“Хэрэв кино хийхийг хүсэж байвал ертөнцөд буй бүхний тухай илүү их мэдлэгтэй бол, бас үргэлж өөртөө үнэнч бай”
Кино найруулагч Б.Баатар
Жил гаруйхны өмнө дэлхий нийтийн хүртээл болсон “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино “Оскар” наадамд албан ёсоор нэр дэвшсэнээс гадна Холливудын Олон улсын Баримтат кино наадамд "Шилдэг оюутны кино" төрөлд түрүүлж, Хьюстоны Oлон улсын 51 дэх кино наадмаас шилдэг “Платинум” шагнал, Монтриалын Oюутны 49 дэх кино наадмаас “Шилдэг баримтат кино”- гоор шалгарч, мөн Канадын “AltFF Alternative Film Festival” кино наадмын сүүлийн шатанд шалгарсан билээ.
Энэхүү баримтат киног дэлхийн алдартай театрууд дэлгэцнээ гаргаж, Герман, Францын хамтарсан ARTE TV, ХБНГУ-ын үндэсний ARD группийн “Bayеrische Rundfunk TV” болон “ARD Alpha” зэрэг нэр хүндтэй телевизүүд хөтөлбөртөө багтааж байна. “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат киноны найруулагч Б.Март эх орондоо түр саатах үед нь уулзаж, “Зиндаа” сэтгүүлийнхээ “Дэлхийн Монгол” булангийн зочин хойморт урьж ярилцсанаа эрхэм уншигч танд өргөн барья.
-Та сайн явж ирэв үү. Амрахаар ирсэн болов уу гэсэн чинь уран бүтээл туурвиж яваа сурагтай?
-Сайн явж ирлээ. Тийм ээ, дараагийн уран бүтээлийн ажилдаа орчихсон, энэ төсөл маань дөрвөн улирлын зураг авах учраас ойр ойрхон ирэх болж байна. Хавар 4 дүгээр сард киноныхоо трэйлерийн зураг авалтыг хийсэн. Сая Дундговь аймгийн Их газрын чулуунд зохион байгуулагдсан 3000 уртын дууч, морин хуурчдын “Уяхан замбуу тивийн наран” гайхамшигт тоглолтыг үзэж хийморь сүлд, онгодоо сэргээж, зургаа ч аваад ажиллаж, амраад л явж байна даа /инээв/.
-Дараагийн уран бүтээлийн талаар тодруулбал...?
-Энэ удаад морины тухай бүрэн хэмжээний баримтат кино хийхээр төлөвлөж байна. Баримтат кинондоо мөн л Монголынхоо нүүдэлчин ахуй соёлыг түлхүү харуулна. Олон улсын хамтарсан багтай ажиллаж байгаа. Тэд маань чадвал өвлийн зураг авалтаар ирнэ. Бид одоо намрын зураг авалтаа хийхээр ирээд байна.
-Олон улсын уран бүтээлчид гэхээр, Монголын цаг уурт тааруулж аятай таатай орчныг нь бүрдүүлнэ гэж бас нэг үүрэг, хариуцлагатай болоод байна уу?
-Урьдчилаад нөхцөл байдал ямар байх, ямар шаардлага хангах, юун дээр анхаарах гэх мэт сайн муугаа ярьж танилцуулаад, тэд зөвшөөрч хамтран ажиллах болсон учир хүндрэл гарахгүй байх. Харин ч тэр тусмаа сонирхолтой, адал явдалтай байна гээд тэд тэсэн ядан хүлээж байгаа.
-Шинэ киноны зураг авалт хаагуур хийгдэх вэ?
-Сая Дундговь орохдоо “Дэл” хадны морьтой холбоотой зураг аваад ирлээ. Зураг авалтаа говийн болон төвийн бүсийн аймгуудад хийхээр төлөвлөж байна. Энэ удаад Төв аймгийн Алтанбулаг суманд зураг авалт хийнэ.
-Өмнөх уран бүтээл тань мөн л говийн эмч бүсгүйн тухай өгүүлдэг. Говийн байгаль таныг яагаад ингэж их татаад байна вэ?
-Монголын говь соронз мэт татдаг нууцлаг увдистай. Нүд алдам уудам тал нутаг, тэнгэр газар нь нийлэн харагдах зэрэглээт шаргал говь өөр хаана ч үгүй. Тиймээс гадныхан төдийгүй, говийн би ч өөрийн эрхгүй сэтгэл татагдаад байдаг юм.
Би хангайгаар цөөхөн аялсан, сайн мэдэхгүй. Ямар ч хүн сайн мэддэг, сэтгэл татагддаг зүйлийнхээ тухай илүү сайн бүтээл хийх байх. Хоёр уран бүтээл маань говь нутагтай холбогдчихсон байна.
Манай нөхөр хангайнх, харин одоо говьд их дуртай болсон. Говийнхон чинь цаггүй, бас зүггүй хүмүүс юм байна шүү гэж намайг цаашлуулдаг юм /инээв/.
HERTFORDSHIRE ИХ СУРГУУЛИЙНХАА “ОЮУТНЫ ОСКАР” ХҮРТСЭН АНХНЫ ОЮУТАН БОЛСОН
-“Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат киног та дипломоо хамгаалах зорилготой хийсэн гэж сонссон. Энэ талаараа яриач?
-Тийм ээ. Би Их Британийн Hertfordshire их сургуулийнхаа “Оюутны Оскар” хүртсэн анхны оюутан болсны дараа сургуулиас маань маш их талархал ирсэн. Тэр дундаа анхны монгол оюутан нь сургуульдаа анхны “Оюутны Оскар” авчирсан нь том нэр хүндийн хэрэг болсон. Одоо бүтээлийг маань сургуулийн архивт хадгалж, жил бүр шинээр ирж суралцаж буй оюутнуудад үзүүлж байгаа.
-Танай сургуульд хэр олон орны оюутнууд сурдаг вэ?
-Манай сургуульд дэлхийн 100 гаруй орноос 5000 гаруй гадаад оюутан суралцдаг. Тухайлбал, манай ангид Герман, Энэтхэг, Иран гээд дэлхийн 10-аад орноос сурч байсан. Ангийнхан маань салбартаа ажилласан олон жилийн туршлагатай, өндөр зэрэглэлийн нэвтрүүлэг, алдартай шоу найруулдаг хүмүүс байсан учраас баг болж хамтран ажиллахдаа гаргууд, тэднээс их зүйл сурч мэдсэн. Цаашдаа бид бие биенийхээ бүтээл дээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаа.
-Монголын Радио, телевизийн дээд сургуулийн Телевизийн найруулагчийн ангийн анхны төгсөгч гэдэг байх аа?
-Тийм. Анхны төгсөгч төдийгүй дипломын ажлаа драмын жүжгээр хамгаалсан анхны оюутан болж байлаа. Зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаагийн “Дурласан хүн” зохиолоор Драмын театрын тайзнаа жүжиг найруулан тавьж Ардын жүжигчин П.Цэрэндагва, Ц.Төмөрбаатар, жүжигчин н.Байгаль, н.Оргил нар тоглосон. Тухайн үед телевизийн найруулагчаар төгсөж байж драмын жүжиг найруулна гэхэд, манай Б.Баатар багш эхлээд зөвшөөрөөгүй. Уйлж, дуулж гадаа нь хонож өнжих нь холгүй байж л зөвшөөрүүлж байлаа. Одоо бодоход мөн ч их зоригтой байж. Харин би их азтай нь, энэ бүтээлийг хийснээр багшаасаа найруулгын талаар маш олон шинэ зүйлийг сурч мэдэж авсан даа.
-Найруулагчаар дахин суралцаж, магистрын зэрэг хамгаалаад ирлээ. Америк школ хэр өөр юм байна?
-Кино найруулгын онол, философийг Орос, Франц голчлон зохиосон. Америк школ гэж байхгүй, харин стиль гэж байгаа. Зөвхөн Холливуд гэхэд л дангаараа жилд 1800 гаруй бүрэн хэмжээний кино үйлдвэрлэж 2,6 тэрбум билет зарагддаг гэхээр, Америк дэлхийн кино урлагт ноёлсон байгаа биз. Гэхдээ ART–г ACTION-тай адилтгаж болохгүй гэсэн уран бүтээлчдийн шүүмжийг Америк кино үргэлж дагуулж байдаг.
Гол нь бүтээлээ яаж үзэгчдийн зүрх сэтгэлд хүргэх вэ, эсвэл хүргэсэн бэ гэдэгт л найруулагчийн ур чадвар, бүтээлийн чанар нь оршиж байдаг болов уу.
-“Монгол найруулагчийн бүтээл “Оюутны Оскар” хүртлээ” гэдэг мэдээ үнэхээр бахархал омогшлыг төрүүлж байсан. Яг тэр баярт мэдээг сонсоод юу бодогдож байв?
-Анхнаасаа л олон улсын кино наадмуудад өрсөлдүүлнэ гэсэн зорилготой бүтээлээ хийсэн юм. Гэхдээ ийм том амжилтад хүрнэ гэж бодоогүй. Дэлхийн шилдэг 1500 оюутны бүтээлээс шалгарлаа гэхэд нь итгэж чадахгүй байсан. Тэр үед ээж аавыгаа баярлуулж чадлаа, Монгол Улсынхаа нэрийг Кино Академийн түүхэнд гаргаж чадлаа гэж их баярласан.
-Бодол биеллээ олно гэж ярьдаг даа...
-Яг үнэн. Өнгөрсөн зун нэмэлт зураг авалт хийх гээд Монголдоо ирчихсэн байхад Оюутны академиас “Кино чинь хагас шигшээд тэнцсэн. Ганц нэг зүйл янзлаад явуулаач” гэж над руу залгасан. Би хөдөө зураг авалттай, интернэт байхгүй газар яваад байдаг... Тэр учраа хэлсэн чинь надад хугацаа өгсөн. Зургаа дуусгаж хотод ирээд янзлах зүйлсээ янзлаад явуулсан. Есдүгээр сарын 17-нд “Кино чинь сүүлийн шатанд шалгарч үлдлээ” гэсэн и-мэйл ирсэн. Медальтай гэсэн үг л дээ. Төрөл бүрт Алт, мөнгө, хүрэл медаль өгдөг. Гэхдээ би “Сүүлийн шатанд үлдсэн л бол боллоо...” гээд сэтгэл ханачихсан байлаа. Гэтэл медальт байрт, тэр дундаа ямар ч өрсөлдөгчгүй тэргүүн байрт шалгарлаа гээд ярьсан чинь би өөрийн эрхгүй уйлсан. Дэлгүүрт явж байсныг ч хэлэх үү... Тийм гэнэтийн шок чинь сонин юм билээ.
-Оюутны Оскарт ямар шалгуураар өрсөлдүүлдэг юм бэ?
Оюутны Оскарын энэ наадам зөвхөн дэлхийн шилдэг тоотой хэдхэн урлагийн сургуулиудаас бүтээлүүдийг нь авч өрсөлдүүлдэг байсан юм билээ. Өнгөрсөн жилээс л нийт урлагийн сургуулиудад нээлттэй болсныг нь би мэдээгүй байсан юм. Кино наадмууд хайж байгаад 45 дахь жилдээ “Оюутны Оскар”-ын наадам зохион байгуулагдаж байгаа гэсэн тоо нь надад таалагдсан. Яагаад гэвэл би 45 настайдаа магистрын зэргээ хамгаалсан юм. Надтай нас чацуу юм байна гэж бэлгэшээгээд санамсаргүй дипломын ажлаа явуулчихсан. Зөн совин татаад л байсан юм билээ /инээв/.
-Ямар ч өрсөлдөгчгүй, 750 гаруй шүүгчийн саналаар ялна гэдэг чинь бараг анхны тохиолдол байх аа?
-Ийм тохиолдол тун ховор гарч байсан гэсэн. 1972 оноос хойш зохиогдож байгаа энэ наадамд түрүүлж шагнал авч байсан хүмүүсээс нийт 62 бүтээл Оскарт өрсөлдөж, үүнээс 11 нь Оскарын шагнал хүртэж байсан түүхтэй. Бидний сайн мэдэх Форест Гамп, Полар экспрэсс киног найруулсан Оскарын шагналт Робэрт Земиксс, энэ жил Оскар хүртсэн Блайкк Клансманы найруулагч Спайк Лий гээд алдартай кино найруулагчид энэхүү “Оюутны Оскар”-ын наадамд түрүүлж байсан гэдэг. Шагналаа гардах гээд очсон чинь медальт байрт шалгарсан бүтээлүүдийг Холливудын “Линвуд Данн” театрт үзүүлдэг юм байна. Үнэхээр гайхалтай сайн бүтээлүүд байсан. “Оюутны ажил гэхэд зүгээр л Оскарын кинонууд, минийх яаж тэнцсэн юм” гэх бодол тухайн үед төрж байлаа.
Би ер нь хийсэн бүтээлээ нэг ч үздэггүй. Кино маань гарч эхэллээ, би ч гараад явах гэтэл нөхөр маань “Чи суу, ядаж үзэгчид ямар реакц үзүүлж байгааг хар” гэсэн. Дэлгэц рүү огт хараагүй, үзэгчид рүү л хараад суугаад байлаа.
Үзэгчид гайхаад л, инээгээд л, нүдээ дараад л... Жишээ нь, Кинон дээр “Эрчүүд морь унах нь түрүү булчирхайн хорт хавдраас хамгаалдаг” гээд эмч маань ярингуут хоорондоо шуугилдаад л, их гоё амьд, кинон дотор нь орж үзэж байсан. Би ч хурдан дуусаасай гээд түгшүүртэй сууж байсан чинь кино дуусаад хүмүүс баяр хүргэх гээд бүр цувраад ирдэг байгаа.
-Яг тэр үед юу бодогдож байв?
-“Монголчууд бидний нүүдэлчин ахуй, зан заншил, нүүдэлчин ухаан ямар гайхалтай вэ. Монгол монголоороо байхын үнэ цэнэ энэ л юм байна” гэж бодож, бахархсан даа. Кино маань Холливудын театрын дэлгэцнээ 2 удаа гарч хүмүүс их сайхан хүлээн авч халуун баяр хүргэсэн. Мөн Вашигтон пост, BBC, Нью-Йорк таймс, Холливуд репорт гээд дэлхийн томоохон хэвлэл мэдээллүүд Монгол хүн “Оюутны Оскар” анх удаагаа хүртсэн талаар мэдээлсэн.
Бидний түүх бол зөвхөн монголчуудынх биш, Дэлхийн түүх. Энэ том капиталаа баримтат кино болгож дэлхийн зах зээлд гаргах том боломж бидэнд бий.
-“Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат киног үзсэн гадныхан яг ямар зүйлийг танаас асууж байсан бэ?
-Ёстой санаанд багтамгүй сонин зүйлс асууна. Нэгдүгээрт, усны тухай зайлшгүй асууна. Хаанаас усаа авдаг юм, ус байгааг нь яаж мэдэж худаг ухдаг юм гэх мэт. Хоёрдугаарт, тэр олон замаа яаж мэдээд байдаг юм бэ гэдэг. Тэд эмчийг маань бүр “Super women” гээд нэрлэчихсэн. Жирийн нэг өрхийн эмч шүд авах, мэс хагалбар хийх, хүүхэд эх барьж авах гээд олон мэргэжлийг эзэмшсэн өндөр ур чадвартай байна гэдэг нь тэдний ой ухаанд багтахгүй байгаа юм. Тиймдээ ч түүнтэй холбоотой их олон зүйл асуусан.
УРАН БҮТЭЭЛЧ ХҮН ДЭЛХИЙД ТАНИГДСАН БҮТЭЭЛ ХИЙХ БОДЛЫГ ТЭЭЖ ЯВДАГ
-Та телевизийн найруулагчаар нэлээд олон жил ажилласан. Магадгүй тэр үеэс л энэ бүтээлийн санаа бий болж хадгалагдсаар бүтээл болж буусан юм болов уу?
-Уран бүтээлч хүний хувьд дэлхийд танигдсан бүтээл хийх юм сан гэсэн бодлыг үргэлж тээж явдаг байсан. Яг энэ сэдвээ бол олоогүй байсан л даа. Би телевизийн шоу нэвтрүүлгээр магистраа хамгаална гээд өгчихсөн байсан юм. Гэтэл нэг л биш ээ. “Би юунд эх орноороо овоглуулан энд ганцаараа суралцаж байгаа билээ. Телевизийн шоуг хаана л бол хаана хийнэ. Ерөөсөө нүүдэлчин ахуй, соёлоо харуулсан юм хийе” гэж сэтгэл шулуудаад л найз нөхөд рүүгээ сэдэв олох гэж залгаж гарсан. Миний төрсөн дүү Шивээ говь суманд эмч хийдэг байсан. Надад ажлынхаа талаар их ярина. Тэгээд л монгол ахуйгаа харуулахад хөдөөний эмч яг болох юм байна гэсэн санаа төрж, гялс ерөнхий санаагаа бичээд багшдаа аваад очсон чинь “Хэн гэдэг эмч хаана байдаг юм бэ” гээд л асуугаад эхэлсэн /инээв/.
-Гол дүрийн эрэлд яаж явсан нь их сонин байна?
-Манай найз Б.Батрэгзэдмаа “Олон жил ажилласан, туршлагатай сумын эмч байгаа” гээд нөгөө эмчтэйгээ утсаар яриад яг таг тохирчихсон байсан чинь гэнэт өөр тийшээ явах ажилтай болоод больчихлоо. Гэтэл би киногоо хийх гээд хамаг техник хэрэгсэл, камераа бариад Монголдоо ирчихээд байдаг. Эмч байдаггүй ээ.
Монголд ирэхээсээ өмнө маш олон хүн рүү “Би ийм ийм чадвартай сумын эмч хайж байна. Та бүхэн туслаач” гээд и-мэйл бичсэн байсан л даа. Гэхдээ тэр сумын эмч говийнх уу, хангайнх уу гэдгийг ч би мэдэхгүй. Тэгсэн яг Монголд буусан өдөр найз Б.Одончимэг утасдаад “Найз нь нутгийнхандаа “Ард түмний гавьяат эмч” гэж хүндлэгдсэн нэг хүнийг оллоо. Чи сонирхоод үзвэл...” гэж байна. Зургийг нь явуулчих л гэлээ. Дүрийн ерөнхий төрх нь бас их чухал байдаг юм. Нэлээд удаж байгаад зураг нь ирсэн, хараад л энэ говийн хүн байна гэж таньсан. Сүүлд Холливудад манай кино гарахад эмчийг хараад “Танай эгч үү” гээд байсан. Говийн хүмүүс тийм нийтлэг төрхтэй байдаг байх нь л дээ /инээв/.
Шууд утсыг нь аваад залгалаа. Дундговь аймгийн Өндөршил суманд эмчээр ажилладаг, кинонд тоглоно гэдэг тэр хүний хувьд үнэхээр санаанд нь багтамгүй санагдаад эхэндээ зөвшөөрдөггүй ээ. “Та чадна аа” гэж тулгаад л давхиад очсон. Маш тэвчээртэй, хүлээцтэй, өндөр боловсролтой мэргэжлээ гартаа оруулчихсан хүн гэж Д.Эрдэнэчулуун эмчийг маань л хэлэх байх. Өндөршил сумандаа 17 жил, нийт 35 жил ажилласан туршлагатай, нутгийн олныхоо дунд бурхан мэт хүндлэгдсэн хүн байсан. Энэ том дүр чинь киног маань зүгээр л амилуулчихсан даа.
Маш тэвчээртэй, хүлээцтэй, өндөр боловсролтой мэргэжлээ гартаа оруулчихсан хүн гэж Д.Эрдэнэчулуун эмчийг маань л хэлэх байх.
-Камерын өмнө хэрхэн байх, бага зэргийн жүжиглэлт гэх мэт зүйлсийг та нар хэлж өгөв үү?
-Найруулагчийн талаас зөвлөх зүйл байлгүй л яахав. Гэхдээ Д.Эрдэнэчулуун эмч маань өөрийн өдөр тутам хийдэг ажлаа хийж, бид дагаад л зургаа аваад явсан. Эмч маань эхлээд нэлээд сандраад байсан, харин 2 хоногийн дараагаас камер байгааг мартчихсан л ажлаа хийгээд эхэлсэн. Яахын аргагүй Өндөршил сумынхаа Өндөр ээж шиг болчихсон эмч юм билээ. Магадгүй манай эмчээс өөр залуухан, туршлага муутай хүн байсан бол кино маань ингэж амжилтад хүрэх байсан уу гэдэг асуудалтай.
-Зураг авалт нь хэр удаан үргэлжилсэн бэ?
-Эхний удаа арав хоног, мөн дараа жил нь ирж дахин 10 хоног нэмэлт зураг авсан.
-Нэмэлт зураг авалт хийсэн гэж хэллээ. Энэ талаар тодруулбал...?
-Учир нь Герман, Францын ARTE TV-д киногоо явуулсан чинь минут нь дутсан. 43 минутаар авдаг стандарттай юм билээ.
-Герман стандарт гэж өөр нэг зүйл байх нь ээ?
-Европын хамгийн босго өндөртэй мэргэжлийн телевиз ARTE ТВ-ээр “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино маань сонгогдож гарах болсон нь хувь уран бүтээлч миний төдийгүй нийт монголчууд бидний баяр бахархал. Герман улс дахь Монгол Улсын соёлын элч, Mongolian Step агентлагийн захирал Ц.Гэрлээ миний хүсэлтийг хүлээн авч киног маань ARTE TV-д санал болгосонд туйлын их талархаж буйгаа энэ дашрамд уламжилж байна.
Европын техникийн стандарт үзүүлэлтүүдийг хангасан байх олон хуудас шаардлагуудыг хүлээж аваад шоконд орсон. Мэргэжлийн эвлүүлэгч, дууны найруулагч авч ажиллуулах үнэ хөлс нь энд маш өндөр байдаг, тэгээд ч тэр мөнгө нь бидэнд байдаггүй.
Одоо яах билээ гэж их сандарсан. Эцэст нь нохой хамартаа хүрэхээр усч гэж номыг нь заалгасан юм чинь хийж л таараа гээд өөрөө нухаж эхэлсэн. Олон хоног нойргүй сууж байгаад л ард нь гарсан даа. Одоо хэдхэн хоногийн дараа есдүгээр сарын 28-нд кино маань гарах гээд их баяртай сууна.
-Таны кино “Оюутны Оскар” хүртсэнийхээ дараа маш олон хотуудад гарсан. Тэр бүрийг үзсэн кино шүүмжлэгчид танд ямар шүүмж, санаа оноо хэлж байх юм?
-“Оюутны Оскар” аваад мэргэжлийн Оскарт өрсөлдөх эрхтэй болсон. Оскарт өрсөлдөж буй кинонуудыг өнгөрсөн 1 дүгээр сард Лондон хотын DOLBY театрт Европ дахь академийн шүүгч нар болон уран бүтээлчдэд үзүүлсэн юм. Кино гардаг өдөр гэр бүлийнхнээ дагуулаад очсон, театр пиг дүүрэн. Тэд шүүмж гэхээр зүйл хэлээгүй ээ. Киноны дараа намайг тайзан дээр гаргаж баяр хүргэн Оскарын шагнал авахыг ерөөж байсан. Холливудад үзүүлэхэд нэг шүүгч надаас “Чи энэ кинондоо сэтгэлийн олон эмоцийг харуулж их амьд хийжээ” гэж хэлсэн. Францын Каннын кино наадамд гаргахад Англиас манай багш, найруулагчийн ангийн шинэ оюутнуудаа дагуулж очиж үзүүлэн баяр хүргэсэн гээд дандаа л магтуулсан юм байна /инээв/.
-Энэ кино таны анхны баримтат бүтээл үү?
-МҮОНТВ-д байхдаа “Морины тарни” нэртэй Төв аймгийн Сэргэлэн сумын уяач н.Нарангэрэлийн 3 настай унаач хүүгийн тухай анхны баримтат киногоо хийж байсан. Энэ кино миний хоёр дахь уран бүтээл.
-Найруулагчид голдуу нэг сэдвээрээ дагнаад уран бүтээл хийж байгаа харагддаг. Танд дахиад баримтат кино хийе гэсэн уран бүтээлийн шунал төрөх юм уу?
-Нүүдэлчин ахуй соёлоо харуулсан олон сайхан бүтээл хийж дэлхий нийтэд үзүүлэх юм сан гэдэг хүсэл маань улам л дэвэрч явна.
Эхний киногоо амжилттай хийж, урам зориг маань хөглөгдөөд дараагийн уран бүтээлийн ажилдаа ороод Холливудын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа.
Одоо хаашаа ч явсан сэдэв хайж, харж явна даа. Сэдвээр цангачихсан... /инээв/
-“Нүүдэлчдийн өрхийн эмч” кинон дээрээ дандаа монгол уран бүтээлчидтэй хамтран ажилласан уу?
-Дууны найруулга, эвлүүлгийн ажлыг англи хүмүүс хийсэн. Бусад ажлыг манай монголчууд бүтээсэн. Продюсероор Т.Адьшаажав, ерөнхий зураглаачаар Б.Лхагвадорж, хоёрдугаар зураглаачаар Б.Санжид, дууны оператороор Н.Бямбацогт, орчуулагчаар Т.Хишигнэмэх нар ажилласан. Манай зураглаачдын ур чадвар ёстой гайхагдсан шүү дээ.
Эмч, жолооч хоёрын замд явж байгаа хэсгийг манай зураглаач авахдаа яг урд талаас нь, биеэ машинд бүсээр хүлж байгаад авсан юм. Тэрийг хэлэхээр бүр толгой сэгсрээд гайхаад байсан. Үүн дээр би нэг алдаа гаргасан нь тухайн үед хэрхэн ажиллаж байсан зураг авч баталгаажуулж чадаагүй. Тэр үед зураглаачаа л унагаачихалгүй байх талаар бодож байсан болохоос зураг хөрөг авах тухай бодоогүй явжээ. Одоо бол дахин ийм алдаа гаргахгүй болсон. Ямар техникээр, ямар нөхцөлд, хэдэн хүн ажилласан гээд маш нарийн нухацтай үзүүлэлтүүдээр шалгаруулалт шүүгддэг юм билээ. Мөн хийхэд ямар бэрхшээл хүндрэл гарч байсан, тэрийг хэрхэн яаж давж туулсан талаараа видео танилцуулга хийж явуулсан маань Монголын уран бүтээлчид мэргэжлийн ур чадвар сайтай болохыг харуулж чадсан гэж боддог.
Кино маань мэргэжлийн, туршлагатай, чадвартай эдгээр уран бүтээлчдийнхээ хүчээр л ийм амжилтад хүрч чадсан. Багийнхандаа халуун баяр хүргэж дахин гүн талархлаа илэрхийлье.
Сониноос “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино Холливуд дахь Кино урлаг, шинжлэх ухааны академийн архивт хадгалагдаж үлдсэн Монголын анхны бүтээл болсон. Үе үеийн Оскарын шагнал хүртэж байсан дэлхийн шилдэг бүтээлүүдийн кино архивт бүтээл маань хадгалагдаж байгаа шүү дээ. Үнэхээр бахархалтай хэрэг.
“Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино Холливуд дахь Кино урлаг, шинжлэх ухааны академийн архивт хадгалагдаж үлдсэн Монголын анхны бүтээл
-Та Монголын өнөөгийн кино урлагийн салбарын түвшингийн талаар ямар бодолтой байдаг вэ?
-Манай кино урлагийн өнөөгийн байдал дотооддоо харьцангүй тогтворжиж кино үйлдвэрлэл, үзэгчдийн тоо эрс нэмэгдэж байна. Олон улсын чанартай кино наадмууд зохиогдож, Монгол киногоо дэлхийн зах зээлд борлуулах дистрибюшн компаниуд бий болж, хөгжлийн хувьд шинэ шатанд гарч байна даа гэж харж байгаа.
-Сүүлийн үед телевизийн салбарт ч, киноны салбарт ч баримтат уран бүтээл тун бага хийгдэж байна. Бүр энэ чиглэлийн уран бүтээл мартагдах вий гэх айдас ч байх. Таны хувьд юу гэж бодох юм?
-Уг нь манай баримтат кино 70 жилийн арвин түүхтэй салбар. Гэхдээ 1990 оноос хойш соёлын тогтвортой бодлогогүй, урсгалаараа өдийг хүртэл явж байгаа нь тун харамсалтай. Баримтат кино бол түүхийн болон судалгааны эх сурвалж болон үлддэг, танин мэдүүлэх чухал ач холбогдолтой улсын үнэт архив юм. Тиймээс төр засаг Баримтат кино бүтээх асуудлыг ямар ч үед соёлын бодлогынхоо нэн тэргүүнд тавьж, Монголын түүхийг алдаа оноотой нь үнэн зөв харуулсан баримтат кинонуудыг тасралтгүй бүтээх “Үндэсний баримтат киноны алба” байгуулж ажиллах нь зүйтэй гэж бодож явдаг. Бидний түүх бол зөвхөн монголчуудынх биш дэлхийн түүх. Энэ том капиталаа баримтат кино болгож дэлхийн зах зээлд гаргах том боломж бидэнд бий.
БИ ЗӨВХӨН ӨӨРИЙНХӨӨ МЭРГЭЖЛИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ГЭЖ ИХ БРИТАНИД СУРАЛЦААГҮЙ
-Төрийн бодлого л үгүйлэгдэж байна даа. Энэ чиглэлээр тусгайлан бэлтгэдэг сургууль ч алга байна?
-Мөн ч олон жил ярилаа. Одоо хийх цаг нь ирсэн байлгүй дээ. Уг нь төр засгийн зөв бодлого, дэмжлэгээр хурдан хөгжиж чадвал бид өөрсдийн бүтээсэн түүх, нүүдэлчин ахуй соёлоороо дэлхийн кино урлагт шинэ төрх нэмж, хэчнээн тэрбумаар эргэлдэх зах зээлийн урсгалыг нь Монгол руу чиглүүлж чадах боломж тийм ч хол биш байна даа. Урлагийн мэргэжилтнүүд, уран бүтээлчдээ гадаадад сургах, гадныхантай хамтран ажиллаж туршлага судлах, тэднийг Монголд ирж ажиллах нөхцөл бололцоо, хууль эрх зүйн орчинг нь бүрдүүлж өгөх, дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн техник хэрэгсэлтэй кино үйлдвэр, киноны хуультай болох, үндэсний кино төслүүдийг шалгаруулж санхүүжүүлдэг мөнгөн сантай болох гээд олон ажлыг хурдацтай хийх хэрэгтэй байгаа юм. Мөн бид өөрсдийн бааз боловсон хүчин дээрээ тулгуурлан ахмад туршлагатай уран бүтээлчдээсээ суралцах, багш шавийн болон дадлагажуулах mentorship, training сургалтаар залгамж халаагаа бэлтгэх асуудалд онцгой анхаарал хандуулмаар байна.
-Уран бүтээлч хүний хувьд таны оруулах хувь нэмэр юу байх вэ?
-Би зөвхөн өөрийнхөө мэргэжлийг дээшлүүлэх гэж Их Британид суралцаагүй. Дэлхийн улс орнуудын кино урлагаа хөгжүүлж ирсэн түүх, кино үйлдвэрлэх процесс, стандарт, олон улсын маркетинг бодлого, оюуны өмчийг хамгаалах хууль гээд олон зүйлийг сурч түүнийг Монголдоо суурьшуулах сан гэж зорьж явна. Одоо Холливудын студи, продюсер, олон улсын багтай хамтран дараагийн баримтат киногоо хийх гэж байна. Гол зорилго нь мөн л тэднээс суралцах. Энэ л миний баримтат киноныхоо салбарт оруулах хувь нэмэр болно гэж бодож явдаг. Ийм сайхан арвин баялаг түүхтэй, соёлтой хүмүүс чинь тэрийгээ дэлгэцийн бүтээлээр л дэлхийд таниулна шүү дээ. Сая Монголдоо очоод 3000 уртын дууч, морин хуурчдын болон Их газрын чулууны Задгай театр дахь урлагийн тоглолтыг үзээд миний биеийн шар үс боссон. Үүн шиг сонгодог тоглолтыг Монголоос өөр хаана ч үзэхгүй. Энэ гайхамшигт өв соёлоо л дэлхийд дархалмаар байна даа.
Дэлхийн улс орнуудын кино урлагаа хөгжүүлж ирсэн түүх, кино үйлдвэрлэх процесс, стандарт, олон улсын маркетинг бодлого, оюуны өмчийг хамгаалах хууль гээд олон зүйлийг сурч түүнийг Монголдоо суурьшуулах сан гэж зорьж явна.
-Уучлаарай суралцаж байх хугацаандаа “Арай жаахан эрт ирж сурсан бол...” гэх бодол төрж байв уу?
-Тэгэлгүй яахав. Би нөхрийнхээ хамт 2009 онд Лондон хотноо Европ дахь анхны “Монголын соёлын төв” байгуулаад 10 жил болж байна. Монголынхоо түүх, соёлыг гадаадад сурталчлах ажлаа хийх гээд их эртнээс зүтгэсэн зорилго маань биелж, дэлхийн тавцанд Монголоороо гоёлоо. Киноныхоо нээлт дээр ээжийнхээ дээлийг өмсөж очсон. Гэхдээ гоёчлох гэж биш, зүгээр л энгийн тэр дээл бидний соёл юм. Монголчуудын бүтээсэн сонгодог загвар. Өөр миний нэг том зорилго бол охидоосоо урьтаж Магистрын зэрэг хамгаалж, хүн хүсэл зорилготой байх юм бол хэдэн ч настай байсан мөрөөдөлдөө хүрэх боломж бий гэдгийг тэдэндээ харуулахыг хүссэн. Би 3 охинтой.
-Таны алсын том амбиц юу юм бэ?
Хүний хүсэл мөрөөдөл дуусах биш дээ. Нэг хошин шог дээр “Начин бол авчихсан, харин заан яадаг бол” гэдэг шиг Оскарт л зүтгэнэ дээ /инээв/.
-Уран бүтээлд тань амжилт хүсье. Дахин баярт мэдээгээр уулзахын ерөөл өргөе.
-Та бүхэнд баярлалаа.
Гэрэл зургийг Д.Амаржаргал
Сэтгэгдэл ( 1 )
“Монголчууд бидний нүүдэлчин ахуй, зан заншил, нүүдэлчин ухаан ямар гайхалтай вэ. Монгол монголоороо байхын үнэ цэнэ энэ л юм байна”