Б.Мандухай: Антропологи бол системээр нь судалдаг учраас олон хүнтэй уулзаж, олон жил судалж байж бүтээл төрдөг

2019 оны 05 сарын 29

Харвардын их сургуулийн доктор (Ph.D), Массачусетсийн технологийн институтын дэд профессор Буяндэлгэрийн Мандухай “Зиндаа” сэтгүүлийн “Дэлхийн Монгол” буланд уригдлаа. Бид анх танилцсанаас хойш 9 жилийн дараа Skype-аар ярилцаж буй нь энэ билээ.

 


-Сайн байна уу? Манай сэтгүүлийн урилгыг хүлээн авч цаг зав гаргасанд баярлалаа.

-“Зиндаа” сэтгүүлийн хамт олонд ажлын амжилт хүсэн мэндчилье.

-Ярилцлагаа мөрөөдлийн тухай сэдвээр эхэлье. Та өнөөдрийн хүрсэн амжилтаа хүүхэд байхдаа мөрөөдөж зүрхэлдэг байв уу? Багадаа ямар мэргэжил эзэмшье гэж боддог байсан бэ? 

-Социализмын үед Орос 3-р сургуулийн сурагч байхдаа зохиолч болохсон гэж мөрөөддөг байлаа. Миний ээж Мэнгэтийн Буяндэлгэр сэтгүүлч хүн. Ээжийн мэргэжил ч нөлөөлсөн байх. Европын уран зохиол уншиж өссөн. “Уран зохиол бичихэд тэнгэрээс заяасан авьяас хэрэгтэй” гэж боддог байлаа. /инээлдэв/ Гэхдээ антропологич болоод шинжлэх ухааны бүтээл бичихэд уран зохиол сонирхож байсан минь их нэмэр болсон. Ихэнх зохиолч нар “aвьяас 1 хувь, хөдөлмөр 99 хувь” гэж ярьдаг. Тэр нь ортой юм гэдгийг хожим өөрөө ном бичихдээ л ойлгосон доо.  

-Зохиолч болно гэж мөрөөддөг байхдаа ямар мэргэжил сонгож байв?  

-Оросын утга зохиолын их сургуулийг зорьж уран зохиолын судлаач шүүмжлэгч болох уу? Аль эсвэл Монгол хэл шинжлэлийн ангид сурч байгаад учраа олох уу гэдэг хоёр сонголтын өмнө би ирсэн. 1980- аад оны сүүл бол үндэсний үзэл сэргэж эхэлсэн үе. Би МУИС-ийн монгол хэлний ангид элсэн орох сонголт хийсэн. Монгол хэлний анги төгсчихвөл уран зохиол бичдэг хүн болно гэж бодсон шиг байгаа юм. / инээлдэв/ Харин МУИС-д оронгуут л ардчилсан хөдөлгөөн үүсч, манай улс оронд маш их өөрчлөлт өрнөсөн. Тэгээд уран зохиол гэхээсээ илүү, энэ өөрчлөлтийн тухай яаж бичих вэ гэж бодож эхэлсэн. Надад шинэ онол, шинэ арга барил хэрэгтэй санагдсан.

-МУИС-иа хэзээ төгссөн бэ?  

-Монгол хэлний ангиа 1994 оны 1-р сард төгсөөд 1995 оны 6-р сар хүртэл гурван семестр сураад анхны магиструудын нэг болсон. Бидэнд заах арга зүй, судалгааны арга зүй, компьютерийн хичээл зааж, өөрийн судалж байгаа сэдвээр шалгалт өгөөд Хэл шинжлэлийн магистрын зэрэг авч байлаа.

“АНТРОПОЛОГИЙН ХӨТӨЛБӨР НЬ САЙН” ГЭЖ Dr.Энн Уэлдэн ЗӨВЛӨСНИЙ ДАГУУ СУРГУУЛИА СОНГОСОН

-Америкт хөл тавих зам тань хэрхэн нээгдэж байв гэдэг их сонин байна?  

-1993 онд оюутны эрдэм шинжилгээний хуралд сууж байхад Америкийн ЭСЯ-ны соёлын атташе Dr. Энн Уэлдэн, Тина гэдэг орчуулагчтайгаа хамт оролцож байлаа. Тэр үед би Монгол ардын аман зохиолын холбогдолтой нэг хэсэг дээр нь нэмээд тайлбарлаад өгсөн юм. Энн Уэлдэн дараа нь орчуулагч Тинагаар намайг утсаар дуудуулж уулзсан. “Чи юу хийдэг юм, юу сонирхдог вэ” гэж асуугаад, “Чи ер нь антропологиор суралцвал яасан юм бэ?” гэж байлаа. Тэр үед би антропологи гэж юу байдгийг ч сайн мэдэхгүй шүү дээ. /инээв/ Намайг “Шалгалтанд ор. Гадагшаа явж сурах сонирхол байгаа юу?” гэхэд нь тэгье л гэсэн. TOEFL өгөөд дараа нь GRE (Graduate Record Examination) өгсөн. Аль алийг нь бэлдээд 2 удаа өгсөн дөө.

-Шалгалт өгөх амаргүй байсан уу?  

-Гурван хэсгээс бүрддэг GRE шалгалтыг Доктор болон Магистрт элсэх гэж байгаа бүх хүн өгдөг. Математикийг манайд өндөр түвшинд заадаг болохоор нэг их бэлтгэхгүйгээр тэнцсэн. Англи хэлийг нэлээн бэлтгэж байж дээд сургуульд орох оноонд хүрсэн. Логик л их хэцүү байлаа. Гэхдээ оноогоо авсан. Докторын программд юу сурах гэж байгаа, яагаад гээд нэлээн дэлгэрэнгүй эссэ бичнэ. Энэ бүхнийг МУИС-д сурахын хажуугаар л амжуулж байгаа. Докторын хөтөлбөрт элсэх, бас Фулбрайтын тэтгэлгийн шалгалт өгч байгаа нь тэр л дээ. /инээв/

-Сургуулиа хэрхэн сонгож байв?  

-Dr. Энн Уэлдэн болон Нью-Йорк дахь Фулбрайтын төв оффис зөвлөлдөж байгаад миний аппликейшнийг 4-5 сургуульд явуулсан юм билээ. Гурван сургуулиас санал ирсэн. Фулбрайт мөнгөө хэмнэхийн тулд оюутнуудыг тэр үед дандаа улсын сургуульд явуулдаг байлаа. Улсын сайн сургууль, хувийн сайн сургуулиудиас төлбөр нь хямд. “Антропологийн программ нь сайн, энэ сургууль чамд тохирно.” гэж Dr. Энн Уэлдэн зөвлөсний дагуу Нью- Йорк мужид байдаг SUNY Albany их сургуулийг сонгосон. Докторын программ эхлэхийн өмнө Бостонд зуны бэлтгэл сургалтанд намайг явуулсан юм. Тэнд анх 22 настайдаа очиж байлаа. Чек бичиж төлбөр хийх, банк ашиглах, компьютер, номын сан ашиглах алиныг нь ч мэдэхгүй. Бүхнийг тэгээс эхэлсэн. Тэр үед Монгол, Америк хоёрын хөгжлийн зөрүү их байсан шүү дээ.

-Бостонд хэр удаан суралцсан бэ?  

-Бостоны их сургуульд 45 хоног сураад сургуульдаа явах ёстой байсан. Тэнд очоод танилцсан найзуудын маань нэг Монголыг сонирхдог, Орос судлалаар Ph.D хамгаалсан хүн байлаа. “Харвардад Монголын түүх судалдаг нэг профессор бий. Чи тэр хүнтэй уулз” гэж надад зөвлөсөн юм. Tэр профессор бол Манж, Монголын түүх судлаач Nicola Di Cosmo байлаа. Намайг өөртэй нь Ph.D хийх сонирхолтой байна гээд ойлгочихож. “Ерөөсөө л энд ир. Чи Mонгол, Oрос, Aнгли хэлтэй, Tөвдөөр уншдаг, Франц хэл гадарладаг. Одоо чи Хятад хэл сурчихвал тасархай эрдэмтэн гарна. Харвардад ирж манай Зүүн Ази судлалын тэнхимд Ph.D хий” гэж хэллээ. Би Фулбрайт руу утасдаж хэлэхэд “Харвардын их сургууль Нью-Йоркийн SUNY Albany-гаас хоёр дахин өндөр төлбөртэй. Фулбрайт нэмж мөнгө өгөхгүй” гэж байна. Би Nicola Di Cosmo профессорт “Би шилжиж чадахгүй нь ээ” гэсэн. Гэтэл профессор “Чи Харвардад орох шалгалт өг. Хугацаа хожимдсон аппликейшн бөглө. Харвардаас мөнгө гуйна” гэлээ. Шалгалт өгөөд тэнцэж Харвард мөнгө нэмж өгсөн. Антропологийн онол сурахаар ирсэн хүн түүхийн багшийн шавь боллоо. Гэтэл 1995 он бол Монголд шилжилтийн үеийн амьдрал ид буцалж байсан дэврүүн цаг үе. Монголд өчнөөн үйл явдал өрнөж байгаа. Тэр тухай бичье гэсэн мөрөөдлөөсөө салаагүй байлаа. Гэтэл би XIII, XVI зууны хаад ноёдыг судлаад, уншаад сууж байхад сонин санагдаад, бүр багтаж ядаж байсан. Багшдаа “Би антропологи судалмаар байна” гэсэн чинь “Хоёуланг нь хий. Чи чадна” гэдэг юм.

-Америкт үздэг хичээлийг Монголынхтой харьцуулбал ямар ялгаа байсан бэ?  

-Ачаалал маш их. Монголд нэг жил үзэх хичээлийг Америкт нэг сарын дотор үздэг юм шиг л анх санагдаж билээ. Докторын оюутнуудад заах арга нь их өөр. Багш зөвхөн чиглүүлэх үүрэгтэй. Би хичээлээ Англи-Орос толь бичиг хэрэглэж уншина, их хэцүү. Антропологийн тэнхимд ч хичээлд ороод, түүхийн тэнхимд ч хичээллээд, зүүн Ази судлалын тэнхимд ч хичээл аваад, дээрээс нь хятад хэлний түргэвчилсэн хичээлд ороод хачин юм болж байгаа юм. Унтах ч зав гарахгүй. Унтахгүй хичээлээ хийгээд ч барагдахгүй, тийм их хичээлтэй. Монголоор ярих ч хүн байхгүй. Хичээлээ хийгээд л бараг орой болгон уйлдаг байлаа.

-Антропологи руу хэзээнээс дагнаж оров?  

-Антропологийн тэнхимийн багш надад “Хэрвээ чи антропологич болъё гэж байгаа бол антропологичидтой хамт байх ёстой” гэж хэлснээр би шулуудсан. (Манай тэнхимийн үндсэн оюутан бол гэсэн үг.) Дахиад л олон хуудастай аппликейшн бөглөөд, эссэ бичиж, шалгалт өгсөн. Тэнхимийнхэн надад “Харвардын Антропологийн тэнхим жилд таван Ph.D-гийн оюутан авна, сайн л бол зургаа. Иймд чи бусад их сургуулиудын Антропологийн Ph.D хөтөлбөрт аппликейшнээ давхар явуул” гэсэн. Би анх удаа өөртөө ухралт өгч байгаа юм. “За яахав Харвардын Антропологийн тэнхим намайг авахгүй бол зүүн Ази судлалын тэнхимдээ үлдье дээ” гэж бодсон. Nicola Di Cosmo профессор ч намайг авч үлдэхийн тулд олон янзаар ятгадаг байлаа. Тэр үед л би oлон юм зэрэг чадна гэж дайраад байдгаа больж, Антропологийн тэнхимд аппликейшнээ явуулсан чинь намайг авчихлаа. Бөөн баяр. Тэгээд л антропологийн чиглэлээр судалгаа хийж эхэлсэн дээ.

-Нийгмийн антропологийн хамгийн сонирхолтой тал нь юу вэ?  

-Антропологи бол маш их өргөн хүрээтэй, аль сонирхол татсан талаас нь судалж болно. Ямар ч сэдвээр судалгаа хийж, хэлийг нь мэдэж л байвал хаашаа ч явж болно. Тухайн сэдвийг судлахдаа аль өнцгөөс нь харах, ямар онол хэрэглэх, бусад судалгаатай өөрийн судалгааг яаж холбох, шинжлэх ухаанд ямар хувь нэмэр оруулах гээд бүгдийг өөрөө тодорхойлно. Тэр утгаараа нэг талдаа их хэцүү, нөгөө талдаа маш их эрх чөлөөтэй.

СУДЛААЧ ГЭДЭГ НЭРЭЭ БАТАЛЖ, ШИНЖЛЭХ УХААНД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСНААРАА MIT-Д ПРОФЕССОРООР АЖИЛЛАЖ БАЙНА

-Таны анхны судалгааны бүтээл Буриадын бөө мөргөлийн сэдвээр байсан. Яагаад энэ сэдэв рүү орох болов?  

-1996 онд Монголдоо ирэхэд, Оросын Буриадад Байгал нуурын эрэгт 5-р сард бөө мөргөлийн ОУ-ын бага хурал болж, ээж нэвтрүүлгийг нь хийсэн байлаа. Би эхлээд судалъя гэж бодоогүй. Ээжийг дагаж сонирхоод Налайх руу жаран ес хөлсөлж бензинээ ардаа ачаад, хүнд өгөх болон өөрсдөө идэх юмаа аваад явсан. Налайхын бөөг аваад Дорнодын Баян-Уул сум руу 36 цаг машинаар явж очсон. Дараа нь би 1997, 1998, 1999 онд дахин очиж, 2000 онд Баян-Уулд судалгаа хийж бүтэн жил тэнд амьдарч билээ.

-Юу нь тийм их сонирхол татсан бэ?

-Хүмүүс мэдлэгийн заагт ирээд, тэгээд шинэ мэдлэг нээж байгааг нь ажиглах тун сонирхолтой байлаа. Бөөгийн ёслолын үед ирсэн хүмүүсийн өвөг дээдсийнх нь онгодыг дуудаж уулзуулахад тэр онгодууд нь өөрсдийн түүхийг ярьдаг. Нэмээд дутуу байгаа, урьд нь мэдэж байгаагүй онгодоо дуудаж хүндэл гээд ийм гинжин нээлт болоод байдаг. Тэр нь яг л шинжлэх ухааны лабораторид туршилт хийгээд дараа нь юу болох бол гээд хүлээгээд сууж байгаатай төстэй. Социализмын үед бөөтэй холбоотой бүх зүйл дарагдаж байгаад, сэргээд удаагүй байсан тул хүмүүсийн мэдлэг тасарсан байсан. Судлаач хүн бусад хүмүүсийн итгэл үнэмшил, мэдлэг, дүгнэлтийг шүүмжилдэггүй. “Энэ нь буруу, зөв, эсвэл энэ нь үнэн, тэр нь худал гэж” гэж дүгнэдэггүй. Харин хүмүүс яагаад тухайн зүйлийг үнэн, эсвэл худал гэж бодож байна, ямар зүйлд итгэлтэй, эсвэл итгэлгүй хандаж байна гэдгийг судалдаг.

-Эндээс хамгийн гол нь юуг олж харав?

-Нэгдүгээрт, бөө мөргөлийн зан үйл нь тухайн нийгмийн ой санамж юм. Албан ёсны түүхэнд орхигдсон маш нарийн мэдлэгийн хуримтлал тэнд байдаг. Хоёрдугаарт, нүүдэлчдийн хувьд бөөгийн ёслол нь суурин улсын архив, угийн бичиг, номын санг ч орлож байгаатай зүйрлэж болохоор... Тэд угийн бичгээ сэргээхдээ аман болон театрчилсан маягаар мэдээллээ авч, биеэрээ амьд түүхээ авч явдаг гэсэн утгаараа их сонин байсан. Гуравт, бөөгийн онгод, ялангуяа олдохгүй төөрсөн онгодууд нь манай оронд болсон хэлмэгдэлтэй холбоотой болж ирсэн. 80-аад оны сүүлч, 90-ээд оны эхэн үед манай улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн тухай мэдээлэл ил тод болсон. Буриадууд хамгийн их хэлмэгдсэн хүмүүс. Тийм учраас тусдаа сэдэв гэж бодоод судалж байлаа. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгаж байгаа үйл явцыг судлахын тулд Түүхийн ухааны эрдэмтэн, доктор Мөнхдалайн Ренчин агсантай очиж уулзаж байлаа.

-Ренчин гуай тэр үед юу ярьж байв?

-Миний юу хийдэг тухай асуугаад, “Бөө мөргөл судалдаг” гэсэн чинь Хөөх! тийм үү гээд л бид хоёр судлаач хүмүүс учир яриа өрнөөд л явсан. Намайг шалгах маягаар “Сүнс байдаг уу?” гэж асуусан. “Хүмүүс байдаг гэж боддог, би тэр саналыг нь хүндэтгэдэг” гэсэн чинь “Сүнс гэж байдаг юм” гээд их сонин түүх ярьж өгч байлаа. Хөдөө экспедицээр явж байхад нь, хангай газар говийн гүрвэл тааралдаад, тэднийг бараг дагуулаад явсан гэдэг. Нэг газрыг сонгоод ухах гэхээр хүрзэн дээр нь гарч суучихаад дагуулж байгаа юм шиг л яваад байж. Дагаад явж байтал нэг газар очоод цомцойтол суучихсан. Тэр газрыг нь ухсан чинь тэнд нь булш байсан гэсэн. Ренчин гуайн ойлгосноор сүнс гэж байдаг. Бид олон зүйл дээр санаа нийлж, надад хэлмэгдэгсдийн тухай маш их материал өгсөн. Гэтэл энэ нь миний бөө мөргөлийн судалгааны материалтай их сонин байдлаар нийлж байгаа юм.

-Яаж нийлсэн гэж?

-Намайг Дорнодод байх 1996-2000 оны үед, Буриадууд уг гарвал нь олдохгүй байна гэж зан үйл их хийдэг байлаа. “Танай гэр бүлд хүндлэгдээгүй, мартагдсан өвөг дээдсүүд байна. Та нарыг энэ чинь зовоогоод байна. Өвөг дээдсийгээ гүйцээж уулз, хүндэл” гэж бөө нар хэлдэг байсан. Тэр мартагдсан, зовоогоод байгаа өвөг дээдэс нь заримдаа огт олдохгүй. Гол нь хэн гэдэг нь ч мэдэгддэггүй. Гэтэл Ренчин гуайтай уулзаж, Монгол даяар байгаа хэлмэгдэгсдийн нууцлагдсан булшнуудын тухай мэдсэн юм. Тэр булшнуудад хэн нь хэн гэдэг нь мэдэгдэхгүй,нэр усгүй, танигдахгүй яснууд л байгаад байдаг. Тэгээд би гэнэт бодлоо. “Олдохгүй байгаа өвөг дээдэс, мартагдсан хаягдсан сүнснүүдийн зарим нь 1930-аад оны үед хэлмэгдээд, тэднийг дурсаагүй, олигтой ч оршуулаагүй, нутгийн хүмүүсийн ярьж байгаагаар, хойноос нь маани ч уншаагүй хүмүүс юм биш үү” гэж. Хаана нас барсныг нь мэдэхгүй. Ерөөсөө нас барсан үгүйг нь ч мэдэхгүй, “Зүгээр л алга болчихсон”, “Аваад явсан”, “Хониндоо яваад эргэж ирээгүй” гэдэг юм билээ. Тэр нь тэдний ойлгож байгаагаар, харагдахгүй, одоо уулзаж чадахгүй байгаа сүнснүүд нь байна шүү дээ. Тэр төөрсөн сүнснүүд, энэ нэргүй нууцлагдсан булшны араг яснууд нэг юмны хоёр тал юм биш үү?

-Тэгэж үзэж болох юм байна.

-Бусад улс орнуудад ийм том хэмжээний булшны малтлага дээр генетикийн тест авдаг. Ялангуяа дэлхийн хоёрдугаар дайны дараа барууныхан тийм ажил нэлээд хийсэн. Саяхан 1990-ээд оны Босни- Герцеговиний дайнд нас барж нэргүй нийтийн булшинд оршуулагдсан хүмүүст зориулж Генетикийн (DNA)- ийн тестний лаборатори байгуулж, бүх яснуудыг нэг нэгээр нь шинжилж, амьд байгаа гэр бүлийнх нь хүмүүстэй холбож өгсөн шүү дээ. Энэ ажилд тусгай хөргөгч, янз бүрийн химийн бодис ашигладаг учраас асар их үнэтэй. Гэтэл манайхан ийм зүйлээр оролдсон хүмүүст дургүй. Хүн чинь хөөрхий, энд ингээд нас барсан юм байна гэдгийг ойлгохоороо гашуудаад, бас тайвширдаг юм байна. Хэлмэгдэгсдийн тухайд хаана байгааг нь мэдэхгүй учраас тайвширч чаддаггүй гэж судлаачид бичдэг. Энэ нууц булшнууд, уг гарвалаа гүйцээж чадаагүй гэж онгод тэнгэрийн хайгаад байгаа энэ хоёр ингэж онолын хувьд нийлж байгаа юм.

-Таны “Эмгэнэлт онгодууд” номонд энэ тухай өгүүлсэн байх нь ээ?

-Тийм. “Эмгэнэлт онгодууд” бол антропологийн шинжлэх ухааны ном. Номоо бичихдээ шинэ санаа гаргах гэж өчнөөн судалсан. Энд тэндгүй л бөө мөргөл, улс төрийн хэлмэгдүүлэлт байгаа. Дэлхий даяар гарсан судалгаануудыг шүүн уншиж, энэ бүхэнд миний судалгаа ямар хувь нэмэр оруулах вэ гэдэг талаас нь харж бичсэн. Ёстой л далайд дусал нэмэрлэхтэй адил тийм их судалсан сэдэвт ямар нэгэн шинэ зүйл нэмэх маш хэцүү. Энэ ном бол миний ажлын баталгаа. Би судлаач гэдэг нэрээ баталж, шинжлэх ухаанд хувь нэмэр оруулснаараа Массачусетсийн технологийн институт (MIT)-д профессороор ажиллаж байгаа.

“ЭМГЭНЭЛТ ОНГОДУУД” 2014 ОНЫ ЗҮҮН АЗИЙН АНТРОПОЛОГИЙН ОНЫ ШИЛДЭГ НОМООР ШАЛГАРЧ, 2015 ОНЫ АЗИ СУДЛАЛЫН ШИЛДЭГ ТАВАН БҮТЭЭЛИЙН НЭГД ОРСОН

-Та номоо хэвлүүлэх хэвлэлийн газраа хэрхэн сонгов?

-Миний номыг хэвлэсэн Чикагогийн их сургуулийн хэвлэлийн газар бол Антропологийн шинжлэх ухааны бүтээл хэвлэгчид дотроо хамгийн дээгүүрт ордог. Тийм учраас залуу судлаачийн анхны номыг хэвлэхгүй гэдэг зарчимтай. Америкийн Антропологийн ассоциациас жил бүр зохион байгуулагддаг том хуралд оролцож байхдаа, хэвлэгч нар судалгааны сайн ном хэвлэх гээд судлаад явж байхтай таарч, Чикагогийн их сургуулийн хэвлэгчтэй цаг авч уулзсан юм. Редакторт нь “Танайх миний номыг хэвлэхгүй байх. Гэхдээ би та нараас зөвлөгөө авах гэсэн юм” гээд номынхоо тухай ярьсан чинь “Бид чиний энэ номыг хэвлэе. Маш чухал судалгаа байна. Чи үнэхээр гоё ярилаа. Номоо явуул” гэсэн.

-“Эмгэнэлт онгодууд” номыг хэвлүүлэхэд ямар шалгуурыг давсан бэ?

-Ном хэвлүүлэх процесс хамгийн багадаа хоёр жил, цаашлаад арваад жил болдог. Хэвлэгч миний номыг хүлээж аваад профессоруудaap нууцаар уншуулна. Ямар хүмүүс уншиж байгааг надад хэлэхгүй. Тэд бол энэ сэдэвтэй төстэй сэдвээр амжилтад хүрсэн, ранкаараа надаас илүү хүмүүс. Унших гэж нэг жил болно. Учир нь тэгэж уншуулахад мөнгө ордоггүй. Нөгөө профессорууд үндсэн ажлынхаа хажуугаар миний номонд саналаа хэлж нөлөөлнө. Гурван хүнд уншуулахад гурвуулаа маш сайн гэсэн үнэлгээ өгч “Хэвлэх хэрэгтэй. Энэ их чухал ном байна. Ийм юм зас” гээд засвар ирүүлснийг нь надад явуулсан. Тэр үед миний докторын дараах Харвардын их сургуулийн грантын судалгаа дуусаад MIT-д хичээл зааж эхэлж байлаа. Хичээл заана, шинжлэх ухааны өгүүлэл гаргана, номын засвараа хийнэ. Шинэ ажилд шинэ юм сурах хэрэгтэй байсан үе. Номынхоо засварыг явуулаад нэлээн хэдэн сар боллоо. Манай хэвлэгч миний зассан засваруудыг эргээд нөгөө хүмүүстээ уншуулахаар явуулж, дахиад бүтэн жил болсон. Тэд “Их сайн болсон байна, одоо үүнийг ингээд засчихвал зүгээр байна” гээд санаа бичихээр би улам сайжруулах гээд л сууна. Тэгэж явсаар байгаад 2007 онд эхэлсэн ном 2013 онд хэвлэгдэж гарсан.

-Таны ном шинжлэх ухааны шилдэг бүтээлийн шагнал хүртсэн байх аа?

-Номын шүүмж олон газар хэвлэгдэж, Зүүн Азийн Антропологийн нийгэмлэгийн Francis Hsu-ийн нэрэмжит 2014 оны антропологийн шилдэг бүтээлийн шагнал хүртсэн. Мөн xоёр жилд нэг удаа болдог Ази судлалын том хурлаас (ICAS буюу International Convention of Asia Scholars) шинжлэх ухааны бүтээлүүдийг шалгаруулахад, тухайн хоёр жилд гарсан 500-гаад номноос эхний тавд орж байлаа. Энэ шалгаруулалт нь шилдэг 20, 10, 5 ном гэсэн шат дарааллаар явагддаг. Эхний тавд орсондоо би маш их баярласан. Яагаад гэвэл, зөвхөн антропологи  төдийгүй улс төр, эдийн засаг, түүх судлал, Хятад, Малайз, Солонгос судлал гээд шинжлэх ухааны салбар бүрийн судлаачдын олон орноос ирсэн бүтээлүүдийг өрсөлдүүлж байгаа. Тэр бүхнээс эхний тавд шалгарна гэдэг ямар сайхан гэж бодно.

-Харвардын их сургуулийн 3 жилийн грант ямар учиртай байсан бэ?

-Докторын дараах судалгааны ажил хийх 3 жилийн грант байсан. Хэлмэгдүүлэлтийн тухай судалгаагаа хийж, номоо дэлгэрүүлэн бичиж, мөн шинээр эмэгтэйчүүд сонгуульд оролцож буй тухай судалгааныхаа гол суурийг тавьсан жилүүд. Тэр шагналын гол болзол нь нэгдэх өдрийн орой болгон шагнал авсан бусад хүмүүстэйгээ хоолонд орох. 30 орчим нь залуучууд, дээр нь Харвардын профессор, Нобелийн шагналтнууд нэмэгдээд 50-иад хүнтэй клуб маягийн хамт олон болж түүхч, математикч, физикч, яруу найрагч, утга зохиолын шүүмжлэгч, биологич, генетикч гээд олон салбарт амжилт гаргасан дэлхийн алдартай хүмүүстэй гурван жил хамт байлаа. Гайхамшигтай байсан.

-Тантай анх 2008 онд танилцаж байхад жендерийн судалгаа хийж байсан. Энэ таны хоёр дахь номын судалгаа гэж ойлгож болох уу?

-“Эмгэнэлт онгодууд” номоо хэвлүүлж амжаагүй байхад 2008 оноос сонгуулийн судалгаа эхэлсэн. 2008-2012 онд хийсэн судалгаагаараа эмэгтэйчүүд улс төрийн сонгуульд оролцож байгаа талаар жендерийн анализ хийсэн судалгааны номоо бэлдэж байна. Олон жил бичсэн. Засаж янзлаад, шинэ юм гарч ирэхээр нь харьцуулж уялдуулаад, хичээл заахын хажуугаар бичиж байна. Энэ номоо удахгүй гаргах ёстой.

-Өөр ямар чиглэлээр судалгаа хийж байгаа вэ?

-Өнгөрсөн хавар “Монголд үл хөдлөх хөрөнгө хэрхэн хөгжиж байгаа талаар судалгаа хийх” грант аваад зун очиж эхлэлээ тавьсан. Гэр хорооллын дахин төлөвлөлт хэрхэн явагдаж байна гэдгийг хүн судлал талаас нь судалж байгаа. Хашаагаа байраар сольсон болон сольж чадаагүй хүмүүс, ногоо тарьдаг жирийн эмэгтэй, хотын дарга нар, барилгын сайдууд, гүйцэтгэгч компанийнхан зэрэг хүмүүстэй уулзаж улс төр, эдийн засаг талаас нь харьцуулан судалж байна. Антропологи бол системээр нь судалдаг учраас олон хүнтэй уулзаж, олон жил судалж байж бүтээл төрдөг.

-Ph.D хийх залууст юу зөвлөх вэ?

-Хамгийн гол нь сэдэв болон ажилдаа үнэхээр сонирхолтой байх хэрэгтэй. Сонирхолгүй ажлыг долоон жил хийнэ гэдэг хэцүү.

-Та Массачусетсийн технологийн институтын дэд профессор. Энэ зэрэг цолд ямар шалгуур тавигддаг нь сонин байна?

-Би 2008 онд анх профессороор ажилд орсон юм. Америкт ассистант профессорууд сургуулиасаа хамаараад 5-6 жилийн дараа “жинхэлдэг” (tenure avana). “Жинхэлнэ” гэдэг нь профессор болох түвшинд бүтээлээрээ тэнцэхийг хэлдэг. MIT бол хоёр ном, нэмээд өгүүллүүд гаргасан байхыг шаарддаг. Бусад сургуулиуд нь голдуу нэг ном, бас өгүүллүүд шаардана.

-Тэгэхээр хоёр ном бичиж байж жинхэлнэ гэсэн үг үү?

-Тийм. Нэг нь хэвлэгдсэн, нөгөө нь хэвлэлтэнд орох болчихсон гээд 2015 оны намар бүх материалаа бүрдүүлж өгч байлаа. Миний анхны ном 2013 онд гарсан. Энэ номоо гарахаас өмнө би хоёр дахь номоо бичээд, 400 хуудас эхийг нь өгч байлаа. Mиний сэдвээр Европ, Америк, Австрали даяар ажиллаж байгаа багш нар уншаад шүүмж бичих түвшинд бичигдсэн байх ёстой. Эхний номын шүүмж Антропологийн шилдэг таван сэтгүүлд гарсан байх ёстой гэсэн шаардлага тавигддаг. Аз болж, тэр шүүмжүүд бүгд нааштай байсан.

-Үүнээс өөр ямар шалгуур үзүүлэлтийг хангах ёстой вэ?

-За тэгээд хичээлээ хэр заасан талаарх оюутнуудын шүүмж, тэнхимийн болон сургуулийн амьдралд оролцсон оролцоо, мөн Антропологийн холбоонд ямар хувь нэмэр оруулсан гэх мэт.

-Таныг дэд профессороор жинхлэх шийдвэрийг хэн хэрхэн гаргадаг вэ?

-Минийхтэй ойролцоо сэдвээр судалгаа хийдэг эрдэмтдэд миний бүтээлүүдийг явуулж уншуулдаг. Хэнд уншуулж байгааг би мэдэхгүй. Тэнхимээс 40-45 профессортой холбогдож “Буяндэлгэрийн Мандухай дэд профессор болох процессыг эхэлж байна. Та профессорын ажилд үнэлгээ өгөхөд оролцох уу? Хэрвээ оролцоно гэвэл 11-р сард Мандухайгийн материалыг явуулна. Та гурван сарын хугацаанд уншаад энэ ажлыг нь дүгнэж захиа бичиж ирүүлнэ үү” гэж бичдэг юм байна. Хамгийн багадаа 30-аад хүнээс захиа авч, тэдний өгсөн үнэлгээг тэнхимийн эрхлэгч нэгтгэж деканд танилцуулна. Декан комиссоор оруулж, их сургуулийн ерөнхийлөгчийн комисст танилцуулна. Дараа нь корпораци буюу хандивлагчдын нууц комиссоор хэлэлцүүлнэ. Шат дамжлага бүр нь нууц явагддаг. Дээд, доод шат шийдвэр гаргах түвшинд хоорондоо харьцдаггүй. Нэг нэгэндээ тайлбар өгөх ёсгүй. Тэнхимийн комиссоор миний ажил зөвшөөрөгдөж байж деканы комисст очно. Деканы комиссыг давж чадахгүй бол ерөнхийлөгчийн комисст явуулахгүй. Яагаад дэмжээгүй талаараа тайлбар өгөх ч албагүй. Эцэст нь ерөнхийлөгч үгээ хэлнэ. Бүгд хүлээн зөвшөөрсөн ч ерөнхийлөгч үгүй гэвэл яах ч аргагүй. Ерөнхийлөгч хэнд ч тайлбар өгөхгүй.

-Чанга байна шүү. Ерөнхийлөгчийн шийдвэр хэзээ яаж гарсан бэ?

-Би 2015 оны 8-9 сард материалаа өгөхөд, хариу нь 2016 оны 5 сард ирж байгаа юм. Нэг өглөө и-мэйлээ шалгахад “Танд баяр хүргэе” гэсэн деканы захиа ирсэн байлаа.

-Энэ захиаг авах хүртэл хэдэн удаа шалгуурт оров?

-Эхнийх нь 2011, тэгээд 2013 онд. Хамгийн чухал гурав дахь шалгуур нь 2015-2016 онд болсон. “Захиргаа таныг жинхлэгдсэн дэд профессор болголоо гэдгийг мэдэгдье” гэсэн захиа ирж байгаа юм. Жинхэлсэн гэдэг гол утга нь, би дахин гэрээ хийх шаардлагагүй. Тийм учраас тэтгэвэрт гарталаа Массачусетст багшлах эрхтэй. Жинхлээгүй ассистант профессор байхдаа гэрээ нь 3-4 жилээр сунгагдаад явж байлаа. Tenure авахаар насаараа тэр сургуульдаа ажиллаж болно. Хэрвээ Tenure аваагүй бол тэр сургуульдаа үлдэхгүй, өөр ажил хайх хэрэгтэй болдог. Миний хувьд 2008-2016 оны таван сар хүртэл маш олон жил амьсгаа дээгүүр явлаа.

-Эрдмийн ажил хийж буй хүн олон даваа давж, ачаалал ихтэй ажилладгийг тэр бүр хүн мэддэггүй.

-Яг үнэндээ маш их ачаалалтай. Өдрийн ихэнх цаг оюутнуудтай өнгөрдөг. Би эхний номоо бичиж байхдаа өглөө бүр 3.30-4.00 цагийн хооронд босч ажилдаа явахаасаа өмнө бичээд, ажилдаа очиж бусад ажлаа хийж ирээд, орой чадвал бичнэ. Хүүхэд бага байхад есөн цагт хүүхдээ унтуулчихаад арван цагт босч юмаа хийнэ гэж төлөвлөөд, заримдаа компьютерийн урд бүхлээрээ унтчихсан өглөө 4, 5 цагт нэг их сандарсан хүн сэрдэг байлаа. /инээв/

-Судалгааны бүтээл бичихдээ редакторуудтай хамтарч ажилладаг уу?

-Судалгааны өгүүлэл нь онолын хувьд төдийгүй уран яруу талаасаа хүн уншихад эвтэйхэн, санаагаа зөв илэрхийлсэн байх ёстой. Тийм учраас редакторуудаар хэд хэд уншуулна. Их мөнгө зарцуулдаг. Судалгаагаа олон хүнээр уншуулж шүүмжлүүлдэг учир нарийн нямбай хандах хэрэгтэй. Хөдөлмөр их шаардана. Миний ажлын 90 хувь нь оюутнууд, олон нийтийн ажилд зориулагддаг ч, шалгуурын 90 хувь нь бүтээлээр хэмжигддэг.

-Ийм шалгуурыг хүн бүр давж чадахааргүй юм байна шүү?

-Ялангуяа шинжлэх ухааны хүмүүс бүтээл гаргаж чадаагүй бол 3-5 дахь жилээсээ шалгуур бага, нэр хүнд нь тийм өндөр биш ч бас боломжийн газарт ажил олдвол явчихдаг. Гэхдээ эцсээ тултал зүтгэнэ гэсэн хүмүүс байгаа шүү дээ.

-Таны хувьд, хамгийн аз жаргалтай мөчүүд хэзээ байв?

-Анх Фулбрайтын тэтгэлэг аваад Америк руу нисэх гэж байхдаа маш их баярлаж байсан. Ээж минь анх үнэмшээгүй гэдэг. Мөн Нийгмийн антропологийн тэнхимд орсон тэр мөч үнэхээр сайхан. Харвардад Антропологийн докторант байхдаа санаа нийлсэн ухаантай, чадварлаг хүмүүстэй өдөр тутам хамт байх нь гайхамшигтай байсан. Оюуны их далай дотор байгаа юм шиг л санагдана. Тэнхимийн эрдэм шинжилгээний хурал, семинар, бусад их сургуулиудаас хүмүүс урьж лекц уншуулах үед докторын оюутнууд, багш нар санал солилцох тэр мөч бүр ч сайхан. Өгч, авч, өөрөө санал оруулж байна. Одоо бол би голдуу оюутнуудад өгч байгаа хүн шүү дээ. Өгөх нь их, авах нь бага.

-Монголоо санадаг уу?

-Санана аа. Найз нөхөд, ах дүүсээ санана. Халуунд ч сэвэлзэн үлээдэг талын салхиа санана. Монголд нар удаан жаргадаг. Ялангуяа тал нутагт оройжингоо улбар шаргалтаад л ягаараад байдаг нь бодогдоно. Шөнийн тэнгэрт түгсэн одод, талд ургасан зэрлэг цэцэгсээ санана. Хөдөөгийн замд явж байгаад хүссэн газартаа машинаасаа буугаад өвсөн дээр сууж амардаг сайхан мөчөө их үгүйлдэг дээ. Энд бол газар нь тэр чигээрээ эзэнтэй учраас, хурдны замаас шууд гараад амрах боломжгүй шүү дээ.

-Монгол хүний гээж болшгүй хамгийн эрхэм чанар гэвэл та юуг онцлох вэ?

-Гэр бүлээ гэсэн өөриймсөг хандлага, ээж аавыгаа харж тэтгэх, нэгэндээ туслах, хэцүү үед нь харж хандах сэтгэл. Үүнийгээ л бүү гээгээсэй гэж боддог.

-Бидний ярилцлага маш өгөөжтэй боллоо гэж бодож байна. Эрдмийн ажилд тань улам их амжилтыг хүсье.

Ярилцсан: Ц.Оюунчимэг

2017 он 10,11 сар "Зиндаа" сэтгүүл №07/507

Сэтгэгдэл ( 34 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ШУа(66.181.178.199) 2023 оны 12 сарын 18

Сайхан ярилцлага, судалгааг үнэлпэг газар ажиллах урамтай байх аа., Өгч авах нь үр өгөөжтэй. Ер нь манайд бол ярилцах санаа бодлоо хуваалцах цаг завгүй байдаг даа, ажлынхаа бүх үйл ажиллагаанд оролцох, түгжрэл, хүүхдээ авах, амьдралын асуудлууд, ах дүүсээ харах гээд бүүр бүх юманд чиглээд судалгааны чанар мууддаг. Эмэгтэйчүүд эрдмийн ажил хийх амаргүй байдаг, Танд амжилт хүсье.

0  |  0
зочин(202.72.240.53) 2021 оны 10 сарын 08

мундаг бүсгүй юмаа ийм л хүн эх ороноо хөгжүүлэнэ дээ

0  |  0
Zochin(202.179.26.227) 2019 оны 07 сарын 22

Mundag yum bayar hurgie! Manduhai neriin eznee jinhene monoor n olj tanih boltugai gej erooe

0  |  0
зочин(202.9.43.73) 2019 оны 05 сарын 30

мандухай бүтээлээ монгол дээр хэвлээрэй олж уншмаар байна энэ тухай сурвалжлагч асуучихгүй дээ

1  |  0
амартүвшин(66.181.161.12) 2019 оны 05 сарын 30

хүндэлж бахархмаар хөдөлмөрч тууштай хүн бна , бөөгийн зан үйлийг үгүйсгээгүй ойлгож судалсанд бас их баярлалаа

1  |  0
Иргэн(203.169.50.227) 2019 оны 05 сарын 30

Судалгаанд нь тус болох юмсан

1  |  0
Сүлд(66.181.189.125) 2019 оны 05 сарын 30

Асар хөдөлмөрч хүн. Бахархаж байна.

2  |  0
Tungalag(185.13.106.196) 2018 оны 06 сарын 21

Mash saixan yariltslag boljee.uxaantai daichin emegtei jm.amjilt xusiy

0  |  0
Ганзаа(202.72.244.219) 2018 оны 06 сарын 15

“Эмгэнэлт онгодууд” ном нь Монгол хэл дээр хэвлэгдсэн үү үгүй бол хэзээ хэвлэгдэж гарах вэ.

0  |  0
Ганзаа(202.72.244.219) 2019 оны 05 сарын 30

“Эмгэнэлт онгодууд” ном нь Монгол хэл дээр хэвлэгдсэн үү үгүй бол ном нь хэвлэгдэж гарах вэ.

2  |  0
зочин(66.181.161.127) 2018 оны 06 сарын 03

Мундаг бүсгүй Мандухайд ажлын амжилт хүсэе.Цаашдаа монголынхоо төлөө их юм хийгээрэй

0  |  0
Зочин(112.72.11.119) 2019 оны 05 сарын 30

Жинхэнэ язгууртнуудад онгод тэнгэрүүд байдаг тэд л дээр байх ёстой боолууд дээр гарчаад сүйрүүлж байна

1  |  0
Ж.Мөнхцэрэн(66.181.184.50) 2019 оны 05 сарын 31

Хүчирхэг, чадварлаг үнэхээр бахархмаар эмэгтэй байна. Эрдмийн их үйлс нь үргэлж өндрөөс өндөрт гэрэлтэж байх болтугай. Монголын минь нэгэн бахархал

1  |  0
Зочин(66.181.178.94) 2018 оны 05 сарын 14

Үнэхээр эх нутгаасаа алс хүний эх нутаг элгэн саднаа гэх сэтгэгдлийг нүдэнд харагдаж чихэнд сонсогдохоор дүрсэлжээ. Эрдмийн зэрэг цолны шаардлагыг монголчууд шууд хуулаад шаардлагаа болгомоор байна даа........?

0  |  0
Уншигч(202.9.41.57) 2018 оны 05 сарын 14

Мундаг бүсгүй Мандухайд амжилт хүсье. Монголын нэрийг дэлхийн их сургуульд дуудуулж яваагээр нь бахархаж байна.

0  |  0
sorry(76.22.46.29) 2019 оны 06 сарын 04

Судалж судалж ...тэгээд ердөө бөө мөргөл үү????!!!! чааваас даа ,яахав Амөрик ховор , судалгаа багатай зүйлийг дэмждэгт л бгаа бх да. ...

1  |  3
Зочин(203.91.115.37) 2018 оны 05 сарын 13

Бөө бөө гээд л хэл амаа уралдуулаад байх. Өнөөдөр монголд жинхэнэ хэдэн бөө удган байдаг юм. Миний бодоход лав л нэг ч үгүй байх. Хүний хэлсэн асуусан зүйлээр далимдуулж мөнгө олох гэсэн, амар хялбарыг хайсан мэдрэлийн өвчтэй,эрүүл бус хүмүүс л дийлэнх нь байх аа. Одоо цагт гэр хорооллоор дүүрэн бөө нар өглөө үдэш,цаг нар хязгааргүй цан хэнгэргээ дэлдэж хавь ойр байгаа оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа нь харин гэмт хэрэг гэж боддог.

0  |  0
Зочин(202.179.26.210) 2018 оны 05 сарын 13

9 эрүү шүүлт давж байж л жинхэнэ эрдэмтэн болдогын тод жишээ бүсгүй бндаа. Хүн өөрийгөө олох, дуртай ажлаа хийх ийм гоё шүү.

0  |  0
Нар(172.73.232.81) 2018 оны 05 сарын 12

Өгөөжтөй сайхан судалгаа хийсэнд талархая. Мэргэжлийн сэтгүүлч гол асуудал чиглэл сэдвээ л асууж сурвалждаг. Манай сэтгүүлч нар хүний анкет бүртгэдэгээ болимоор юм. Их нуршаа болоод байна. Шууд сэдвээ асууж сурвалжвал их амттай уншигчдад хүрэх болно шүү. Үүнийг л хойшдоо сэтгүүлч нар анхаараасай.

0  |  0
Сувдаа(90.38.78.139) 2018 оны 05 сарын 11

Гайхалтай....

0  |  0
Тив тэнгэр (64.119.21.121) 2018 оны 05 сарын 11

Бөөг бөө биш нөхөд ойлгохгүй тул бүгдээрээ амаа татвал барав

0  |  0
N.Altantsetseg.(62.195.226.44) 2018 оны 05 сарын 11

Mash ix sonirxoltoi unshlaa .Tanid mash ix amjilt xusie.

0  |  0
яяяя(202.21.127.168) 2018 оны 05 сарын 11

БӨӨ БОЛ СЭТГЭЦИЙН ӨВЧИН ГЭЭД ЭМЧ НАР БАТЛААД БАЙДАГ.

0  |  0
Би(175.223.18.53) 2018 оны 05 сарын 11

Мундаг бүсгүй бн Улам их амжилт хүсэе

0  |  0
Баадай(64.119.18.13) 2018 оны 05 сарын 11

Бахархам мундаг хүүхэн байна. Мандухай монголдоо хэрэгтэй юм ихийг хийгээрэй гэж хүсье

0  |  0
Уншигч(202.179.25.51) 2018 оны 05 сарын 11

Мандухайд баяр хургэе. Монголын бахархал.

0  |  0
Top