Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хурал Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хуралдаанд сууж, хурлын төгсгөлд аймаг орон нутгийн удирдлагууд болон салбар хариуцсан зарим сайд нарт тусгайлан үүрэг өгөв.
Хурлын эхэнд Хөдөө аж ахуй, эрчим хүч, Зам тээврийн салбарт болон ОБЕГ-т, Нийслэлд өвөлжилтийн бэлтгэл ажил хангах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гүйцэтгэлийн талаар салбар хариуцсан сайд, дарга нар нэгдсэн мэдээлэл өгөв. Мөн 2019-2020 оны өвлийн улирлын цаг уурын төлөв байдлын тухай Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлэл сонсов.
Нийслэлд өвөлжилтийн бэлтгэл ажил 62 хувь, Улсын хэмжээнд 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Нийт нутгаар зуншлага цагтаа эхэлсэн ч бүхэлдээ хуурай, халуун байж, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн хур бороо орсноос үүдэн ургац хураалт хойшлох, болц удаашрах зэргээс ургац алдах нөхцөл бүрдснийг ХХААХҮЯ-наас ирүүлсэн дүн мэдээ харуулав. Мөн үр тариа хураалтын цагт цочир хүйтэрч, наймдугааар сарын сүүл, есдүгээр сарын эхээр цас орж, олон жилийн дунджаас хүйтэн өвөл болж болзошгүй талаар анхааруулж байлаа.
Иймд салбар бүр есдүгээр сарын эхний хагаст багтаан өвөлжилтийн бэлтгэлээ хангаж дуусахыг асуудал хариуцсан албан тушаалтнуудад үүрэг болгож Засгийн газрын 270, 285 тоот тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд Улсын Онцгой комиссоос даалгав.
Улсын онцгой комиссын хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх найр, наадмын сар дууссаныг санаж өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг анхааруулаад ХХААХҮ-ийн сайд болон Аймгийн засаг дарга нарт хандан тусгайлан дараах үүрэг даалгаврыг өгөв.
Нэгдүгээрт: Ард, түмний хүнсний үндсэн хэрэглээ, стратегийн бүтээгдэхүүн болох мах, гурил, төмс хүнсний ногооны хангалтад сайтар анхаар. Махны экспортоо нэмэгдүүлнэ гэхээсээ өмнө дотоодын хэрэгцээгээ ханга. ХХААХҮ-ийн сайд аймгийн дарга нартай хамтарч нэгдсэн бодлого төлөвлөлттэй арга хэмжээ авч ажилла. Нийлүүлэлт сайжирвал үнэ унана. Далан сая малтай улсын иргэд ирэх жил тэнгэрт хадсан үнээр мах, гурил авахаар болвол үүний хариуцлагыг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан толгойгоороо хариуцна. Тайлбар шалтаг хүлээж авахгүй.
Хоёрдугаарт: Аймгйин засаг дарга нар ажилдаа эзэн байж, орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтыг чанартай түргэн шуурхай гүйцэтгүүл. Аймгийн дарга нар орон нутагтаа шударга ёсыг тогтоож, сахилга хариуцлага дэг журмыг төрийн албанд бий болгохыг дахин үүрэг болгож байна.
Гуравдугаарт: Эрх мэдлээрээ далайлган сүрдүүлж, орон нутагт байгалийн баялагийг ашиглаж байгаа тэдгээр хүмүүстэй хатуу тэмцэх, бизнес, улстөр хоёрыг ангид авч үзэж байх хээрэгтэй.
Дөрөвдүгээрт: Байгаль орчноо хамгаалахад маш сайн анхаарах шаардлагатай. Шүүх, прокурор, хүчний байгууллагад тодорхой хэмжээгээр шинэчлэлт хийгдсэн. Төрийн хууль зөрчвөл хариуцлага хүлээлгэдэг байх хэрэгтэй. Олигархуудын өмнө орон нутгийн удирдлагууд бөхийх ёсгүй. Айж, шантрахгүй байхыг хүсье. Та бүгдийг Засгийн азар, төр хамгаалах болно.
Тавдугаарт: Өмнөговь аймагт Тост, тосон бумба, Хэнтийд-Гутайн даваа, Төв аймагт- Эко-Алтанзаамар, Архангай аймагт Орхон голын ай савд, Сэлэнгэ аймагт Хүдэр, Ерөөд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын зөвшөөрлийг цуцла. Үйл ажиллагааг нь шалгаж арга хэмжээ ав гэсэн үндсэн таван үүрэг даалгаврыг өглөө.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хуралдаанд оролцогчдод хандан цааш хэлэхдээ;
Улсын хэмжээнд олгогдсон уул уурхайн лицензүүдийг нэгбүрчлэн шалгах Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг томилсон, ажиллаж байгаа. Цэгцэлж авах зорилго байна. Аливаа улс, үндэстэн газар нутаг, хүн амынхаа хүчинд оршин тогтнодог.
Иймд байгаль экологи, экосистемийн тогтвортой байдлын эсрэг арга хэмжээ явуулах албан тушаалтан гэж байх ёсгүй. Байгалийн экосистемийн эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа олигархуудтай Монгол Улсын Засгийн газар хатуу тэмцэх болно. Хариуцлага тооцоход шат шатандаа анхаарч ажиллаарай.
Ямар ажил албан тушаалтай байх нь хамаагүй гэмт хэрэг хийсэн хүн бүр ял шийтгэлээ хүлээх ёстой. Дарамт шахалт ирвэл мэдэгд. Төр хамгаална. Олигархуудын барьцаанд бүү ор, бүү худалдагд, зоригтой бай. Төрийн сүлд харж байна. Дарга нар туйлаас анхаарч ажилла. Цаашид төрийн бүх шатанд олигархууд сонгогдох учиргүй юм. Ард иргэд үүнийг мэддэг болсон. Хулгайч нарыг Монголын төрд дахин битгий гаргаасай гэж бүх улстөрийн намуудад уриалж байна гэсэн юм.
Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурлын дараа үргэлжлүүлэн Засгийн газрын өргөтгөсөн хурлыг хаалттай горимоор хийж Улсын нууцын зэргийн асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Дэмжиж байна!
Монгол хун монголынхоо газар нутагт тайван малынхаа билчээртэй уух устай ургамал ой модтойгоо амьдрах эрхтэй ямарч улс ард тумнийхээ эрх ашиг Сайн Сайхан амьдралыг 1- рт тавидаг Харин байгал дэлхийгээ орвонгоор нь эргуулж целжуулж гадныхны гар хел болж байгаа нехдуудтэй хариуцлага тооцох хэрэгтэй мен хариуцлагатай уул уурхай эрхэлж хоёр талдаа ашигтай гэрээ байгуулж Нехен сэргээлт хийж ажиллах хэрэгтэй