ЖҮДО ДАШТ-2019: Эхний өдрийн медальтнууд

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 26

Японы нийслэл Токио хотод өчигдөр /2019.08.25/ жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 23, багийн 15 дахь удаагийн ДАШТ эхэллээ.

Наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 1 хүртэл Японы тулааны урлагийн өлгий “Ниппон Бүдокан” ордонд явагдах тус тэмцээнд 149 орны 860 жүдоч өрсөлдөж байна. Эрэгтэй, эмэгтэй нийт 14 жин, холимог багийн тэмцээн болж, олимпын чансааны оноо олгоно. Дэл­хийн аварга болсон тамирчин чан­сааны 2000 оноо, мөнгөн медальт бөх 1400, хүрэл медаль хүртсэн бөх 1000 оноо авна. Шагналын сан ч өндөр. Дэлхийн аваргууд 26 мянган ам.доллар, мөнгөн медальт 15 мянган ам.доллар, хүрэл медаль хүртсэн бөх найман мянган ам.долларын шагналтай.

Тэмцээний эхний өдөр манай хөнгөн жингийн гурван жүдоч барилдсан. Хамгийн түрүүнд эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Г.Наранцэцэг гарч ирлээ. Эхний тойрогт Словений Маруса Станжертэй таарч, нэмэлт цагт цэвэр ялсан ч дараагийн тойрогт энэ жингийн шилдэг бөхчүүдийн нэг Косовогийн Дистриа Красникт цэвэр ялагдсанаар Г.Наранцэцэг тэмцээнээ өндөрлүүллээ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын Д.Амартүвшин эхний тойрогт хийлсэн. Хоёрдугаар тойрогт Монакогийн Янн Сиккардиг илт илүүрхсээр гурав торгуулж, торгуулиар яллаа. Дараагийн тойрогт таарсан Өмнөд Солонгосын Чой хэцүү өрсөлдөгч гэгдэж байсан ч ердөө минут хүрэхгүй хугацаанд Амраа баруун хутгаад цэвэр ялалт авлаа. Дараа нь Киргизийн 18 настай залуу бөх Кубаничбек Айбек Уулутай таарч, ялбал хэсгийн аваргын төлөө барилдах байлаа. Үндсэн цагт манай бөх илт илүүрхэж, Айбек хоёр торгуулсан ч Амраа оноо авч амжаагүй. Ингээд нэмэлт цаг эхлэхэд барилдаан эргэсэн байлаа. Нэгэнт алдах зүйлгүй болсон Айбек угсруулан мэх хийж ажиллаж эхэллээ. Бараг арван минут барилдсаны эцэст Айбек мордож шидээд манай бөхийг цэвэр иппон ялж, Амраа тун харамсалтайгаар ДАШТ-ээс хасагдлаа.


Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан бас нэгэн бөх, гавьяат тамирчин М.Уранцэцэгт монголчууд их итгэл найдвар хүлээлгэж байлаа. 2013 оны дэлхийн аварга, 2017 оны ДАШТ-ий мөнгөн медальт М.Уранцэцэгийн жинд гол өрсөлдөгчид нь Украины дэлхийн аварга Дарья Белодед, олимпын хүрэл, дэлхийн хошой хүрэл медальт Казахстаны Г.Отгонцэцэг, 2017 оны дэлхийн аварга, 2018 оны мөнгөн медальт Японы Фүна Тонаки, 52 кг-аас бууж ирсэн Косовогийн Дистриа Красники нар байлаа. Үүнээс Г.Отгонцэцэгтэй Урнаа D хэсгийн аваргын төлөө таарч барилдсан. Олон жил хамт бэлтгэл хийж, өрсөлдөж байгаа тэдний барилдаанд М.Уранцэцэг даралтаар цэвэр ялж, хагас шигшээд шалгаран үлдлээ.

Хагас шигшээд Урнаагийн өрсөлдөгч нь Украины залуу од, 18 настай Дарья Белодед. Хоёр жилийн өмнөөс тодорсон түүнтэй М.Уранцэцэг огт таарч байгаагүй. Энэ хоёр бөхийн барилдааныг жүдо сонирхогчид хоёр жил хүлээж байна гэж хэлэхэд болно. Энэ хоёрын хэн ялсан нь Японы Фүна Тонаки, Косовогийн Дистрия Красники нарын ялсантай аваргын төлөө хүч үзэхээр болоод байлаа.

Урнаа, Дарья хэн хэн нь иппон ялсаар хагас шигшээд гарч ирсэн. Хэвтээгээс манай бөх илүү гэж байсан ч барилдаан эхлээд нэг минут өнгөрч байхад Дарья Урнааг даралтад оруулж, манай бөх гарах гээд чадсангүй, цэвэр ялагдлаа. Украин охин Урнаатай хэрхэн барилдахаа сайн бэлтгэжээ. Энэ хоёрын өрсөлдөөн Токиогийн олимпод үргэлжлэх болно.

Ингээд Урнаа хүрэл медалийн төлөө Францын Клементтэй барилдах болсон. Барилдааны харьцаа 1:1 тэнцүү. Хагас шигшээд Украин охинд хэвтээ барилдаанд ялагдсан ч манай бөх харин хүрэл медалийн төлөө хэн нь хэвтээ барилдаанд илүү гэдгээ харуулж, өчих мэхээр цэвэр ялсан юм. Ийнхүү Урнаа дэлхийн аваргын алт, мөнгө дээрээ хүрэл медаль нэмэн, бүрэн цуглуулгатай боллоо.

48 кг-ын жинд Дарья Белодед түрүүлж, дэлхийн хошой аварга болсон бол Японы Фүна Тонаки хошой мөнгөн медальтан болсон.

Энэ ДАШТ “Токио 2020” олимпын наадмын өмнөх том шалгуур боллоо. Алдаа оноогоо дэнслэхэд яг нэг жилийн хугацаа үлджээ.


ДАШТ-ИЙ ЭХНИЙ ӨДӨР
 

Эмэгтэй 48 кг

1. Дарья Белодед (Украин)

2. Фүна Тонаки (Япон)

3. М.Уранцэцэг (Монгол), Дистрия Красники (Косово)

Эрэгтэй 60 кг

1. Лухум Чхвимиани (Гүрж)

2. Шарафуддин Лутфиллаев (Узбекистан)

3. Рюүжү Нагаяма (Япон), Сметов (Казахстан)

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mn(202.131.243.186) 2019 оны 08 сарын 26

Уранаа гавьяат аргагүй л бөмбөрцгийн бөх юм. Энэ удаад ч үүнийгээ баталлаа.

1  |  0
Top