Фелтасаас салахдаа Беккер түүнд 10 сая доллар, Майами дахь хоёр сая долларын үнэтэй байраа өгсөн. 1999 онд хэсэг үерхсэн орос модель Анжела Ермакова түүнээс хүүхэдтэй болсноо хэлж, шүүхэд хандана гэж сүрдүүлснээр Борис орос бүсгүйд таван сая доллар өгч, Лондонд байр худалдан авч өгөөд охиндоо сар бүр 25 мянган долларын тэтгэмж өгдөг болсон. 51 настай Борис одоо хүмүүсийн хурим, төрсөн өдрийн баярын хөтлөгч хийж, амьдралаа залгуулж байгаа гэнэ.
Сергей Федоров
Шалтгаан: амжилтгүй хөрөнгө оруулалт
Стэнлийн Цомын гурван удаагийн аварга (1992, 1998, 2002) Оросын хоккейчин Сергей Федоров “Детройт” багт тоглож байхдаа 43 сая долларын хөрөнгө хуримтлуулсан хүн. Зодог тайлаад тэр энэ мөнгөө хаана эргэлдүүлж, өсгөхөө бодож байлаа. Ингээд 2008 онд 20 жил нөхөрлөсөн бизнес эрхлэгч, багын найздаа итгээд юу ч үгүй хоцорсон юм. Федоров хөрөнгө оруулагчийн “Бүх өндгөө ганц сагсанд бүү хий” гэсэн гол дүрмийг зөрчсөн. Харин түүний найз Жозеф Зада тэнэг нөхрийнхөө мөнгийг 11 жил дураараа үрээд сууж байлаа. Сергей эхлээд эв зүйгээр учраа олох гэсэн боловч бүтсэнгүй. Шүүхээс Задаг 60 сая доллар төлөх шийдвэр гаргасан ч одоогийн байдлаар нэг ч доллар орж ирээгүй байгаа гэнэ.
Пол Гаскойн
Шалтгаан: архи, хар тамхи
Английн хөлбөмбөгийн домог Пол Гаскойн ид тоглож байхдаа ч уудаг байсан хүн. Зодог тайлаад тэр архинд бүр живсэн юм. Түүний өдрийн амьдрал хоёр литр архи, 15 лааз шар айраг, кокаин, биеэ үнэлэгчид гэсэн дүр зургаар өнгөрдөг байв. Ногоон талбайд олсон 20 сая доллар нь нэг мэдэхэд дуусаж, сүүлдээ өр тавьж эхэллээ. Зээлийн хүүгээ төлөх чадваргүй болсон Газза нэг удаа галт тэргэнд дайруулж, амиа хорлохоор очсон ч сүүлийн галт тэрэг хөдөлчихсөн байсан тул амьд үлдсэн гэдэг.
Майк Тайсон
Шалтгаан: хэт үрлэг, Дон Кинг
“Төмөр Майк” дэлхийн хамгийн баян тамирчдын жагсаалтад байнга бичигддэг байлаа. “Forbes” сэтгүүлийн тооцоолсноор Тайсон боксоор 400 сая, зар сурталчилгаанаас 250 сая ам.доллар олсон байдаг. Майк мөнгөнд санаа зовж байсангүй, баруун солгойгүй үрж, цацаж байлаа. Gucci-д ороод 100 мянгаар худалдан авалт хийгээд хэдэн жил задлахгүй гэртээ орхиж байсан удаатай. Үл хөдлөх хөрөнгө, далбаат завь, харш, дээд зэрэглэлийн 110 машин, амьд бар гээд тэр хүссэн бүхнээ л худалдан авч байсан. Гэвч юу тохиолдох нь тэр вэ? Эхнэр Робин Гивенсээс салахдаа тэр 6,5 сая доллар төлсөн. Шоронд сууж байхдаа их хэмжээний алдагдал хүлээсэн. Проумотер Дон Кингийг түүний хөрөнгөөс 100 сая доллар хууль бусаар авсан гэж шүүхээр заргалдсан нь түүнийг улам ядууруулсан. Ингээд нэг мэдэхэд тэр 23 сая долларын өртэй болсон байв. 2003 онд тэр дампуурснаа зарласан. Одоо кинонд тоглож, ном бичин, Япон, Орос зэрэг оронд уригдан, мөнгө олж байна.
Роналдиньо
Шалтгаан: Засгийн газартай заргалдсан
2005 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч Ронни зодог тайлаад янз бүрийн салбарт хүч үзсэн. Рэп дуулж, клипэнд тоглон, RS Coin (Ronaldinho Soccer Coin) цахим валют гаргаж, загасанд дурлаж, улс төрд орсон. Загас л түүний санхүүгийн хүндрэлийн гол буруутан болсон юм. 2015 онд түүнийг Порту-Алегрид хориотой газар загас үржүүлэх ферм барьж, байгаль орчинд хохирол учруулсан хэргээр 178 мянган еврогийн торгууль оноосон юм. Роналдиньо орон нутгийн захиргаа, Засгийн газартай олон жил шүүхээр заргалдсан. Энэ хооронд торгуулийн хэмжээ хоёр сая евро болон өсөж, шүүхэд ялалт байгуулж чадсангүй. Шүүхийн шийдвэрээр түүний дансыг битүүмжлэхэд ердөө зургаан евро л үлдсэн байсан гэдэг.
Деннис Родман
Шалтгаан: хүүхдийн тэтгэмж
NBA-гийн таван удаагийн аварга Родман баян тансгийн бэлгэдэл болсон хүн байлаа. Дуучин Мадоннатай үерхэж, жилд 26 сая долларын орлоготой байлаа. Зодог тайлах үед нь түүний нийт хөрөнгө 550 сая доллароор хэмжигдэж байв. 45 настайдаа их спортоо орхисон тэрээр амьдралд хөл алдсан. Тансаг байр, үнэтэй машинаас уйдаж, нэг мэдэхэд хар тамхи, архинд автсан байлаа. Ивээн тэтгэгч, түншүүдэд нь энэ явдал таалагдсангүй, бүгд зайгаа барьж эхлэв. Хоёр хүүхэд төрүүлж өгсөн гурав дахь эхнэрээсээ салахдаа тэр сар бүр 51 мянган доллар төлөх ёстой болсон. Нэг ч удаа тэтгэмж төлөөгүй төдийгүй хуучин эхнэрээ зодоод шүүхээс гурван жилийн ял сонссон байна. 2017 онд сая долларын өртэй үлдсэн Родман дампуурснаа зарлаж, хүнд өвчтэй гэж мэдэгдсэн.
Сэтгэгдэл ( 10 )
yduu tarchig amidralaas genet ondorlvv ybsan xvmvvs zarim ni yg iim l boldog
Манайх р мянганбаяр юм уда
Гэр бүлийн хүмүүжил чухал
Родман Хойд Солонгосын тагжгартай найз шүү тэгж яривал
Эд дампуурсанч мань мэтийн баяжсанаас баян байлгүй хахаха
Ronaldinho bol tegj dampuuraaguiee arai hud bn. Tgsnch 2say$t dampuurah hun bish
Эр нэг алдаж эрэг нэг нурдаг гэдэг дээ. Эд нарт аугаа нэр хүнд бий. Газардахгзй ээ...