"Зиндаа" сэтгүүлийн 2018 оны №10/510 дугаарын "Дэлхийн Монгол" буланд орсон нийтлэлийг онцолж байна. Энэ удаад Мэргэжлийн боксын WBC холбооноос тамирчдын чансааг шинэчлэхэд тавдугаарт бичигдсэн "King Tug" буюу 2012 оны Лондонгийн олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт "Дэлхийн Монгол" булангийн гол зочин байсан юм.
Дэлхийн мэргэжлийн боксын аваргын бүсийг Монгол хүн зүүх цаг мөч ойртсоор байна. Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт саяхан 10 дахь тулаанаа хийж гуравдугаар үед хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулгаж авсан. Түүний энэ удаагийн өрсөлдөгч Колумбын боксчин “Дайчин” хочит Оскар Эскандон байсан юм.
Тэрбээр дэлхийн чансааны 11-т эрэмбэтэй нэгэн бөгөөд “Би оргил формтой байгаа учраас Нямбаярыг зогсооно” гэж итгэл төгс ярьж байв. Үнэхээр ч тулааны эхний үед л тэрбээр Төгсцогтыг цохилтоороо унагаж, тоолуулж дөнгөсөн. Гэвч “King Tug” хочит манай Төгсөө түүнээс илүү байлаа. Оскарыг буулгаж авснаар Н.Төгсцогтын чансаа 25-аас 10 хүртлээ өгссөн. Тун саяхан WBC холбооноос тамирчдын чансааг шинэчлэхэд “King Tug” тавдугаарт бичигдлээ. Түүний өмнө ердөө дөрөвхөн боксчин л нэрлэгдэж буй. Тэд бол Филиппиний Марк Магсаё, Доминиканы К.Марреро, АНУ-ын Ж.Диаз, Катарын К.Галахад нар юм. Өөрөөр хэлбэл, хоёрхон тулааны дараа Монголын тамирчин Н.Төгсцогт дэлхийн аварга болох боломжтой. Тэр зөвхөн энэ л мөрөөдлийн төлөө гурван жилийн өмнө сонирхогчдын боксоос “урваж” байлаа. Тухайн үед нь түүнийг тийм ч олон хүн дэмжээгүй юм. Түүнийг “Хэт багаасаа биеэ тоочихлоо”, “Мөнгөний төлөө сонголт хийлээ” гэх зэргээр сонголтыг нь эрс буруушаасан.
Гэвч Н.Төгсцогт “Би дэлхийн аварга болно оо” гэж зөрүүдэлсээр байгаад алс холын Америк орныг зорьж билээ. Тэр үедээ бол түүний энэ үгийг хөөрцөг жаалын хөөрхөн мөрөөдөл л гэж бодож байлаа.
Н.Төгсцогт одоогоос 10 жилийн өмнө Монгол Улсын гавьяат тамирчин гэх эрхэм хүндтэй алдрын эзэн болсон. Энэ үедээ ердөө 17-хон настай байв. Шагнагдаад удаагүй байхад нь нэгэн сэтгүүлч түүнтэй хөөрөлджээ.
-Найз охинтой юу?
-Байхгүй ээ.
-Байдаг л гэсэн дээ. Нуугаад байгаа юм уу?
-Үгүй чишш.
-Тэгвэл охидын захиа, мессеж их ирж байна уу?
-Миний утасны дугаарыг мэдэхгүй юм чинь. Би чинь хүүхэд шдээ, эгч ээ.
Тэр үед нээрээ л ийм жаахан байсан. Жаал байсан. Тиймд түүнийг одоо ч жаал хэвээрээ юм шиг санадаг юм. Үүнээс хойш арван жил өнгөрчээ. Тэр найз охинтой болж, түүгээр ч зогсохгүй бүр аав болж, Олимп, дэлхийн мөнгөн медаль хүртэж, сонирхогчдын боксоос мэргэжлийн бокс руу одож, нэг ёсондоо том болжээ. Гэвч одоо ч түүний царайнд хүүхдийн гэмгүй цайлган инээмсэглэл тодорсоор. Тэр гэнэн инээмсэглэлтэй “зэвүүн” жаал дэлхийн арван мэргэжлийн тамирчинг нам цохиж унагачихаад байна. Дараагийн өрсөлдөгчдөө ч торохгүй ялах биз.
Ер нь бид энэ хүүд хар нялхаас нь хамаг найдвараа тавиад, түүндээ ч түүнийг дасгачихаж. Нэг ялалтынх нь ард дахиад, дахиад ялаад өг гээд л. Арван долоохон настайдаа дэлхийгээс медаль аваад ирэхэд нь одоо олимпоос гэж шуналтаад л. Нөгөөх нь ч тэр ачаа, тийм дарамтыг даана гэж тоймгүй.
Харахад шөвийсөн бор жаал. Шөрмөстэй байрын. Харин эргэлдсэн хар нүд нь тэсэрсэн хачин гоё очтой. Өрсөлдөгчийнхөө өөдөөс бол эрс зоримог тулах энэ харц монголчуудынхаа бол өр хайрыг татах тийм зөөлөн.
Анх таван настайдаа ширэн бээлий өмссөн түүнийг бүүр багад нь “Энэ хүүхэд Олимпийн аварга болно” гэж хүмүүс ярьдаг байсан гэдэг. Үнэхээр ч болох шахсан. 2012 оны Лондонгийн олимпийн алтан медалийн төлөө Кубын тамирчинтай эн тэнцүү тулалдаж, хэдхэн онооны зөрүүгээр ялагдсан билээ. Гэвч түүний сэтгэлд Олимпийн мөнгө бус, алтан медаль багтсаар байсан юм. Тэр нэгэнтээ “2016 оны “Рио”-гийн олимпийн наадмаас алтан медаль хүртэхийн төлөө хамаг бүхнээ дайчилна” гэж “том үг” хэлсэн удаатай. Мөнгөн медалиа голсон хэрэг биш л дээ. Гагцхүү өөрийгөө Олимпийн аварга болох ёстой л гэж бодоод, тамирчин хүний том зорилгоор өөрийгөө шахаж байсан хэрэг. Сэтгэлд багтсан зүйл тэвэрт багтдаг хойно олимпийн алт цээжинд нь багтаж байж дээ, мань жаалын.
Яагаад ийнхүү өнгөрсөн цаг дээр яриад байна вэ гэж гайхаж магад. Ард олон нь олимпийн алтан медаль зүүдэлж байх өдрүүдэд тэр гэнэт тэдний эсрэг шийдвэр гаргасан юм. “Би мэргэжлийн бокст хүч үзэхээр шийдлээ” гэж нэг л өдөр хэлээд, Америкийг зорин одох нь тэр. Тэр цагаас хойш түүний тухай сураг чимээ л сонсож суудаг болов. Олимпийн алт холдон одсон мэт гуниглал, нууц эмзэглэл, битүүхэн харамсал Монголын спортын тэнгэрт нэг хэсэгтээ л тунарсан даа. Нөгөө мундаг жаал чинь мөнгөний төлөө шийдвэр гаргалаа, ард түмний итгэл найдвараар шалны алчуур хийж орхиод, амин хувийн амжилтаа хөөлөө гэхчлэнгээр хэрэндээ л тунирхсан. Энэ бол эх орон нь хүүгээ, дүүгээ, хүнээ, тамирчнаа харамласан сэтгэлийн дуу хоолой, цуурай нь байлаа. Яагаад гэвэл, тэр муу жоохон жаалд эх орон нь хамаг найдвараа хурааж авчраад овоолчихсон байсан үе юм шүү дээ. Д.Бадар-Ууган, П.Сэрдамба нар рингээ орхиж, У.Мөнх-Эрдэнэ, Г.Энхзориг нар зэлээ эвхэж байсан цагт түүнээс өөр “олимпийн найдвар” үлдээгүй нь мэдээж юм.
Гэвч эр нэгийг шийдэж, хоёрыг зорьжээ. Тэр мэргэжлийн бокст хүч үзэхээр эргэлт буцалтгүй шийдсэн байв. Түүний энэ шийдвэрт боксын спортын шударга бус шүүлт зохих нөлөөгөө үзүүлсэн гэдгийг тэр нуусангүй. Инчёны Азийн наадам, Казахстаны Армийн дэлхийн аваргад тэр ялалтаа луйвардуулав. Илт давуу ялчихаад байхад л эсрэг тамирчинд нь ялалтыг заах шударга бус байдал түүн дээр хэдэнтээ давтагдсан тул хор шар, гомдол залуу эрийн цээжинд багтахыг байж байв.
Ингээд энэ бүхэнд түүний өгсөн хариулт бол “Баяртай. Би худлаар ялагддаг биш, үнэнээр ялж болдог спортыг сонголоо”.
Тив, дэлхий, олимпод эх орныхоо нэрийг гаргах боломжтой шилдэг тамирчнаа үдэхдээ монголчууд лав л баярласангүй. “Шуналтай жаал” гэсэн шүү юм бодоцгоож, үл хайхарч, үл анзаарч, харин алга болсон найдварынх нь цог ахин хаа нэгтээ улалзахыг хүлээн хэсэг чимээ дарав. Мэргэжлийн бокс бол хэр баргийн аавын хүү барж иддэг зөөлөн боорцог биш. Нэг л жишээ хэлэхэд, Олимпийн хошой аварга, Укрианы нэрт боксчин Васил Ломанченко мэргэжлийн бокст ороод, анхны тоглолтдоо ялагдал хүлээсэн. Өрсөлдөгч нь тийм ч мундаг тамирчин байгаагүй гэдэг. Харин В.Ломанченко бол 2007 оноос хойш нэг ч ялагдаагүй, 19 настайдаа дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж, түүнээс хойш дэлхийн хошой аварга, олимпийн хошой аварга болсон агуу амьтан байсан билээ. Тиймээс мэргэжлийн ринг мэдээж хатуу гэдэг нь хэнд ч ойлгомжтой байсан юм.
Гэвч түүнд ямар ч айдас байсангүй. Өөрөө ч “Би айдгаа авдартаа хийнэ гэдэг шиг бүх айдсаа Монголд үлдээгээд ирсэн. Мэргэжлийн бокст нэг жинд 1000 гаруй тамирчин байдаг. Тэд нарын хэнтэй нь ч таарсан өрсөлдөгч бүрээ нам нам цохиод ялаад байвал рейтингээ хурдан өсгөж чаддаг гэсэн” хэмээн ярьж суусан.
Удалгүй Америкт “Кing Tug” гэж нэг монгол залуу 15 секундэд 130 цохилт хийлээ гэж шуугиад эхэллээ. Нөгөө хүүхдийн инээмсэглэл тодруулсан шазруун залуу маань ийнхүү нэг секундэд 8.6 цохилт хийж америкчуудыг алмайруулж байгаа сураг гарав. Клубынх нь залуус түүнийг “Кинг Тугсу” буюу “Хаан Төгсөө” хэмээн хочлох болсон гэнэ. Дасгалжуулагч Жо Гуссен гэгч “Түүний анхны бэлтгэл надад гэнэтийн бэлэг байсан” хэмээн хүлээн зөвшөөрсөн гэнэ. Гэх мэт цуу алдар хурдацтай тархаж, улмаар эхний өрсөлдөгчөө 50 секундын дотор хүнд цохилтоор буулгаж авсан тухай дуулдлаа. Тэгээд хоёр дахиа, гурав дахиа ядах юмгүй дутуу гаргаж, дөрөв дэх учраагаа ч төвөггүй хуньсан байна. Тэр есөн тулаан хийж есүүлэнг нь нокаутаар унагажээ. Үндэсний найдвар өөр зүгт сэрлээ. Сонирхогчдын боксоос алдагдсан найдвар мэргэжлийн бокст тодорлоо. Угтаа бол нөгөө л хуучин найдвар, нөгөө л хуучны бор бацаан маань шүү дээ.
Түүнээс эх орондоо хэзээ ирэх тухай асуухад “Би мэргэжлийн боксын дэлхийн аварга болчихоод эх орондоо очно” гэж хүүхдийн гэмээр гэнэн цайлганаар хариулсан юм. Уг нь тэр одоо том болсон.
Эцэг болсон. Гэхдээ л яагаад ч юм, жаахан санагдах. Одоо 26-тай л даа. Гэхдээ л жаал гэж харагдах. Хамгийн гол нь энэ жаалын мөрөөдөл том юм аа. Лас Вегасын “MGM Grand” ордонд “Дэлхийн шинэ аварга Төгсцогт” гэж зарлуулаад, “Монгол” гэж цоллуулах мөрөөдлийг тэр одоо эзэмшиж байна. Саяхан түүний жингийн дэлхийн чансаа шинэчлэгдэж 14 дүгээрт эрэмбэлэгдлээ. Тэрбээр “Улаан шугамнаас дээгүүр орж ирлээ. Баярлалаа WBC” хэмээн цахим хуудсандаа тэмдэглэжээ. Түүнд мөрөөдлөө биелүүлэхэд хэдхэн тулаан үлдсэн гэсэн үг.
Түүнд дахиад бас нэг мөрөөдөл бий. Тэр нь Олимпийн аварга болох. Гэвч энэ мөрөөдөл нь биелэх боломжгүй болсон. Учир нь Олимпийн аварга болох ганц боломж нь өнгөрсөн Риогийн олимп байсан юм. Яагаад гэвэл, мэргэжлийн бокст найман тулаан хийгээгүй байхдаа сонирхогчдын боксын тэмцээнд оролцож болох тийм дүрмийн боломж байдаг гэнэ. Хагас мэргэжлийн боксын тулаанаас олимпийн эрх авдаг болсон бөгөөд уг тэмцээнээс эрх авах боломжтой байсан. Гэвч эрх авах тэмцээнд ч оролцож чадаагүй аж. Боксын алдарт дасгалжуулагч Д.Банди “Н.Төгсцогтоор жишээ татахад л энэ залуу хэрэв бэртэл гэмтэл авчихгүй л бол манай боксынхон ойрын хэдэн жилдээ уналтад орохгүй. Н.Төгсцогтын амжилт Монголын боксын хөгжлийг ойрын арван жилдээ тодорхойлно” гэж хэлж байжээ. Тийм байгаасай гэж үнэхээр найдаж байна.
Төгсцогт гэж хэн бэ гэсэн сурвалжлагчийн асуултад “Би жирийн л нэгэн аав ээжийн тамирчин хүү. Харин багш дасгалжуулагчдын хэлдгээр ясны тамирчин юм болов уу” гэж хариулсан нь бий. Тийм гэж үнэхээр бат итгэж байна. Тэр ясны боксчин.
Тэрээр 2012 онд олимпийн алтан медалиас атгаад алдсан тухайгаа “Ёооё, юу болчихов оо л гэж бодсон. “Куба. Олимпийн аварга” гээд зарлахад аймаар их харамсч байлаа. Тээр өндөрт дээр байсан сэтгэл зүй газарт навс гээд унах шиг л болсон. Уйлаад, харамссандаа уйлсан. Би яачихав аа, ийм олон жил хүлээж, хөдөлмөрлөчихөөд... хэрвээ, хэрвээ гээд л” хэмээн ихэд харамсан ярьсан байдаг. Тийм ээ, тэр тэгэхэд ердөө 20-хон настай байсан шүү дээ. Хэрвээ, хэрвээ гэдэг нь хэрвээ дахиад нэг л боломж олдох юм бол би олимпийн аварга болно гэсэн хор шар байсан. Хэрвээ түүнд боломж олдох юм бол нээрээ л аварга болно доо. Одоо түүнийг мэргэжлийн боксын дэлхийн аварга гэж дуудах мөч ойртсоор байна. Ялалтын баяр бахдал, ялагдлын хор шарыг амтлуулж чаддаг учраас Нямбаярын Төгсцогт гэх энэ агуу жаалд монголчууд хайртай байдаг юм.
Тэр ч гэсэн Монголдоо дэндүү хайртай. Одоо тэр жаал байхаа болиод хэдийнээ том болсон ч Монголоо гэх зүрх, эрх нялх сэтгэл нь хувираагүй. Үүний нотолгоо нь тэрбээр шагналынхаа мөнгөний 50 хувийг улс орныхоо төлөө зарцуулна гэдгээ мэдэгдсэн. Үүгээрээ тэр “Мөнгөний төлөө мэргэжлийн боксод ороогүй” гэдгээ баталсан юм. Үүгээрээ тэр монголчуудын хайртай бацаан хэвээрээ байгаа шүү гэдгээ харуулсан бол зүрх сэтгэл нь үргэлж гэгээн тунгалаг гэдгийг бас нэгэн үйлдлээс нь харж болно. Хамгийн сүүлчийн тулаандаа орохдоо тэрбээр боксын замд хөтөлж оруулсан дасгалжуулагч багш Д.Банди агсны хөргийг өмсгөлийнхөө зүрхэн тус хэсэгт хэвлүүлж, шорт дээрээ “R.I.P Coach D.Bandi” хэмээн бичсэн байлаа. Ийм л халуун, бүлээн зүрх сэтгэлтэй Монгол хөвгүүн дэлхийн хатуу ширүүний ринг дээр ширэн бээлийгээрээ Монголын хүсэл тэмүүллийг тамгалах гэж байна. Тун удахгүй ээ...
"Зиндаа" сэтгүүл №10/510 дугаарт нийтлэгдэв
Нийтлэлч Д.Дамдинжав
Сэтгэгдэл ( 2 )
mungunii tuluu amidralguy yakh yum be . gaykhaltay mongol khuu . nulims unagaakhaar saykhan niitlel boljee , tugsuuduu amjilt khusie
өөрийн амьдрал мөнгөний төлөө явалгүй яахав дээ манай монголд олж авч чадахгүй юм чинь үнэхээр чадалтай залуус явж л байх хэрэгтэй дээ