Өд мэт хөнгөн, уян налархай хөдөлгөөн, гоо үзэсгэлэн төгс балетын урлагийн тодорхой төлөөлөл МУГЖ, Соёлын элч Дугараагийн Алтанхуяг гэх эгэл даруухан эрхэмийг энэ удаагийнхаа “Дэлхийн Монгол” булангийн зочин хойморт урилаа. Сонгодог урлагийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн зүтгэж, дэлхийн тайзнаа монголын хүү бүжиж яваа гэх бахархлыг төрүүлдэг энэ эрхэм аливаа зүйлийг урьтан ярьж, сүр дуулиан бадраахаасаа илүү хийж бүтээсэн бодит бүхэндээ жинхэнэ эзэн нь болж явдаг нь бидний бэсрэгхэн ярилцлагаас харагдах болов уу. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэг дээ ...
-Ярилцлагаа таны сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас эхэлье. Уран бүтээл арвин байна уу. Эх орондоо хэзээ ирэв ээ?
-Уран бүтээл арвин байна аа. Монголдоо ирээд тун чиг удсангүй. Маш богинохон хугацаанд ирээд их ажил амжуулчихаад явах санаатай.
-Жил бүрийн шинэ жилийн босгон дээр “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг цоо шинэ тавилттайгаар олны хүртээл болгож ирсэн. Энэ жилийн жүжгийн онцлог давуу тал юу байх вэ?
-Ер нь жил бүрийн “Цөмөөхэй” балет шинэ тавилттай байхаас гадна шинэ уран бүтээлчид тоглодгоороо онцлогтой. Жишээлэхэд хүүхдүүдийн хэсэг, бүжигчдийн хэсэг дээр өөрчлөлт их гарна. Манайд ялангуяа балетын урлаг харьцангуй залуу урлаг учраас залуучууд хүч түрэн орж ирж байна. Энэ жилийн “Цөмөөхэй” балетын хувьд төгсгөл хэсгийн найруулга дээр өөрчлөлт оруулж өгснөөрөө онцлог байгаа. Ерөнхийдөө анх ирээд хийнэ гээд чадаагүй зүйлсээ энэ жил гүйцэтгэхийг хичээсэн. Гэхдээ тэрхүү өөрчлөлт, шинэчлэлт маань манай орны орчин нөхцөлд таарсан байх шаардлагатай. Өнгөрсөн жилийн “Цөмөөхэй” балет дээр хийснээ энэ жилийн тоглолт дээрээ илүү сайжруулахыг хичээсэн. Өмнөх тоглолтын хувьд Клара охин, Цөмөөхэйтэй нисэж байгаа үзүүлбэрийг тайзан дээр хийж байсан. Энэ бол манай балетын түүхэнд байгаагүй шинэлэг зүйл л дээ. Үүнийгээ энэ жил илүү боловсронгуй, сайн гүйцэтгэлтэй хийж чадлаа.
-Энэ жилийн тоглолт хүүхдүүдийн хувьд хүлээлт ихтэй байлаа?
-Балет маань энэ сарын 28-30-ны өдрүүдэд тоглогдсон. Манай улс 1982 оноос хойш энэ балетыг “Шелкунчик” нэртэйгээр тоглож ирсэн байдаг. Тухайн үеийн энэ нэр хүн бүрийн чихэнд хоногшсон байдаг байх. Гэсэн хэдий ч орчин цагийн хүүхдүүддээ байнга сануулах үүднээс монгол нэр өгвөл илүү дээр юм болов уу гэж бодсоны үндсэн дээр 3-4 жилийн өмнөөс энэ нэрээр тоглох болсон. Жүжгийнхээ төслийг зургаан жилийн өмнөөс дотроо бодож явсаар ажил хэрэг болгосон нь энэ.
Анх “Бостон балет” компанид очоод “Цөмөөхэй” балетын тоглолтод оролцоод тайзнаас бууж ирэхэд хань маань “Чи энэ балетыг л Монголд очиж тогло. Өөр зүйл хэрэггүй” гэж хэлсэн. Тэгээд л бодож эхэлсэн л дээ.
-Бостон балетийн “Цөмөөхэй” ямар онцлогтой харагддаг вэ?
-Бостон балетад тавигдаж байсан “Цөмөөхэй”-г мэргэжлийн хүний нүдээр харахад хүртэл төгс тавилттай. Дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн шилдэг бүжигчид цуглачихсан, тайз дэлгэц, декораци өнгө, хувцасны дизайн нь бүжгийн хөдөлгөөнтэй уялдаж байгаа байдал, бүжгийн тавилт, үзэгчдийн сэтгэл хөдлөл, ойлгох өнцөг, оролцон тоглогчдын хамрах цар хүрээг гаргасан байдал гэх мэт нь асар өндөр түвшинд найруулагдсан байдаг.
-Нэг үеэ бодвол хүүхэд залуус төдийгүй насанд хүрэгсэд ч балетаар хичээллэх сонирхолтой болсон байна. Үзэгчдийн хувьд илүү ойлголттой болж, балет ч илүү хөгжиж байна гэх юм уу?
-Тэгэлгүй яахав. Манайхан чинь ерөөсөө суурь маш сайтай шүү дээ. Бидний багш хэмээн хүндэлдэг ах эгч нар гадаадын орнуудад суралцан ирж, бидэнд сурсан мэдсэнээ зааж сургаж, түүнийг нь бид үргэлжлүүлэн түүчээлж байна. Сонгодог урлаг байнга өөрчлөгдөж, шинэчлэгдэж байх ёстой. Бид тэрхүү хөгжлийг мөн гүйцэж байж гэмээнэ амжилтад хүрнэ. Үүнд бидний “Цөмөөхэй” балет бага ч атугай хувь нэмрээ оруулж байгаа гэж ойлгож байдаг.
-Таны хувьд, Монголд балетын урлагийг хөгжүүлэхээр олон ажлыг зохион байгуулсан. Үүний нэг нь “Монголын балетын хөгжлийн сан”. Сангийн үйл ажиллагааны талаар яриагаа үргэлжлүүлье?
-Манай сан цөөн хэдэн ажлыг хийдэг. Өөрийн хүсэл тэмүүллээр байгуулсан учраас том том балетуудыг санхүүжүүлээд л, мөнгө тараагаад байхгүй л дээ. Гэхдээ олон түмэн, хувийн хэвшил, спонсоруудынхаа дэмжлэгт тулгуурлан үйл ажиллагаагаа явуулж байна. Ер нь балетын урлаг гэдэг маань асар их мөнгөн хөрөнгийг шаардаж байдаг. Нуулгүй хэлэхэд, энэ тал нь манайд дутагдалтай байдаг. Гэхдээ чамлаж болохгүй. Манай төр засгийн хувьд сонгодог урлагийг 100 хувь харж үзэж байна. Тиймээс энэ бүгдэдээ тулгуурлаад өнөөдөр дэлхийн хэмжээнд балетын хөгжил ямар түвшинд байна, тэр хэмжээнд Монголын балетын урлаг очих ёстой гэж бодож явдаг. Миний хувьд одоог хүртэл балетын урлагаас суралцаж л явна. Сурч мэдэх олон зүйл миний өмнө байна. Зөвхөн бүжиглэхээс гадна тайзны ард юу өрнөдөг нь миний анхаарлыг маш ихээр татаж байгаа.
-Та балетын яг ямар төрлөөр нь голчлон уран бүтээлээ туурвиж байна?
-Суурь маань сонгодог балет. Гэхдээ орчин цагтайгаа хөл нийлүүлж алхахын тулд бүхий л төрлийг нь чаддаг, мэддэг байх шаардлага тулгарч байна. Тийм болохоор өнөөг хүртэл миний сурч мэдсэн зүйл багадаад байна аа л гэж би хэлэх гээд байгаа юм.
-Балетын урлагийн тухай өгүүлсэн хоёр ч киног үзэж байсан. Түүнээс харж байхад эмэгтэй хүн балетын урлаг руу ороход асуудалгүй. Харин эсрэгээрээ эрэгтэй хүн багагүй саад бэрхшээлийг давж байж сая энэ урлагт хөл тавьдаг юм шиг санагдсан. Гэхдээ таны хувьд урлагийн гэр бүлд өссөн учраас тийм саад бэрхшээл байгаагүй байж магадгүй?
-Саад бэрхшээл гэхээсээ илүү гэр бүлийн 100 хувийн дэмжлэгтэйгээр энэ урлагийг сонгосон. Ер нь манай монголчууд хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдлийг их сайхан дэмждэг, хүмүүжилтэй хүмүүс шүү дээ. Гэтэл дэлхийн бусад улсад тийм байдаггүй. Жишээлэхэд, АНУ гэхэд л дэлхийн өнцөг булан бүрээс, янз бүрийн улс орноос ирсэн хүмүүстэй. Тэгээд байгаа орчин нөхцөл нь харилцан адилгүй байдаг. Өрсөлдөөн ч ихтэй. Тэр өрсөлдөөн дундаас гарч ирж, энэ урлагт зүтгэнэ гэдэг мэдээж амаргүй даваа.
Монголын хувьд хүн ам цөөн, энэ чиглэлээр бэлтгэдэг ганцхан анги Хөгжим бүжгийн коллежид байгаа. Тэгэхээр өрсөлдөөн маш бага гэсэн үг. Тиймээс аль болох дэмжихээс өөр арга байхгүй. Балетын урлаг гэдэг дан ганц биеийн хөдөлгөөнөөс гадна өөр төрлийн маш их мэдлэгийг шаарддаг. Байнгын дасгал хөдөлгөөнтэй байх ёстой. Түүнээс гадна балетын урлаг илүү шударга юм уу гэж би хардаг.
-АНУ-д өрсөлдөөн их байдаг гэлээ. Тэгвэл үзэгчид хэр их вэ?
-Спорттой нь харьцуулахад бага. Гэхдээ хангалттай хэмжээний үзэгчид байдаг. Сонгодог урлаг, тэр дундаа балетын урлаг яахын аргагүй тэр хүрээллийг бий болгоод байгаа юм. Жишээлэхэд АНУ-д нэг тоглолтыг 50-60 удаа тоглож байхад манайд 2-3 удаа л тоглож байна шүү дээ. Ингэж их хөдөлмөр гаргачихаад дүүрэн үзэгчдийн өмнө, 50-60 удаа тоглоно гэдэг бас л урамтай биз. Гэтэл манайд яг ижилхэн хөдөлмөрлөчихөөд 500- хан хүнд хоёр гуравхан удаа тоглож байна. Гэхдээ танхим дүүрэх эсэх нь гол биш л дээ. Үр өгөөж нь юу юм бэ гэдгийг бодох хэрэгтэй. Яаж үүнийг ашиглах ёстой вэ гэдгийг бид бодох ёстой.
-Балетын урлаг гаднаас нь харахад тун цөөн хөдөлгөөнөөр ихийг өгүүлээд байх шиг атлаа түүний ард асар их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулагдаж байдаг. Нэг уран бүтээлийг тайзнаа амилуулахын тулд хэр цаг хугацааг зарцуулдаг вэ?
-Тухайн бүтээлийг амилуулж байгаа хүнээсээ шалтгаалаад хэчнээн ч цаг хугацаа орж магадгүй. Өмнө нь тааж хэлэхэд үнэхээр бэрх. Зарим тоглолт гэнэт тавигдах тохиолдол байхад хэчнээн янзаар өөрчилж тавих тоглолтууд ч гарч ирнэ. Мэдээж цагтаа баригдаад нэг уран бүтээл гарна. Гэхдээ түүнийг төгс гэж хэлэхэд учир дутагдалтай.
-Балетын үзэгчдийг харж байхад тайзан дээрх бүжигчид хүнд хэцүү, эргэлт ихтэй хөдөлгөөнийг хийх тоолонд л алга ташиж баяр хүргээд байдаг. Мэдээж хэцүү нарийн техниктэй хөдөлгөөн хийхийн тулд тухайн уран бүтээлчээс асар их хөдөлмөр орох нь тодорхой. Гэхдээ тэрхүү дүрийг амилуулж буй оюун санааны хөдөлмөр гэж чухал зүйл байдаг байх?
-Түүнийг л үзэгчид ажиглах хэрэгтэй байгаа юм. Тухайн үзэгч түүнийг ямар ч өнцгөөс харж болно. Түүнд зориулсан бодлыг төрүүлэхийн тулд сонгодог урлаг оршиж байдаг. Ер нь тухайн тайзан дээр бүжиглэж байгаа бүжигчин их эргэснээрээ мундаг техниктэй байна гэсэн үг биш л дээ.
-Ер нь балетчин хүний амьдрал, ажлыг тодорхойлооч ээ гэвэл... ?
-Маш энгийн. Бусдын л адил өглөө босоод ажилдаа явна. Байнгын дасгал сургуулилттай байдаг. Бусдын л адил гэр бүл зохиогоод үр хүүхэдтэй болж, тэднийгээ хичээл номонд нь зөөгөөд л... Гадаад дотоодод явж тоглолтод оролцлоо гээд од болоод байгаа зүйл алга. Их төлөв даруу, маш энгийн л байна даа.
-Тэгвэл энэ урлагт насны хязгаар гэж байх уу?
-Мэдээж байлгүй яахав. Нас явахын хэрээр хүний биеийн хөдөлгөөн хөгширч эхэлдэг. Энэ бүхэн бол цаанаасаа биологоосоо л явагдаад эхэлдэг зүйл л дээ. Дээр нь энэ урлаг маань тайзан дээрх гоо зүйг харуулах ёстой болохоороо насны хязгаарыг яалт ч үгүй шаарддаг. Гэхдээ хүн бүрт харилцан адилгүй.
Ерөнхийдөө энэ салбарын насны хязгаарыг өрсөлдөөнөөр, тухайн хүний харьяалагдах компани, орчин нөхцөлөөр, бүжигчнийхээ хүндлэлийн байдлаар нь харж шийднэ.
-Сонгодог урлагийн үзэгчид жилээс жилд нэмэгдэж байх шиг. Ялангуяа сонгодог урлагийн задгай тоглолт болох үед олон хүн энэ урлаг руу “урвасан” гэж ойлгодог?
-Тэр бол үнэхээр нүдээ олсон тоглолт болсон. Амьдралдаа Дуурь бүжгийн эрдмийн театрт орж, сонгодог тоглолт үзэж үзээгүй хүмүүс тэрхүү тоглолтоос асар их кайфыг авсан тухайгаа ярьсныг би уншиж байсан. Түүнээс хойш балетын урлагийн үзэгчид ч нэмэгдсэн байх. Манайд балетын урлагийн гайхамшигтай мундаг авьяастнууд байна. Тэднийгээ одоо олонд таниулах, улам хөгжүүлэх тал дээр л ажиллах хэрэгтэй байгаа юм.
-“Night of ballet” наадмыг Монголд жил бүр зохион байгуулж ирсэн. Наадмын сонин сайхнаас хуваалцаач?
-Энэхүү наадмаа Монголын сайхан орныг дэлхийд сурталчлах юмсан гэх зорилготойгоор “Балетын үдэш” нэртэйгээр жил бүр зохион байгуулж ирлээ. Тоглолтоо жил бүр өөр өөр тавилттайгаар, ахиц дэвшилттэйгээр тавихыг хүсдэг. Энэ жилийн тоглолтоо ч мөн тэгэж бодож төлөвлөж байна. Хамгийн гол нь тухайн уран бүтээл дараагийн удаа тоглогдохдоо илүү сайн буюу ахицтай болсон байх ёстой. Тэгэхгүй бол тэрхүү уран бүтээл уналтад ороод байна уу даа гэх бодол надад төрөөд байдаг юм.
-Нэлээд хэдэн жилийн өмнө Оросын Их театрын бүжигчид манай уран бүтээлчидтэй хамтарсан тоглолт хийж байсан. Тухайн үед тайзан дээр орос бүжигчдийн хөлийн чимээ огт сонсогдохгүй, манай бүжигчдийн хөлийн чимээ сонсогдоод байсан. Тухайн үед гадаад, монгол балетчдын хооронд ур чадварын ямар нэгэн ялгаа байдаг юм байх даа гэх бодол төрснийг нуух юун?
-Зарим зүйлээрээ ялгаа байна аа. Хэчнээн техниктэй байлаа гээд эдэлж хэрэглэж байгаа зүйлээрээ ялгарна. Балетын урлаг их мөнгө олдог урлаг биш хэдий ч эдэлж хэрэглэж байгаа зүйл нь яахын аргагүй чанартай байх ёстой. Жишээ нь гутал. Дээр нь тайзны гоо зүйг үзүүлдэг урлаг учраас гоо сайхны бүтээгдэхүүн нь тэр гэрэл, тайзан дээр тохирсон байх ёстой гэх мэтээс эхлээд л маш олон зүйл байна.
Мөн орчин нөхцөлийн хувьд ч ялгаа бий. Монголын Дуурийн театр өвөлдөө их хүйтэн байдаг. Гадаадаас хүмүүс ирээд бүжиглэлээ гэхэд түүнээс шалтгаалаад өөрийн ур чадвараа бүрэн гаргаж чадахгүй байх нь харамсалтай. Гадаадад фаренгейтийн -68 градус буюу цельсийн -20 хэм хүртэлх хүйтэнтэй байвал бүжиглүүлдэггүй. Манайд тэгэж хэлэх боломж байхгүй шүү дээ.
Ер нь би бүжигчиддээ буруу өгөх дургүй. Хамгийн гол нь цаад учрыг л зөв олох хэрэгтэй. Шууд хэлэхэд манай Дуурийн театрын удирдлагын систем өөрөө буруу байна. Би өмнө нь ингэж хэлж байгаагүй. Гэхдээ одоо хэлэх хэрэгтэй. Мэдсээр байж хэлэхгүй байж болохгүй. Хэлж байж өөрчлөгдөнө.
-Олон ястны өлгий нутаг гэгддэг Ховд аймагт балетийн сургуулийнхаа салбарыг нээхээр болсон талаар сонсож байсан. Энэ ажил чинь хэр ахицтай байна вэ. Яагаад Ховд аймгийг сонгох болов?
-Одоохондоо энэ ажил маань судалгааны түвшиндээ явна. Зарим багш нарыгаа Ховдоос авчирч шалгаж байгаа. Хэдэн жилийн өмнө балетын сургуулиа байгуулахдаа хүртэл маш удаан бодсон. Энэхүү сургуулиа байгуулсны маань үр дүн 10 жилийн дараагаас л мэдэгдэх байх. Хамгийн гол нь манай сургуулиас дэлхийтэй шууд харьцах хэмжээний төгсөгчид л гарах ёстой. Хэдийгээр энэ сургуулийг хувь хүн би байгуулсан ч төгсөж буй хүмүүс нь улсын нэрийг гаргах буюу улсын өмч л болно.
-Ер нь дэлхийн сонгодог урлагийн тайзууд дээр гарч, уран бүтээлээ толилуулж байхад таныг монгол балетчин гэдгийг тодотгож зарладаг уу?
-Балет эхлэхийн өмнө тараагддаг танилцуулга дээр л бичдэг. Тайзан дээр тэгэж сүртэй зарлагддаггүй. Үзэгчдийн хувьд л монгол бүжигчин гарч ирлээ гээд онцолж хардаг зүйл байдаг байх гэж боддог. Балетын урлагийн нэг онцлог нь маш олон гадаад хүн оролцон тоглодогт оршдог. Тиймдээ ч аль улсынх гэдгийг нь тодотгодоггүй байх л даа. Жишээлэхэд, манай “Бостон Балет” компанид 20 орчим гадаадын бүжигчин байдаг.
-Манай уламжлал болсон асуултыг тавья. Таны хувьд Монгол бахархал гэж юу вэ?
-Хүн бүр өөр өөрийнхөөрөө л хариулах байх. Миний хувьд хувь хүн өөрөө мундаг амжилттай байж, хүсэл тэмүүлэлдээ үнэнч байхыг хэлнэ гэж бодож байна. Тэр хүн монгол байна уу, америк байна уу гэдэг чухал биш байх. Ерөнхийдөө эцэг эхчүүд, улс үндэстнүүд тухайн хүнийг харж бахархах тэр холбоосыг бий болгож байгаа үйл явцыг л монгол бахархал гэж нэрлэх болов уу. Бусдаар хэтэрхий их омогшлыг төрүүлэх зүйл хийгээд хэрэггүй гэж боддог. Бид мундаг хүмүүсээс суралцах хэрэгтэй. Жишээлэхэд, “Цөмөөхэй” балетын энэ тоглолтод маань гадаадын балетчид ирж тоглосон. Тэднийг цаашаа уран бүтээлээ туурвиад хаа нэгэн газар танилцуулгаа гаргаж ирээд харуулахад Монгол Улсад “Цөмөөхэй” балетад тоглож байсан гэж бичигдсэн байх ч бахархал шүү дээ.
-Уран бүтээлээ голчлон хаана явуулж байна. “Бостон балет” компанид харьяалагддаг болоод багагүй хугацааг үдлээ?
-Энэ компани орчин үеийн шинэ тавилтууд дээр ихэвчлэн ажилладаг. Миний хувьд Азиудтай холбох менежментийн асуудал дээр нь голчлон хамтран ажиллаж байна. Бүжигчнийхээ хувьд Нью Йоркт голчлон уран бүтээлээ туурвиж байгаа.
-Ер нь Монголдоо ирж суурьшин амьдрах бодол байна уу. Эсвэл гадаадад амьдраад л байх уу?
-Орчин цагт хүн хаана байх нь чухал биш, хамгийн гол нь хийж бүтээж байгаа зүйл нь бодит байх ёстой гэж би боддог. Заавал нэг газар суурьшин байлаа гээд тухайн хийж буй зүйлээ амжилттай эсвэл амжилтгүй хийнэ гэж байхгүй байх. Үүнээс илүүтэйгээр энэ боломжийг, энэ цагийг хэрхэн ашиглах вэ гэдгийг бодож, аливаа зүйлийг урьдчилан төлөвлөж хийх хэрэгтэй. Би заримдаа Монголдоо ирээд жил хийж амжуулаагүй зүйлээ долоо хоногийн дотор амжуулчих тохиолдол байдаг.
-Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Баярлалаа.
Ярилцсан: О.Шинэтуяа
“Зиндаа” сэтгүүлийн 2018 оны №01 (08/508) дугаарт нийтлэгдсэн ярилцлагаас онцлов.
Сэтгэгдэл ( 0 )