Энэ сарын 31-нд Хятадын Шэньжэнд холимог тулааны “UFC Fight Night” тэмцээн болно. Тэмцээний үндсэн 10 тулааны хуваарь гарсан байгаа. Мөн энэ тэмцээний эхний хэсэгт манай тулаанч Д.Батгэрэл Өвөр Монголын Алтанхилтэй тулалдах болсон талаар хэвлэлүүд мэдээлж байна.
“UFC Fight Night” тэмцээний гол тулаанд Бразил бүсгүй Жессика Андраде аваргын бүсээ хамгаалах тулааныг Хятадын Вэйли Чжантай хийнэ. Хэрэв Чжан ялбал Хятадын түүхэн дэх анхны UFC холбооны аварга болох юм.
Хоёр долоо хоногийн өмнө UFC холбооноос тэмцээний албан ёсны зурагт хуудсыг гаргасан. Харин Хятадад тус хуудас бага зэрэг өөрчлөгдөөд гарсан байлаа.
Ялгааг олох тун амархан. Андрадегийн шивээс хятад хувилбарт алга болсон байв.
Хятад улс шивээстэй тэмцээд олон жил болж байна. Энэ тэмцэл рэп, хип-хоп, рок хөгжмийг туулаад, хөл бөмбөгийг дайраад холимог тулаанд хүрээд иржээ.
Өнгөрсөн долоодугаар сард Хятадын промоутер компаниуд холимог тулаан, бокс, кикбокс, муай-тай, үшү сандогийн тэмцээнүүдэд шивээстэй тамирчдыг оролцохыг хориглосон. Жижигхэн шивээсийг хувцсаар, скоч наагаад хааж болно. Харин том шивээсээ далдлах гэж тамирчид дотуур цамц, өмд өмсөн талбайд гарч байлаа. Хууль дүрмийг зөрчвөл тэмцээнийг хааж, зохион байгуулагчдыг торгох тул тэд ч дүрмээ хатуу чанга сахиж байлаа.
Хятадад хүн хорвоог орхихдоо ирсэн шигээ элдэв шивээсгүй буцах ёстой гэж үздэг. Шивээстэй хийх Засгийн газрын тэмцэл 2018 оны нэгдүгээр сараас эрчимжсэн. Телевиз, кино, театрын бүх ажилтанд зориулсан дүрэмд:
• Сэтгэл зүрх нь Коммунист намтай холбоогүй, ёс суртахуунгүй хүнийг тайзанд гаргахгүй;
• Бүдүүлэг, танхай уран бүтээлчдийг гаргахгүй;
• Үзэл суртлын доголдолтой уран бүтээлчдийг хориглоно;
• Хэрэг төвөгт холбогдож байсан уран бүтээлчдийг гаргахгүй гэж заасан байлаа.
Үүний бүдүүлэг, танхай гэдэгт шивээс багтаж байгаа юм. Телевизийн мэдээний хөтлөгч нар шивээстэй бол ажлаасаа халагдаж, шивээстэй жүжигчдийг кинонд тоглохыг хориглов. Тиймээс олон алдартай рэп дуучин телевизийн дэлгэцээс алга болсон. Зарим том компани шинэ ажилтан авахдаа шивээсийг нь шалгадаг болжээ.
Хятадын хөл бөмбөгийн шигшээ багийн шивээстэй тоглогчид аагим зуны халуунд ч шивээсээ далдалсан цамц өмсөн тоглодог боллоо. Харин Хятадад болох UFC холбооны тэмцээнд шивээстэй яаж тэмцэх нь тодорхой бус. Хятадын шилдэг тулаанч Сон Ядон гуяндаа том шивээстэй тул Шэньжэний тэмцээнд оролцохгүй болжээ. Харин энэ хориг гадаадын тамирчдад яаж үйлчлэх бол? Гол тулааны тамирчин Андраде бас хоригт хамрагдах уу гэдэг сонирхолтой.
Сэтгэгдэл ( 1 )
Zovshtee