Эмэгтэйчүүдийн холимог тулаанд ижил хүйстнүүд дийлж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 20

Тавдугаар сарын 12-нд болсон “UFC 247” тэмцээнд Бразилын Жессика Андраде Америкийн Роуз Намаюнасыг ялж, аваргын бүсийг булаан авснаар  UFC холбооны эмэгтэйчүүдийн дөрвөн жингийн гурав нь ижил хүйстэн аваргатай боллоо. Бразилын Аманда Нуньес хоёр өөр жинд аваргын бүс эзэмшдэг билээ.

Лесби буюу ижил хүйст тамирчид UFC холбоонд эмэгтэйчүүдийн тэмцээн зохион байгуулж эхлэхэд л гарч ирсэн. 2013 оны хоёрдугаар сард болсон “UFC 157” тэмцээнд  Ронда Раузи ижил хүйстэн Лиз Кармуштай тулалдсан нь тэдний анхны тулаан байлаа.

Тулааны өмнө Ронда “Лиз бол тэнгисийн цэргийн албан хаагч тул түүнийг би айлгаж чадахгүй. Тэр бол лесби гэдгээ зарласан анхны холимог тулаанч эмэгтэй. Тийм болохоор тэмцээний өмнө нэг нэгэндээ олон юм яриад яах вэ” гэж хэлж байв. Ронда тэр тоглолтод эхний үе дуусахад 11 секунд дутуу байхад өчих мэхээр ялсан.

Тулааны дараа өчих мэх гол сэдэв биш байлаа. Холбооны ерөнхийлөгч Дана Уайт “Бэлгийн хандлагаа зарлахаас айгаагүй Лизад би алга ташин, баяр хүргэмээр байна. Түүний жишээг бусад олон тамирчид дагана гэдэгт итгэж байна. Лиз лесби гэдэг нь миний санааг зовоохгүй байна, бусдад ч энэ бол хамаагүй зүйл юм” гэж хэлж байлаа.

Ижил хүйстнүүд хоорондоо анх удаа тулалдав

2013 оны долоодугаар сард лесби гэдгээ зарласан хоёр эмэгтэй анх удаа хоорондоо халз үзэлцлээ. Дээр дурдсан Лиз Жессика Андрадетэй таарсан юм.

Андраде “Би эмэгтэй хүнд хайртай, дуртай. Гэхдээ энэ нь зодолдоход саад болдоггүй. Миний тулаан болгон ижил хүйстнүүд бол жирийн хүмүүс гэдгийг батлан харуулах боломж юм. Бидний бэлгийн чиг хандлага тулаанд нөлөөлдөггүй. Бүх хүнийг ойлгоно  гэж найдахгүй байна. Ямар ч гэсэн би хуучин шигээ сэтгэл татам хэвээр байх болно” гэж ярьж байв.

Хоёр ижил хүйстнүүдийн тулааныг тулаан гэж үзэх хэрэггүй гэж байсан хүмүүст тэд 9 минутын цус урсгасан тулаанаар хариу барьсан. Кармуш техникийн нокаутаар ялж байлаа.

Анхны лесби аварга

Аманда Нуньест аваргын бүс авахад зургаан тулаан л шаардагдсан. 2016 оны долоодугаар сарын 9-нд тэр Миша Тейтийг боож унагаан, анхны ижил хүйстэн аварга болсон юм. 2018 оны 12 дугаар сарын 29-нд Крис Сайборгийг цохиж унагаад бас нэгэн аваргын бүстэй болсон. Хэн ч, юу ч хэлээгүй. Нийгэм ижил хүйстэн эмэгтэй тамирчин ялахад хэдийн дассан байлаа.

Амандагийн найз бүсгүй Нина Ансарофф мөн л холимог тулаанч. Ялалтын дараа тэдний үнсэлцэж байгаа зураг сонин болгонд гарсан байх.

“Миний хувьд энэ нь жирийн зүйл. Энэ бол өвчин биш. Би аз жаргалтай байна, энэ муу хэрэг гэж үү? Жаргалтай байгаа хүмүүсийг хараад бусад нь баярлах ёстой. Тэр надтай үргэлж хамт байдаг. Миний тухай бүхнийг мэднэ. Тулааны үеэр надад тусалж чадах хүн бол Нина” гэж Нуньес ярьдаг. Хосууд бэлтгэлийн танхимд танилцаж, нөхөрлөжээ.

2018 оны зун Аманда бөгжтэй зургаа инстаграмд тавьж, “Тэр миний гэрлэх саналыг зөвшөөрсөн” гэж баярлан бичиж байсан. Хосуудын ойрын үед хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй гэнэ.

Тус холбоонд Ракель Пеннингтон,  Тиша Торрес гэсэн бас нэг хос эмэгтэй тулаанч бий. Торрес “Чи надад өдөр болгон үнэнч цэвэр хайр бэлэглэдэг. Би мисс Пеннингтон болох өдрөө тэсэн ядан хүлээж байна” гэж бичиж байв.

Ийнхүү UFC холбооны эмэгтэйчүүдийн холимог тулаанд хөнгөн жингийн аварга Валентина Шевченкогоос бусад аваргууд бүгд ижил хүйстэн болсон.

Харин эрэгтэйчүүдийн холимог тулаанд байдал өөр. Одоогийн байдлаар хэн ч ижил хүйстэн гэдгээ зарлаагүй байгаа. Магадгүй тэднийг эмэгтэй холимог тулааны ертөнц шиг найрсаг хүлээн авахгүй байж мэдэх юм. 2014 онд Кайл Кингсбери UFC-ийн тэмцээний өмнөх жин үзэлт дээр ягаан дотуур хувцастай гарч ирэхэд ар талд нь Legalize Gay гэсэн бичиг байлаа. 2017 онд Марк Диакиси ижил хүйстний “Gay Times Magazine” сэтгүүлийн нүүрэнд зургаа авхуулсан.

Ти Жей Диллашоу, Чак Лиддел, Жозеф Бенавидес зэрэг тулаанчид хэрэв үнэхээр сайн тамирчин бол ижил хүйстэн байсан ч хамаа байхгүй гэж үздэгээ ярьж байсан. Холимог тулааны домог Андерсон Силва ижил хүйст тулаанч олон байгаа, гэхдээ тэд өөрийгөө илчлэхээс  айдаг гэж мэдэгдэж байлаа. Юунаас айна гэж?

Энэ асуултад Андрадегийн хэлсэн “Нийгэмд шүүмжлүүлж, муулуулна гэхээс хүмүүс айдаг. Хэзээ нэгэн цагт, хэн нэг нь каминг аут хийнэ гэж найдаж байна. Эхлээд хэцүү байдаг. Харин дараа нь хүмүүс чамайг ойлгодог болно” гэсэн үг хамгийн тод хариулт болох биз ээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top