“Зиндаа” сэтгүүлийн 2018 оны №11, 12/511, 512 дугаараас онцолж байна.
Охид яг л цэцэг шиг. Услаад л байвал улам сайхан өнгөөр гийж, тансаг сайхан үнэрийг ялгаруулдаг анхилам цэцэгс мэт. Тэр дундаа хорвоогийн хосгүй нэгэн тохиолоор зүүний үзүүрт хос арвай болж тогтсон, ижил заяаны ихэр охид байна гэдэг юутай ч зүйрлэшгүй хувь завшаан билээ. Ийм л нэгэн ихэр заяанд төрж, ихийг хийх хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн яваа Ой тогтоолтын Дэлхийн аварга, Олон улсын хэмжээний их мастер, Гиннесийн дээд амжилт эзэмшигч Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарыг “Дэлхийн Монгол” булангийнхаа зочин хойморт хүндэтгэн урилаа. Учир юу хэмээвээс тэд БНХАУ- ын Шенжень хотод зохион байгуулагдсан 100 мянган ам.долларын шагналын сантай, ой тогтоолтын тэмцээнд амжилттай оролцон, дэлхийн рекордыг шинэчилж, Гиннесийн номонд бичигдсэн юм. Үүгээр ч зогсохгүй дэлхийн хэмжээний ой тогтоолmын тэмцээнүүдэд маш амжилттай оролцож, аваргын алдрыг удаа дараалан хүртэж байгааг хэвлэл мэдээллээс бэлхнээ уншиж болно. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрөгч наймдугаар сарын 25-26-ны өдрүүдэд БНСУ-д зохион байгуулагдсан Ой тогтоолтын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Монголын Оюун ухааны академийн 18 тамирчин, дэлхийн есөн орны 200 гаруй тамирчинтай эн тэнцүү өрсөлдөн, 90 медалийн 72-ыг нь хүртэж, үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэдгээр аваргуудын нэг нь манай ихрүүд байв. Эрдэм номын мөр хөөж гадаадад суралцдаг тэд эх орондоо гуравхан сарын хугацаатай ирдэг бөгөөд төрсөн гэртээ тухалж ч амжилгүй, олон улсын тэмцээнд оролцож явсаар буцах цаг нь болдог тухайгаа хуучилж байсан. Улс орныхоо нэрийг дэлхийн сонорт цуурайтуулж яваа, ялгахын аргагүй адилхан Томоо, Жижгээ хоёртой ярилцсанаа уншигч танд хүргэе.
-Сурлага өндөр үү. Хичээл нь эхэлчихсэн биз дээ. Та хоёр Бээжингийн их сургуульд ямар мэргэжлээр суралцаж байна вэ?
-Хичээл эхлээд нэлээд шахуу л байна. Одоохондоо бид хоёр хэлний бэлтгэлд явж байгаа. Ерөнхийдөө цаашид гүнзгийрүүлээд Олон улсын харилцаа тал руугаа суралцах хүсэлтэй. Ямартай ч эхний хоёр жил хэлний бэлтгэлд явж байна.
-Энэ жилийн зуны амралтын хувьд тун завгүй өнгөрөх шиг боллоо. Дэлхийн хэмжээний нэлээд олон тэмцээнд оролцсон. Мөн маш амжилттай байсан гэдгийг онцлох хэрэгтэй байх?
-Тийм ээ. Энэ жилийн хувьд зургадугаар сарын 26, 27-ны үед хичээл амарсан. Тэгээд Монголдоо, гэртээ ирээд ганц, хоёрхон удаа л агаарт гарсан байх. Ер нь ирэнгүүтээ тэмцээнийхээ бэлтгэлд гарсан гэж хэлж болно доо. Яагаад гэхээр, наймдугаар сарын 9-нд Бээжин хотод зохион байгуулагдсан “Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээн”-д оролцох ёстой байсан учраас тэр. Тус тэмцээний нийлбэр оноогоор Н.Мөнхшүр маань тэргүүлж аваргын цомыг хүртсэн.
-Наймдугаар сард мөн ОХУ-ын “Россия 1” телевизийн "Гайхамшигт хүмүүс" нэвтрүүлэгт оролцсон. Энэ талаараа яриач?
-ОХУ-ын гайхалтай авьяастай, өвөрмөц хүмүүсийг урьдаг “Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлэгт оролцооч гэсэн хүсэлт ирсний дагуу Бээжин дэх тэмцээндээ оролцчихоод Х.Хатанбаатар багштай хамт шууд Москва явсан. Ер нь өнгөрөгч наймдугаар сард гурван том тэмцээнд оролцсоны нэг нь энэ нэвтрүүлэг байсан л даа. Тус нэвтрүүлэгт улаан, цагаан гэсэн 1200 сарнайг 9 минутад тогтоож алдаагүй хэлэх ба ганцхан цэцгийн өнгийг сольсны дараа бид тэр цэцгийг олох ёстой байлаа. Бид 5 минутад бүгдийг нь тогтоон даалгавруудаа алдаагүй гүйцэтгэсэн. Энэ телевизийн шоугаа дуусгаад гэртээ очиж хоёрхон хоноод л БНСУ руу тэмцээнд явсан. Солонгосоос ирээд гэртээ ганцхан хоноод сургуульдаа ирсэн. Ийнхүү зуны амралт маань маш завгүй өнгөрлөө.
-Завгүй гэснээс залуу нас завгүй байвал амттай гэж ярьдаг даа?
-Тийм ээ, завгүй байна гэдэг нь залуу хүнийг үргэлж суралцуулж, хөгжүүлж байдаг . Тийм учраас хүн залуу насандаа сурч боловсорч, өөрийгөө хөгжүүлж, цаг хугацааг үр дүнтэй өнгөрүүлэх нь хамгийн чухал гэж боддог.
-Гиннесийн амжилт эвдсэн тэмцээнийхээ талаар ярилцъя. Тухайн үеийн сэтгэл хөдлөл үгээр хэлэхийн аргагүй байсан биз?
-Тэр тэмцээн маань 2017 онд БНХАУ-ын Шенжень хотод зохион байгуулагдсан “Дэлхийн ой тогтоолтын аварга шалгаруулах” тэмцээн байсан. Тус тэмцээний онцлог нь амжилт гаргавал Гиннесийн эрх олж авах боломжийг олгодогт оршдог.
Н.Мөнхшүр: Миний хувьд багц хөзөр цээжлэх, тоо цифр цээжлэх, хоёртын тоолол цээжлэх төрлүүдэд дэлхийн рекорд эвдсэнээс нэг цагт олон багц хөзөр цээжлэх төрлийн дэлхийн рекорд маань Гиннесийн номонд бүртгэгдсэн. Бүр тодруулбал, би нэг цагт 37 багц хөзөр буюу 1924 ширхэг хөзөр цээжилж чадсанаараа дэлхийн рекордыг эвдэж Гиннесийн номонд бичигдэх эрхтэй болсон.
Н.Энхшүр: Миний хувьд хоёртын тоолол гэх төрөлд дэлхийн рекорд эвдэж Гиннесийн номонд бичигдсэн. Энэ төрөл нь 30 минутад цээжилдэг онцлогтой ба 0-1 гэсэн цифрүүдээс бүрддэг энэ төрөлд би 30 минутад 5445 цифр цээжилж, алдаагүй санаснаараа Шведийн тамирчны эзэмшиж байсан 5040 цифрийг эвдэж дэлхийн дээд амжилт тогтоосон юм.
-Та хоёрын амжилтаас гадна Монголын Оюун Ухааны академийн тамирчдын амжилтыг хараад байхад энэ спортын дээд амжилтуудыг манай монголчууд л эзэмшээд байх шиг ... ?
-Тийм ээ. Монголын тамирчид нас насны ангилалдаа дэлхийн дээд амжилтуудыг эзэмшдэг ба тэмцээн, уралдаанд оролцох бүртээ рекордоо ахиулж байдаг. Сүүлийн үед олон улсаас биднийг “Манай тэмцээнд ирж оролцооч ээ, манай тамирчдад ирж туршлагаасаа хуваалцаач ээ” гэж урих нь нэмэгдсэн. Мөн дэлхийн хэвлэл мэдээллийн олон байгууллагууд томоохон шоунууддаа оролцох урилгыг ч их явуулдаг болж. Телевизүүд ч биднээс их ярилцлага авдаг. Тэр бүрт чадахынхаа хэрээр оролцож, эх орныхоо нэрийг гаргаж яваадаа үнэхээр их баяртай байна.
-Ингэхэд та хоёр маань энэ спортоор хэчнээн жил хичээллэж байна вэ. Яагаад ой тогтоолтын төрлөөр хичээллэх болов?
-Хоёр жил гаруй болж байна. Ахлах сургуулиа төгсөх жилдээ Оюун Ухааны академийн тав хоногийн сургалтад суусан. Тухайн үед тамирчин болно гэж ерөөсөө бодож байгаагүй. Яагаад гэвэл удахгүй оюутан болоод гадаадад суралцахаар явах гэж байсан учраас тамирчин болж чадахгүй болов уу гэж бодож байсан. Сургалтын явцад энэ спортод улам татагдаж, ой тогтоолтын тамирчин болох хүсэл төрсөн. Тэгээд л илүү гүнзгийрүүлж суралцах замд эргэлт буцалтгүй орсон доо /инээв/.
Уг нь бид хоёр урлагийн хүмүүс болно гэж ярьж, боддог байсан чинь огт төсөөлж байгаагүй шийдвэрээ гаргасан. Энэ маань ч бидний амьдралд маш том өөрчлөлтийг авчирсан.
-Тухайлбал...?
-Бид хоёр өнгөрсөн хугацаанд ардын язгуур урлагийн төрлүүдээр дагнан хичээллэж, олон тэмцээн, уралдаанд оролцдог байсан. Бүжиг, дуу, уран нугаралт, морин хуур, хулсан хуур ... гээд л. Тэгээд тайзан дээр гарах бүртээ сэтгэл хөдлөл, эмоцио гаргаж үзүүлэх шаардлагатай. Гэтэл ой тогтоолтын спорт эсрэгээрээ сэтгэл хөдлөлөө дарж сурах хэрэгтэй байдаг. Өөрсдийгөө барьж, сэтгэл хөдлөлөө дарж сурсан маань нэг өөрчлөлт нь юм уу даа. Мөн маш их сэтгэлийн хат, тэсвэр тэвчээртэй болдог юм байна.
-Ер нь яагаад хоёулаа ой тогтоолтоор хичээллэх болов оо. Магадгүй нэг нь урлагаараа явж болох л байсан ...?
-Бид хоёр бусад ихрүүдийг бодвол илүү амь гэж хэлж болно. Бүхий л зүйлээ хамтдаа хийдэг. Нөгөө гарсан ч, орсон ч хамтдаа гэдэг шиг... Багаасаа бүх зүйлийг хамт хийдэг байсан. Энэ спорт руу ч орохдоо хамтдаа шийдвэр гаргаж байж л орсон. Ер нь бид тус тусдаа, ганцаараа юм хийнэ гэж бараг байдаггүй дээ.
-Нэг талаараа эгч, дүүс хамтдаа тэмцээнд явахаар бас илүү дэмтэй, ханьтай байдаг байх. Нэг давуу тал гэх юм уу даа?
-Тэгэлгүй яахав. Тэмцээний үеэр бид хоёр өрсөлдөгч л дөө. Гэхдээ бие биенээ амжилт гаргаасай гэх үүднээс үргэлж дэмжиж, сэтгэлийн дэм өгч байдаг.
-Ой тогтоолтын тамирчидтай ярилцаж байхад “Энэ спорт насан туршийн ажил биш ээ” гэж хэлж байхтай олон таарсан. Та хоёрын хувьд хязгаар байна уу?
Н.Энхшүр: Энэ спортын давуу тал нь бүх насныханд нээлттэй байдаг. Бага балчир хүүхдүүдээс гадна ахмад буурлууд ч хичээллэж болно. Хэчнээн жил хичээллэх нь тухайн хүний л сонголт. Хүмүүсийн дунд нас нэлээд өндөр болчихлоо, одоо энэ спортоор хичээллэнэ гэж юу байх вэ гэх өрөөсгөл ойлголт их байдаг юм шиг санагддаг. Японы 70 гарсан хүмүүс тэмцээнд оролцоод явж байхтай өчнөөн л таарч байлаа. Гэхдээ Монголын нөхцөлд өөрөө бүх зардлаа даагаад, олон жил тэмцээн, уралдаанд оролцоод яваад байх хэцүү. Тиймээс төрөөс ч юм уу ямар нэгэн дэмжлэг туслалцаа үзүүлбэл, олон жил хичээллэж амжилт гаргах боломжтой болно.
-Тийм шүү. Өнөөг хүртэл оюун ухааны спортын тамирчид маань Монгол Улсынхаа нэрийг дэлхийд дуурсгаж, оролцсон тэмцээн бүрээсээ ганзага дүүрэн ирж байна. Гэтэл төр засгаас ядахнаа баяр хүргэсэн зүйл харж байгаагүй санагдана. Зардлынх нь 50 хувийг улсаас гаргадаг бол их дэм болно доо?
-Энэ спортоор хичээллэдэг хүмүүс ихэвчлэн өөрсдөө л зардлаа даадаг. Бидний хувьд ч өмнө нь өөрсдөө зардлаа гаргаад л явдаг байсан. Харин өнгөрсөн жилээс эхлэн УБТЗ Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хамт олон бид хоёрыг дэмжиж санхүүгийн талаар тусалж байгаа. Сая Өмнөд Солонгост болсон тэмцээнд явахын өмнө мөн л уулзаж, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Мөн энэ дашрамд УБТЗ-ын хамт олонд маш их талархсанаа илэрхийлмээр байна.
-Тэмцээн уралдаанд оролцохоор очиход Монголын ихэр тамирчид гэхээр хүмүүс нэлээд гайхдаг байх. Андуурах ч энүүхэнд болов уу. Хөгжилтэй зүйлс их болно биз?
-Бид хоёрын хамгийн анхны олон улсын тэмцээн 2016 онд Сингапурт болсон “Дэлхийн ой тогтоолтын аварга” шалгаруулах тэмцээн байсан. Тэнд анх очиж байхад бусад улсын тамирчид их гайхсан, андуурсан. Тухайн үед бид хоёр өсвөр насны ангилалд өрсөлдсөн юм. Тэмцээн зохион байгуулагчид бид хоёрыг ихэр гэдгийг мэдэхгүй учраас хөгтэй нэг явдал болж байсан юм. Тэр үед бид хоёр хоёулаа өрсөлдсөн төрлүүд дээрээ дэлхийн рекордыг эвдээд, тайзан дээр шагналаа авах гээд зогсож байсан чинь эхлээд Н.Энхшүр гээд намайг дуудсан. Би түрүүлж гарч шагналаа авчихаад тайзнаас буусан чинь яг араас маань Н.Мөнхшүрийг дуудаж таарсан. Тэгээд Н.Мөнхшүр шагналаа авах гээд тайзан дээр гарсан чинь зохион байгуулагчид “Чамд сая өгчихсөөн” гээд тайзнаас буулгах гэж байсан тохиолдол байна. Ихэр эгч дүүс гэдгээ тайлбарлаж байж шагналаа авсан шүү (инээв). Одоо бол бүгд мэддэг болсон.
-Оюун ухааны спортоор хичээллэдэг хүмүүст лекц бичих, цээжилж тогтоох гэдэг бол асуудалгүй болдог гэж сонссон. Та хоёрт ч энэ давуу тал байдаг уу?
-Бид хоёр хятад хэл сурч байгаа учраас өдөрт маш олон ханз цээжлэх ёстой байдаг. Харин үүнд маань бидний давуу тал маш их дөхөм болж байна.
Хүмүүс ханзыг эхлээд бичиж цээжлэхээс гадна, маш их цаг зарцуулдаг бол бидний хувьд цээжлэх гэж цаг заваа үрээд байгаа зүйл алга. Хүчлэхгүйгээр хэдэн минут харж сууж байгаад л цээжилчихдэг. Энэ спортоор хичээллэдэг хүмүүс бусад хүмүүсийг бодвол анхаарал төвлөрөлт сайтай байдаг.
-Хамт сурдаг гадаад оюутнууд нь чадвараа хуваалцаач ээ, зааж өгөөч ээ гэх хүсэлт тавих уу?
-Ихэнхдээ мэддэггүй. Ой тогтоолтын тамирчин гэхээр төрмөл авьяастай, гойд хүмүүс гэж л ойлгоод байдаг юм шиг байна лээ. Тийм хүсэлт тавьж байгаагүй ээ.
-Сурсан эрдмийг хэн ч булааж авдаггүй гэдэг ч давтаж санахгүй л бол мартагдана биз?
-Тийм ээ, аливаа зүйлийг сурч мэдсэнийхээ дараа тодорхой хугацаанд давтаж байх шаардлагатай. Ингэснээр илүү үр дүнтэй байж чадна шүү дээ.
-Ийм авьяастай, алдартай ихэр охидын гэр бүлийг энд ярихгүй өнгөрч болохгүй байх.
-Бид хоёр Улаанбаатар хотод төрж өссөн. Ээж монгол хэл, уран зохиолын багш. Өвөө, эмээ маань гутлын мастер хүмүүс байдаг.
-Гэр бүлийнхнийгээ хэр их санаж байна?
-Эхлээд их санадаг байсан. Монголдоо очоод сайхан агаарт гараад, тухтай амрах сан гэж их боддог байлаа. Тэгээд ер нь ямар ч сайхан газар очсон эх орон шиг сайхан газар гэж байхгүй л дээ.
-Тэмцээн, уралдаанд оролцохоор явахад гэрийнхэн нь юу захидаг вэ?
-Битгий сандраарай. Миний хоёр чадна аа л гэдэг. Мөн эрүүл мэнд хамгийн чухал шүү гэнэ. Бид хичээл хийгээд эхлэхээрээ амрахаа мэдэхгүй олон цаг суучихдаг талтай. Тэрийг их сануулна даа
-Ер нь дэлхийн том тэмцээнд оролцож байгаа тань нэг талаараа амжилт үзүүлэх зорилготой боловч нөгөөтэйгүүр эх орноо сурталчлах давхар үүрэг хүлээнэ шүү дээ?
-Монгол гэж хаана байдаг вэ, ямар улс байдаг вэ гэж асуулгүй яахав. Гэхдээ ихэвчлэн тэмцээний холбогдолтой зүйлс их асуудаг. Хэчнээн цаг, ямар бэлтгэлийг, яаж хийдэг вэ гээд л... Гадаадынхны хувьд Монголын тамирчид яаж энэ амжилтуудыг гаргаад байна вэ гэдэг нь их сонин байдаг юм шиг санагдсан.
-Нээрээ миний ч бас анхаарлыг татаж байна
-Хувь хүн бүрийн нөр их хөдөлмөр, тууштай зан л үүнд нөлөөлдөг байх. Үүгээр зогсохгүй тухайн хүнд чаддаг бүхнээ харамгүй зааж байгаа багшийн эрдэм, гэр бүлийн туслалцаа дэмжлэг гээд олон зүйлс бий
-Харин та хоёрын хувьд ...?
Н.Энхшүр: Хүмүүс яаж ийм богино хугацаанд хэрхэн дэлхийн аварга болов, яаж рекорд эвдэв гэж их асуудаг. Хүн дуртай, сонирхолтой зүйлдээ цаг зав гаргаж чаддаг юм байна гэдгийг үүгээр ойлгосон. Хамгийн бахархалтай зүйл маань гэвэл анх зургаан сар хичээллээд хоёулаа Дэлхийн ой тогтоолтын холбооноос олгодог хамгийн том цол болох Олон улсын хэмжээний их мастер цолны болзол хангасан. Энэ болзлыг 6000-аас дээш оноо авсан тамирчинд олгодог юм.
-Бие биенийхээ давуу талыг тодорхойлооч ээ гэвэл?
Н.Энхшүр: Мөнхшүр надаас арай хурдан. Аливаа зүйлийг надаас хурдан хүлээж аваад, цээжлээд дуусгачихдаг. Гэхдээ заримдаа хурдан хийдэг зүйлд алдаа гаргах нь цөөнгүй. Тэгсэн ч алдаагаа дахин давтдаггүй нь давуу тал нь юм болов уу.
Н.Мөнхшүр: Энхшүрийн хувьд их нухацтай. Аливаа зүйлд тайван ханддаг. Миний яг эсрэг гэх юм уу даа. Их тунгааж боддог учраас алдаа бага гаргадаг.
Тэмцээний зарим үед үнэхээр их гайхшируулдаг. Бэлтгэлийн үед хамгийн их дэмжлэг, урам зоригийг өгдөг хүн маань.
-Манай хоёрын хэн нь Томоо, хэн нь Жижигээ юм бэ?
-Бараг Монголын бүх ихрүүд ийм нэртэй байх аа /Инээв/. Мөнхшүрийг Томоо, Энхшүрийг Жижигээ гэдэг. Гэхдээ хүмүүс бид хоёрыг Энхшүр, Мөнхшүрээр нь илүү дууддаг.
-Хэн нь эгч вэ
-Бид хоёр найман минутын зөрүүтэй төрсөн гэдэг. Мөнхшүр маань эгч.
-Ойр төрсөн охид бие биендээ маш их хайртай мөртлөө байнга маргалдаж, муудалцаж байдаг гэдэг. Та хоёр яадаг бол гэдэг сонин байна?
-Өө тэгээд маргалдаж, муудалцах асуудал олон гарна аа. Гэхдээ л амь нэгтэй. Хэдийгээр санал зөрсөн ч эцсийн үр дүнд хамтдаа л нэг шийдвэрт хүрдэг онцлогтой.
-Та хоёрын хамгийн том өрсөлдөгч?
-Монголчууд монголчуудынхаа хүчтэй өрсөлдөгчид шүү. Бидний хувьд ч мөн Монгол, Америк, Герман, Хятадын тамирчид хүчтэй өрсөлдөгчид. Ер нь ямар ч тамирчин, яаж ч өсч дэвжсэн байж болох учраас тэмцээний үед анхаарал алдаж, бусдыг басаж болохгүй гэж боддог. Бидний хувьд хэн нэгнийг, аль нэг улсын тамирчныг ялна гэж тэмцээнд оролцдоггүй. Хамгийн гол нь өөрсдийгөө ялна шүү л гэдэг. Бусдыг ялахаас илүү өөрсдийгөө ялах нь хамгийн хэцүү санагддаг. Яагаад гэхээр бэлтгэл дээр хийж байсан зүйлээ тэмцээний үед хийж чадахгүй байх тохиолдол байна. Тиймээс бэлтгэл дээр хийснээ тэмцээн дээр ашиглаж чадна гэдэг л өөрсдийгөө ялж байгаагийн нэр юм.
-Та хоёрын мөрөөдөл яг юу юм бэ?
-Хамгийн эхнийх нь өөрийн хүссэн амжилтдаа бага багаар хүрэх. Алсын зорилго маань эх орондоо хэрэгтэй боловсон хүчин болохыг хүсдэг. Ер нь бид хоёр боловсролыг нэн тэргүүнд тавьдаг. Тиймээс дэлхийн шилдэг боловсон хүчин болоод улс ороныхоо хөгжил дэвшилд гар бие оролцохыг хүсдэг. Харин түүнээс өмнө өөр өөрсдийнхөө зорилгод хүрч, амжилт гаргах нь бидний мөрөөдөл.
-Аль нэг улсаас манай нэр дээрх тамирчин болооч гэсэн санал ирж байв уу?
Н.Мөнхшүр: Ирж байгаагүй. Ихэвчлэн олон улсын ой тогтоолтын тэмцээн зохион байгуулагчдын зүгээс тэмцээндээ урьж оролцуулахыг хүсдэг.
-Гадаадын улс оронд явахад “Хэрэв энэ Монголд минь байсан бол” гэх бодол төрж байв уу?
-Манай улсад ой тогтоолтын олон улсын тэмцээн зохион байгуулагдаасай л гэж хүсдэг дээ. Уг нь манайд энэ боломж байгаа. Төр засгаас энэ тал дээр дэмжээд өгвөл эх орондоо олон улсын нээлттэй тэмцээн зохион байгуулах бүрэн боломжтой. Гадаадад тэмцээнд оролцоод явж байхад сэтгэлд таарахгүй зүйлс заримдаа тохиолддог. Тиймээс тэрхүү тэмцээнүүдийг Монголдоо зохиогоод тамирчдыг нь улсдаа авчраад, биднээс үлгэр дуурайл аваасай гэж маш их хүсдэг.
-Үлгэрлэн дуурайх гэснээс та хоёрын хувьд юунаас үлгэрлэж явдаг вэ?
-Гэр бүлийнхэн маань бидний хувьд хамгийн том үлгэр дуурайлал. Манай гэр бүлийнхэн маш хөдөлмөрч хүмүүс бий. Аливаа ажлыг эхэлбэл заавал дуусгадаг, тууштай байх зан чанарыг зааж сургасан. Мөн багш нараасаа маш их урам авдаг. Биднийг чадна гэж үргэлж зоригжуулж байдаг. Сэнгээ багш маань бидэнд нэг үгийг байнга захидаг.
“Амжилт гаргана гэдэг огт алдахгүй байхын нэр биш, нэг алдаагаа дахин давтахгүй байхыг хэлдэг юм шүү” гэдэг. Үүнийг бид байнга санаж явдаг юм.
-“Дэлхийн Монгол” гэж зарлуулаад, төрийн далбаагаа бариад гарах ч бас нэг бахархал, урам биз?
-Тийм ээ, төрийн далбаагаа бариад төрийн дууллаа эгшиглүүлэх тэр мөч бол үнэхээр сайхан байдаг. Яг тэр мөчид эх нутгаараа, монгол хүн болж төрснөөрөө, мундаг багш нарын шавь нар болсноороо бахархаж омогшдог.
-Ярилцсанд баярлалаа. Илүү их амжилтыг ерөөе. Баярлалаа.
-Та бүхэнд ч бас ажлын өндөр амжилт хүсье.
Ярилцсан О.Шинэтуяа
Сэтгэгдэл ( 0 )