Т.Ууганбаатар: Нэгэнт зорьсон замд ухралт байх ёсгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 24

"Зиндаа" сэтгүүлийн 2019 оны №13 дугаараас онцолж байна.


Дэлхийн II дайны дараа америк хүн бүр, айл бүр, улс орноороо “Америк мөрөөдөл”-д автаж байв. Энэхүү Америк мөрөөдөл буюу “Бид ертөнцийн төв” хэмээх үзэл баримтлалын ачаар л тус улс өнөөдрийн энэ их хөгжил цэцэглэлтэд хүрсэн хэмээн судлаачид үздэг.

Үүний нэгэн адилаар мөрөөдөл гэгч их мөрөн тал талаасаа урсгал аван нийлж, томорсоор “Монгол мөрөөдөл” хэмээх том мөрөнг бий болгоно. Энэ том мөрөн буурал Азийн цээжин дээрээс эх авч, буцалтгүй урагшлан түрсээр далайн чанадад хүрч, даяарчлалын давуу талыг ашиглан дэлхийн цээжинд гарна. Бидэнд ийм боломж бүрэн бий. Эдүгээ том нь бус шалмаг нь, тоо нь бус чанар нь, хуучин нь бус шинэ нь өсдөг, өндийдөг болсон цаг. Энэ бол монголчууд бидэнд шинэ боломж. Шинэ боломжийг жижиг үндэстэн түрүүлж мэдэрвээс хөгжлийн манлайг олж чадна. Үүнд гагцхүү бидний сэтгэлийн чин санаа буюу монгол мөрөөдөл л хүргэх юм.

Ингэж ярихын учир ийм нэгэн монгол мөрөөдлийг тээн, мөрөөдөл дундаа амьдарч яваа залуухан эрхэмтэй цөөн хором хөөрөлдсөнийх юм. Хүний нутагт цор ганцаараа, хэл усыг нь ч мэдэхгүй өдөржингөө өдрийн тэмдэглэлтэйгээ нөхөрлөж, эх нутгаа санан үгүйлж, гүйгүүл морь шиг нутаг руугаа “зугтан” ирмээр байвч өнөөдрийн бус ирээдүй холын мөрөөдөлдөө чөдөрлүүлэн, сэтгэлээр унаж суусан үе түүнд цөөнгүй. Хаашаа л харна “чи чадах уу” гэх харц, үл ойлгогдох яриа, яаж үргэлжлүүлнэ ээ гэх айдсаасаа болж тэр бүхнийг орхиод нэг удаа нутагтаа иржээ.

Мэдээж Монгол минь сайхан. Тэр ирээд өөрийн гэсэн орчныг бүрдүүлэхээр шийдэж, Дархан хотод байгуулагдсан мини теннисний анхны клубт багшлахаар болсон байна. Тэндээ хүүхдүүдэд хоёр долоо хоног теннисний сургалт хийгээд нийслэлд ирж, анхны тэмцээндээ ороод бараг л бүх шагналыг нь хамаад буцсан гэдэг. Энэ нь ч түүнд маш их урам зориг өгчээ. Нэг л өдөр тэр “Би яагаад зугтаад ирэв ээ. Одоо дөнгөж 24-хөн настай байж яагаад шантрах ёстой гэж. Хятад хэл мэдэхгүй ч сурч болно шүү дээ. Найз нөхөдгүй ганцаардаж байгаа бол илүү нээлттэй байх хэрэгтэй биз дээ” хэмээн өөрийгөө зоригжуулсан байна. Ингээд л гэнэт ирсэн шигээ гэнэтхэн шийдээд Шэнжэнийг зорьжээ. Гэхдээ энэ удаад “Залуу хүний зориг зүрхээрээ заавал амжилт гаргаж байж Монголдоо буцаж ирнэ” хэмээн өөртөө амлав. Тэр амлалтандаа хүрсэн. Амьдралынхаа арван жилийг тэр БНХАУ- ын Шэнжэнь хотод өнгөрөөж, эхлээд дасгалжуулагч, дараа нь шүүгч, тэгээд зохион байгуулагч, өнөөдөр ахлах дасгалжуулагч болтлоо өсөн дэвжжээ.

Аав, ээжийнхээ олгосон хүмүүжлээр теннис хэмээх спортод шунан дурлаж, ахлах сургуулийн есдүгээр ангидаа дасгалжуулагчийн гараагаа эхэлсэн тэрбээр Монголд байхдаа БНЭУ-д болсон тэмцээнд хамаг “шилдэг”-үүдээ хамж очоод “уншуулчихаж” байсан тухайгаа ч ярьж байв. Тэр цагаас л тэрхүү ялагдлын учрыг олох гэж дасгалжуулагч болж, суралцаж бас хөгжиж яваа Т.Ууганбаатар хэмээх эгэл жирийн монгол залуу БНХАУ-ын Шэнжэнь хотод байрлах Олон улсын “Юэтонг” академийн Ахлах дасгалжуулагчаар ажиллаж, дэлхийд тэр дундаа тэрбум гаруй иргэнтэй Хятад улсад Монголоо дуурсгаж явна. Ийм хүмүүсийг л бид “Дэлхийн Монгол” булангийнхаа зочин хойморт урьдаг билээ.


-Хүний нутагт монгол хүнтэйгээ уулзах сайхан. Тэр дундаа бахархал дүүрэн амжилтын богцыг хамтдаа задалж буй нь туйлын таатай хэрэг болж байна. Таныг Монголын теннисний шигшээ багийг дасгалжуулж байсныг тань сайн мэднэ. Харин энд \Шэнжэнь\ ирээд хэр удав аа?

-Тийм ээ сайхан байна. Би анх энд ирсэн нь 2008 он. Бүр суурьшин амьдарсан нь 2009 он гэж бодохоор арав орчим жил Шэнжэньд амьдарчээ.

-Энд ирээд төрсөн анхны сэтгэгдэл ямар байв?

-Үнэндээ би чинь азаа үзэх гэж л ирсэн хүн шүү дээ. Ажиллахаар ирж байгаа байгууллага маань “Юэтонг” гээд Олон улсын теннисний академи. Сургалт, үйл ажиллагааны хувьд Монголд хэдэн хүүхдэд теннис зааж байсантай харьцуулшгүй нь тодорхой. Ийм том байгууллагад ажиллана гэдэг дасгалжуулагчдын хувьд мөрөөдөл. Гэтэл би мөрөөдөл дотроо ороод ирчихсэн байдаг.

Тиймээс өөрийнхөө чаддаг бүхнийг дайчилна гэж шийдээд шууд л ханцуй шамлаад хамаг ажлаа эхлүүлсэн. Тухайн үед миний амьдралд гарсан өөрчлөлтийг зүйрлэж хэлбэл жирийн иргэн гэнэт Ерөнхийлөгч болох шиг л юм уу даа.

-Шантрах үе байв уу?

-Энд ирээд жил гаруй болсон ч хэл сурч чадахгүй, найз нөхөдгүй байсаар ярианы дутагдалд орж сэтгэл зүйн хямрал эхэлсэн. Хэдийгээр теннис маань спорт ч гэлээ би бизнесийн байгууллагад ажиллаж байгаа. Хэл сураагүй болохоор үйлчлүүлэгч олддоггүй байв. Би тэмдэглэл хөтөлж, өөртэйгөө ярилцаж өдрийг бардаг байсан. Тэгээд нэг л өдөр нутаг руугаа зугтсан. Ер нь спортод хүч үзэж байгаа монголчуудын зугтсан түүх олон байдаг. Тэдний л нэгэн адил нутаг руугаа гүйсэн. Монголдоо очингуутаа өөртөө шинэ орчин бүрдүүлэхийг хүсч, Дарханд байгуулагдсан мини теннисний анхны клубт багшлахаар болсон. Энэ хугацаанд Шэнжэньд байхдаа академиас их зүйл сурснаа ойлгож, хүүхдүүдэд багшилж чадах юм байна гэсэн итгэлээ сэргээсэн дээ.

 -Тэгээд л Шэнжэнийг буцаж зорьсон байх нь. Ирээд юу болов гэдэг сонин байна?

-Шэнжэньд очоод ярьж чаддаггүй байсан хүн чинь яриад эхэллээ. Өмнө нь жил гаруй сонсчихсон болохоор чих онгойчихгүй юу. Тэгээд л хүмүүстэй харилцах харилцаа, сургалтын хөтөлбөр, тэмцээн уралдаанд санал бодлоо илэрхийлэх байдал дээшилж эхэлсэн. Ярьж эхэлснээсээ хойш өдрийн тэмдэглэлээ ч мартаж орхисон. Яагаад гэвэл өөртэйгөө биш хүмүүстэй ярьдаг болсон хэрэг.

-Монгол залууг хятадууд хэрхэн хүлээж авав. Хэрхэн өсч дэвжив ээ?

-Би хамгийн багаас нь эхэлсэн. Эхлээд дасгалжуулагч, дараа нь шүүгч, тэгээд зохион байгуулагч, өнөөдөр ахлах дасгалжуулагч хийж байна. Цаашид ч намайг маш урт амжилт, ажлын зам хүлээж байгаа. Өнөөдөр миний удирдлагад Хятадын болон гадаадын есөн багш ажилладаг. Мөн Америк, Англи, Франц, Итали багш нар гэрээгээр ирж ажиллана. Миний ажлын зарчим бол хурд. Хариуцсан ажлаа хурдан, чанартай хийхийг эрмэлздэг. Ахлах дасгалжуулагчийн ажил үүргийн хуваарьт хүүхэд дасгалжуулахаас гадна ажилчдыг удирдан зохион байгуулах ч багтдаг. Сургалт, зөвлөгөөн, олон улсын тэмцээн зохион байгуулах гээд өндөр хариуцлага хүлээнэ. Тэр бүхнийг чадах чинээгээрээ хийж ирлээ. Хийсэн ажил болгоноосоо шинэ зүйл суралцаж, хөгжиж байгаадаа баяртай байдаг. Өнөөдөр миний удирдлагад байгаа хятад дасгалжуулагчид намайг алдаа гаргахыг анаад сууж байж мэднэ. Зарим нь намайг хүлээн зөвшөөрөхгүй байх нь ч бий. Тэр хүмүүст хөдөлмөрөөрөө хүлээн зөвшөөрөгдөхийг хичээдэг. Мэдээж хүн л болсон хойно алдаа гаргана. Шантрах үе ч гарна. Хөнжлөөрөө толгойгоо ороогоод орилж байсан үе ч цөөнгүй. Хүний нутагт тэр бүхнийг хэнд ярих юм бэ. Энэ болгонд надад эрч хүч, энерги өгч байсан зүйл бол миний ажлын талбар. Хэдий хэцүү байсан ч хүүхдүүд дээрээ ирээд бүх зүйлээ мартдаг байсан. Гартаа цохиур бариад, хичээлээ заагаад зогсож байхдаа би жаргалыг мэдэрдэг. Энэ л миний тэсч гарсан нууц зэвсэг юм. Хүний нутагт ганц монгол ажиллаж, амьдарна гэдэг маш их сэтгэлийн хат, тэвчээр шаарддаг.

Нэгэнт зорьсон замд ухралт байх ёсгүй. Тэвчиж, гүрийж өнөөдрийг хүрлээ. Энд ирээд би 4000 гаруй шавь, маш олон анд нөхөд, тодорхой хүрээлэлтэй ч боллоо. Теннисээр дамжуулж нийгмийн бүх шатны хүмүүстэй танилцсан. Мэдээж би Монголдоо байсан бол ямар нэгэн хэмжээгээр амжилт гаргасан байх биз. Гэхдээ Хятад хэмээх энэ их гүрэнд өөрийгөө тунхаглаж байгаадаа баяртай байдаг.

Теннис надад энэ бахархлыг өгсөн. Өнөөдөр олон монголчууд гадны оронд сайн боловсрол эзэмшээд дараа нь эх орондоо сайхан зүйл хийж байна. Би тэр жишгээр л явна. Тиймээс би Хятадад олон жил ажиллаж байгаагаа буруу гэж боддоггүй. Харин ч эсрэгээрээ эндээс сурч мэдсэн зүйлс маань Монголын теннисний хөгжилд хэзээ нэгэн цагт хэрэг болно гэсэн итгэл үнэмшлээр ажиллаж байна. Тиймээс алхам тутамдаа теннисний сургалтын арга зүйд хичээн суралцаж, сурсан зүйлээ турших байдлаар 2017 онд Шэнжэнь хот болон ойр хавьд байгаа теннисний дасгалжуулагч нарт “Бага, дунд насны хүүхдийн бэлтгэл сургуулилтыг яаж явуулах вэ” гэсэн сэдвээр сургалт зохион байгуулсан. 2017 онд Шэнжэнь хотын АТП-ын “Австралиан опэн вхитэ кард” тоглолтыг тайлбарласан. Энэ мэтчилэн теннисний спорттой холбоотой бүхий л шатны ажлыг хийж байна.

-Хятадын спортын хөгжил сүүлийн үед дэлхий дахиныг дэлдийлгэж байна. Тэр утгаараа дасгалжуулагчдад өндөр шаардлага тавьдаг байх?

-Үнэхээр ч Хятад улс спортын бүхий л төрөлд амжилттай байгаа. Олимп, олон улсын тэмцээнүүдээс хэчнээн медалийг нь хятадууд авч байгааг та бүхэн харж л байгаа байх. Бүх спорт жигд сайн хөгжиж байна. Азиуд теннисний спортоор онцгой амжилт үзүүлж чаддаггүй нь тэдний биеийн бүтэцтэй нь холбоотой. Яс жижигтэй, намхан хүмүүс шүү дээ, бид чинь. Харин сүүлийн үед Азийн орнууд мундгуудтай яаж эн тэнцүү өрсөлдөх вэ гэдгээ судалж, тусгай техникийг гаргаж ирж байгаа. Энэ бүхнийг хараад, гар бие оролцоод явж байгаадаа баяртай байдаг. Мэргэжлийн спортод нэг тамирчны ард бүхэл бүтэн баг ажилладаг. Тэр утгаараа дасгалжуулагчдад өндөр шаардлага тавьдаг л даа. Тухайлбал, монгол хүн болгон барилддаг ч бүгд аварга болдоггүй шүү дээ. Түүнтэй адил хүссэн хүн шууд дасгалжуулагч болчихгүй. Урт хугацаанд суралцаж, өөрийн гэсэн арга техникийг боловсруулж байж хүлээн зөвшөөрөгдөнө.

-Тэгвэл хятад эцэг, эхчүүдийн зүгээс дасгалжуулагчдад ямар шаардлага тавьдаг вэ?

-Би Монголд багшилж байсан болохоор монгол эцэг эхчүүдийн тавьдаг шаардлагыг мэднэ. Манайхны нэг сул тал нь хүүхдээ спортод амжилт гаргана гэдэгт итгэдэггүй, хайнга ханддаг. Ямар нэгэн спортын төрлөөр хичээллүүлээд үзье, амжилттай болбол тэр л биз гэсэн байдлаар ханддаг. Хятадад бол хүүхдийн хөгжилд дээд зэргээр анхаардаг. Хятад хүүхэд заавал спорт, хөгжим, хэлний мэдлэгтэй байх ёстой. Спорт бол Хятадын ард түмний хобби. Цаг хугацаа олддог л юм бол дарга, цэрэггүй ямар нэгэн спортоор хичээллэдэг. Тиймээс хятад эцэг, эхчүүд хүүхдээ теннис тоглуулах гэж байгаа бол энэ спортоор заавал амжилт гаргах ёстой гэж шаарддаг. Энэ нь дасгалжуулагч багш нарт хүндээр тусдаг. Бидний сургалтын системд нөлөөлж, богино хугацаанд өндөр үр дүн шаарддаг. Манай хүүхэд таван настай, заавал энэ техникийг өндөр хэмжээнд сурсан байх ёстой, жилийн дараа энэ тэмцээнд түрүүлсэн байх ёстой гэсэн төлөвлөгөө бариад ирдэг.

-Спортоор хичээллэдэг хятад хүүхдүүд бэлтгэлээ даахгүй уйлж байгаа бичлэг интернэтэд олон байдаг. Тэгэж шахдаг бол аргагүй юм байна даа?

-Ер нь тийм тогтолцоо байсан. Хятадын спортын сургалт нь хүнийг машин механизм болгох гээд байдаг. Тиймээс л Хятадын теннисний хөгжилд онцгой амжилт гарахгүй байгаа ч юм билүү. Яагаад гэхээр хүүхдэд хэт ачаалал, сэтгэлийн дарамт өгөхөөр тэд шууд шантрах замыг сонгодог. Уг нь хүн спортоос таашаал авч, спортдоо дуртай байх ёстой. Хятадууд өнөөдөр үүнийг ойлгосон. Тиймдээ ч тэд арга барилаа өөрчлөөд гадны багш дасгалжуулагчдыг олноор урьж ажиллуулж байгаа. Хүүхдийг тоглоомоор нь дамжуулж бага багаар ачааллыг нь ахиулах хэрэгтэй.

 -Спортод дурлах нь амжилт гаргахын үндэс гэж та хэллээ. Гэтэл спортод дурладаг бага залуу насандаа дасгалжуулагч болчихсон чинь сонин байна?

-Ний нуугүй хэлэхэд миний үеийн монгол мэргэжилтнүүд Хятад, Англи, Америкт багшилж байна. Тэд бол багаасаа спорт хөөсөн хүмүүс. Миний хувьд ар гэрийнхэн маань энэ спортод дуртай болоход нөлөөлсөн. Есдүгээр ангид байхад одоогийн Монголын теннисний холбооны нарийн бичгийн дарга Ж.Батжаргал Спортын төв ордонд болсон багш, дасгалжуулагчдын семинарт оролцуулснаар дасгалжуулагч болох гараагаа эхэлж байв Тэгээд аравдугаар ангиа төгсөөд Б.Өрнөх гэдэг найзтайгаа хамтарч “Өрнөх” теннисний клубээ байгуулан ажиллуулсан. Клубээ байгуулсан даруйдаа ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш нартай хамтарч ажилласнаар нийслэлийн хэмжээнд теннисний клубийн сүлжээг үүсгэж чадсан даа. Тэгээд удаагүй байтал Монголын теннисний холбооны зүгээс “Өрнөх” клубын залуухан багш нараар Монголын шигшээ багийг дасгалжуулуулах хүсэлт тавьсан. Шигшээ багийг дасгалжуулна гэдэг нэр төрийн хэрэг шүү дээ. Энэ үед Б.Өрнөх найз маань Олон улсын теннисний академийн шугамаар БНХАУ-ын Шэнжэнь хотод ажиллахаар явсан юм. Би шигшээ багаа хариуцаад үлдсэн. Жилийн дараа найз маань эхнэр, хүүхэдтэй болсноор Шэнжэнь дэх ажлаа орхин Монгол руугаа буцах шийдвэр гаргасан. Хоёр дасгалжуулагчтай клубын хувьд нэг нь Шэнжэньд ажиллаж байхад нөгөө нь Монголдоо ажиллах хэрэгтэй болсон. Ингэж бид хоёрын байр солигдсон юм.

–Аливаа зүйлд алдаа оноо их бий гэж дээр ярьсан. Монголд байхдаа тийм зүйл дээр алдаж байж дээ гэх үнэлэлт дүгнэлт өгч байна уу?

-Би 2007 онд өсвөрийн тамирчдаа аваад Энэтхэг рүү тэмцээнд явсан юм. Хамгийн шилдэг тамирчдаа түүгээд очсон боловч гадныханд тэр дороо “уншуулчихсан”. Хэрээрээ л сайн тоглоод тэр шүү дээ. Адилхан л давуулсан, адилхан гүйсэн. Гэтэл яагаад хожигдов. Би тэр асуултын хариуг олох гэж дасгалжуулагч болохоор зориг шулуудсан. Энэ хугацаандаа би суралцаж, бас хөгжиж байна. Ингэхдээ монгол хүний боловсруулсан монгол аргыг дэлхийн дасгалжуулагчид яагаад ашиглаж болохгүй гэж гэх бодол төрсөн. Тэгээд л Америк, Англи, Испани гэх зэрэг орны багш дасгалжуулагчдад сургалт хийх болсон. Энэ бол миний теннисний спортод оруулсан хувь нэмэр гэж ойлгодог.

- Теннисний тоглолтын монгол онцлог гэж байдаг юм уу?

- Теннис бол дэлхийн спорт. Теннисний спорт тамирчнаас маш их тэвчээр шаарддаг. Дунджаар 2-3 цаг тоглодог. Хоёр өдөр үргэлжилж тоглосон түүх ч бий. Нэг оноо авахын тулд тэр том талбайд хэдэн минут ч гүйж магадгүй. Алдаа гаргасны дараа л дуусдаг. Үндсэн хэлбэр нь хэмнэлийн спорт хэдий ч улс орнуудын тоглолтын онцлог гэж бий. Испаничууд арын зоноос урагшаа орохгүй тоглодог бол англичууд урагшаа цөмөрч тоглодог. Япончууд детальчилсан арга буюу нэг деталь дээр төвлөрөх сургалтаар тамирчнаа бэлтгэдэг.

Монголчуудын хувьд орос аргаар тоглодог. Оросууд тоглуулах арга буюу хүнийг махалж байгаад гаргаж ирдэг. Дээрх орнуудын багш нартай хамт ажилладгийн хувьд олон арга техникээс би суралцаж байна. Өөрийн гэсэн аргатай ч боллоо. Энэ бүхнээ нэгтгээд сургалтын ном гаргах бодол байгаа. Хэрэв ном минь хэвлэгдвэл Монголын теннисний хөгжилд томоохон хөрөнгө оруулалт болно гэдэгт итгэлтэй байна.

-Үнэндээ Монголын теннисний хөгжил хоцрогдож яваа гэж хэлчихэд буруудахгүй байх?

 -Өнөөдөр Монголд теннисний хөгжил удаашралтай байгаа ч өөрийнхөө голдирлоор явж байгаа. Энэ спортыг дэлхийн тавцанд гаргахын тулд мэргэжлийн арга, үзүүлэлттэй танилцаж, албан ёсоор сурахаас өөр арга байхгүй. Энэ нь хөгжлийн гарц. Тийм учраас Монголынхоо ирээдүйн тамирчдыг бэлтгэхийн тулд дасгалжуулагч нар эхлээд өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Олон улсын арга туршлагаас суралцаж, тогоонд нь чанагдах хэрэгтэй. Тэгснийхээ дараа теннисний спортыг хөгжүүлж, Олимпын тамирчдыг бэлтгэх болно.

Мэдээж ямар ч спортыг хөгжүүлэхэд сонирхогчдын тоо чухал нөлөөтэй. Тиймээс монголчуудын дунд теннисийг сурталчлах хэрэгтэй байна. Энэ спортоор монголчууд амжилт үзүүлэх бүрэн боломжтой. Бид чинь ганцаарчилсан төрөлд амжилт гаргаж чадахаа харуулж байна шүү дээ. Энэ спортыг хөгжүүлэхэд мөнгө л гол хөшүүрэг нь болно. Тамирчдыг мэргэжлийн спортод гаргаж ирэхийн тулд ард нь бүхэл бүтэн “үйлдвэр” ажилладаг. Нэг тамирчны ард үндсэн дасгалжуулагч, туслах дасгалжуулагч, биеийн хөгжлийн дасгалжуулагч, сэтгэл зүйч, эмч, менежерүүд гээд бүхэл бүтэн баг ажиллана. Гэтэл Монголын хувьд бүх зүйл эсрэгээрээ. Манайд спорт зөвхөн сэтгэлтэй хүмүүсийн зүтгэлээр л урагшилж байна. Шэнжэньд 12 хүртэлх насны хүүхдийн олон улсын багийн тэмцээн болдог юм. Тэр тэмцээнд Монголоос хүүхдүүд ирж оролцдог. Хэдийгээр би тэмцээнийг зохион байгуулагч, шүүгчээр ажилладаг ч Монголоос ирсэн хүүхдүүдийг гэртээ хүлээн авч, бэлтгэл хийлгэж байгаад тэмцээнд оруулдаг Монголын теннисний холбооны Шэнжэнь дэх төлөөлөгч шиг ажилладаг хүн дээ. Манайхан чинь цагийг нь тулгаад хүрээд ирнэ. Тамирчид маань явсаар байгаад замдаа ядарчихдаг. Гэтэл маргааш нь тэмцээнтэй. Шэнжэньд халуун уур амьсгалд дасан зохицох, сэргэх бэлтгэл ч хийж амжихгүй байх тал бий. Санаснаар болдог бол эртхэн ирээд амраад, бэлтгэлээ базаагаад тэмцээнд ордог бол амжилт гаргах магадлал өндөрсөнө. Энэ бүхэн бас л мөнгө санхүүтэй холбоотой болохоор цагийг нь тулгаж ирдэгт нь буруутгах арга байхгүй л дээ. Ер нь теннис гэлтгүй Монголын бүх спорт ингэж л явж байна.

-Энэ спортыг сонгосон монгол залуустаа хэлж захихыг хүсдэг зүйл байдаг л байх даа?

-Биднийг анх теннис сураад, үргэлжлүүлэн клуб байгуулаад явж байхтай харьцуулахад одоогийн залуус азтай цаг үед амьдарч байна. Багш дасгалжуулагчид ч мэдлэгтэй болсон. Гадаад, дотоодын сургалт семинар ч их болж. Тухайлбал, би Монголд очоод теннис заана гэдэг одоогийн залуусын хувьд азтай зүйлийн нэг биз дээ. Би чинь Олон улсын академийн ахлах дасгалжуулагч хүн шүү дээ. Надтай адилхан чадварлаг багш нар зөндөө бий.

-Ингэхэд Монгол руугаа буцах бодол байна уу?

-Шэнжэньд Монголоос хүмүүс их ирдэг. Тэр хүмүүсийг буцахад нь дагаад явчихмаар л санагддаг байсан ч зорилгодоо хүлэгдээд чаддаггүй байв. Үнэнийг хэлэхэд сүүлийн таван жил Монголдоо очсонгүй. Гэхдээ ойрын хоёр жилдээ эх орондоо очих бодолтой байгаа. Монголдоо очихоороо теннис сурч байгаа залуус, дасгалжуулагч найз нартайгаа мэддэг чаддаг бүхнээ хуваалцахыг хүсч байна. Энэ талаар ч Монголын теннисний холбоотой ярьж, тохирсон зүйл бий.

-Тэрхүү ярьж тохирсон зүйлс удахгүй биеллээ олж, эх орноосоо теннисний дэлхийн аваргыг төрүүлээрэй гэж ерөөе.

Ярилцсан: М.Хангал  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ММ(202.179.27.81) 2019 оны 10 сарын 24

Шантралгүй тууштай байж чадна гэдэг зорилгоо амжилттай болгох хамгийн чухал зан чанар шүү. Амжилт хүсье.

0  |  0
Top