“Токио-2019” жүдо бөхийн ДАШТ-ий тав дахь өдөр эрэгтэйчүүдийн 90 кг, эмэгтэйчүүдийн 70 кг-ын жингийн барилдаанууд болно. Манай улсаас өнөөдөр хоёр тамирчин барилдана. 90 кг-ын жинд Алдар спорт хорооны бөх, Азийн наадмын мөнгөн медальт Гантулгын Алтанбагана, эмэгтэйчүүдийн 70 кг-д Төрөлжсөн сургалттай спортын дунд сургуулийн тамирчин 18 настай Цэрэндуламын Энхчимэг өрсөлдөнө. Ц.Энхчимэгийн өрсөлдөгч нь Португалын 28 настай жүдоч Барбара Тимо. Энэ он гарсаар Тбилисийн Гран Прид түрүүлж, Парисын Их Дуулгад хүрэл медаль хүртсэн бөх. Түүнийг давахад Бельгийн Таейманс Роксантай таарах юм.
Эмэгтэйчүүдийн 70 кг-д медаль хүртэх магадлалтай бөхчүүдийн тоонд Узбекистаны Гульноза Матниязова (D), Казахстаны Модыр Наринова (D) нар нэрлэгдэж байгаа. Харин хамгийн түрүүлэх боломжтой нь мэдээж өнгөрсөн жилийн дэлхийн аварга, чансааг тэргүүлэгч Японы Араи Чизүрү. Гэхдээ одоохондоо япон эмэгтэйчүүд амжилт тааруухан байгаа, тэд дөрвөн финалын ганцханд нь Үта Абэ түрүүлсэн билээ. Араи Чизүрүгийн гол өрсөлдөгч нь Францын Мари-Ив Гайе. Мөн Салли Конвей тэргүүтэй ахмад бөхчүүдийг анхаарахгүй байхын аргагүй.
Эрэгтэйчүүдийн 90 кг-д Г.Алтанабагана Италийн Николас Мунгайтай барилдана. Николас энэ жил Тель-Авивыг Гран Прид үзүүрлэсэн бөх. Энэ жинд гал гарсан өрсөлдөөн болно. Украины Кенжау Ньябали (D); Гүржийн Бека Гвиниашвили (D); Казахстаны Ислам Бозбаев (А); Беларусийн Егор Варапаев (В) Узбекистаны Яхйо Имамов (С); Кыргызстаны: Эрлан Шеров (С); Азербайжаны Маммадали Мехдиев (В) Таджикстаны: Комроншох Устопирион (D) нар байгаа. Гэхдээ хамгийн түрүүлэх магадлалтай нь Испанийн гүрж бөх 23 настай Николоз Шеразадишвили юм. Тэр чансааг тэргүүлж байгаа төдийгүй дэлхийн аварга, энэ жилийн Европын наадмын аварга. 2019 онд Николоз 17 барилдаж, тав унасан. Түүний цолыг булаахаар Неманья Майдов, Александр Куколь (Серби), Кристиан Тот (Унгар), Азербайжаны Маммадали Мехдиев нар оролдох болно.
Сэтгэгдэл ( 1 )
Saahan bna