ОХУ-ын шигшээ баг, НХЛ-ийн “Вашингтон Кэпиталз” багийн довтлогч Евгений Кузнецов кокаин хэрэглэсэн хэргээр энэ сарын 22-нд дөрвөн жил тоглох эрхээ хасуулж, 2019 оны ДАШТ-ий хүрэл медалиа хураалгалаа. Энэ оны тавдугаар сард болсон ДАШТ-ий үеэр авсан түүний сорьцоос кокаин илрэн гарсан нь Оросын спортын ертөнцөд гарсан том дуулиан байлаа.
Ингээд түүнээс гадна допингийн хэргээр шийтгэл хүлээж байсан Оросын од тамирчдыг танилцуулъя.
Евгений Кузнецов (хоккей). Кокаин хэрэглэсэн. 4 жил эрхээ хасуулж, дэлхийн аваргын хүрэл медалиа хураалгасан.
Мария Шарапова (теннис). Мельдонийн хэргээр 2 жилээр торгуулсан.
Александр Зубков (бобслей). Допингийн эсрэг дүрмийг зөрчиж, 2014 оны олимпын хос алтан медалиа хураалгаж, бүх насаараа олимпын наадамд оролцох эрхгүй болжээ.
Юлия Ефимова (усанд сэлэлт). Дегидроэпиандростерон хэрэглэн, 1.5 жилээр эрхээ хасуулж, Европын АШТ-ий таван медалиа буцаан өгөхөөс өөр аргагүй болсон.
Егор Титов (футбол). Бромантан илэрсэн тул нэг жилээр шийтгүүлсэн.
Юлия Зарипова (хөнгөн атлетик). Допингийн эсрэг дүрэм зөрчиж, 2,5 жил тэмцээн уралдаанд орох эрхгүй болон, 2012 оны олимпын алтан медалиа хураалгасан.
Сергей Кирдяпкин (хөнгөн атлетик). Допингийн эсрэг дүрэм зөрчсөн хэргээр 3 жил, 2 сараар эрхээ хасуулж, олимп, ДАШТ, Дэлхийн Цомын тэмцээний алтан медалиудаа хураалгасан.
Михаил Алоян (бокс). Туаминогептан хэрэглэсэн нь илэрч, 2016 оны олимпын мөнгөн медалиа хураалгасан.
Александр Крушельницкий (керлинг). Мельдонийн хэргээр 4 жилээр шийтгүүлж, 2018 оны олимпын хүрэл медалиа хураалгасан.
Лариса Лазутина (цана). Сэргээш хэрэглэсэн хэргээр 2 жилийн шийтгэл хүлээж, 2002 оны олимпын хос мөнгөн медалиа хураалгасан.
Ольга Медведцева (Пылева) (биатлон). Фенотропил хэрэглэж, 2006 оны олимпын мөнгөн медалиа хураалгаж, 2 жилээр шийтгүүлсэн.
Александр Логинов (биатлон). Эритропоэтин хэрэглэсэн нь илэрч, 2 жилийн эрхээ хураалгасан.
Сэтгэгдэл ( 0 )