Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн ДАШТ үргэлжлэн явагдаж байна. Тэмцээний тав дахь өдөр эрэгтэй 90, эмэгтэй 70 кг-ын жингийн барилдаанууд явагдлаа.
Эрэгтэй 90 кг-д Гантулгын Алтанбагана зодоглож, Италийн Николас Мунгайд ялагдсан бол 70 кг-д Ц.Энхчимэг Португалын Барбара Тимод цэвэр ялагдсан. Тимо мөнгөн медаль хүртсэнийг хэлэх хэрэгтэй.
90 кг-ын жинд хэний ч хүлээгээгүй байсан аварга төрсөн. Голландын 28 настай жүдоч Ноэль ван ’т Энд Японы Мүкайг ялж, дэлхийн аварга боллоо. Түүний урьд өмнө үзүүлж байсан хамгийн том амжилт нь энэ жилийн Екатеринбургийн Их Дуулгын түрүү байлаа. Харин Европын наадамд дөнгөж тавдугаар байр эзэлж байсан юм.
Эрэгтэй 90 кг
Ноэль Вант Энд (Голланд)
Шоичиро Мүкаи (Япон)
Аксель Клергэ (Франц), Неманья Маждов (Серби)
Эмэгтэйчүүдийн 70 кг ч шинэ аваргатай болсон. Францын Мари-Ив Гайе өнгөрсөн жил Японы Араи Чизүрүд ялагдаж, мөнгөн медаль хүртэж байсан бол энэ жил ийнхүү дэлхийн аварга боллоо. Түүнтэй финалд Португалын Барбара Тимо өрсөлдсөн. 70 кг-ын жинд нэг ч эмэгтэй япон жүдоч медаль аваагүй юм.
Эмэгтэй 70 кг
Мари-Ив Гахи (Франц)
Барбара Тимо (Португал)
Марго Пино (Франц), Сэлли Конуэй (Их Британи)
Өнөөдрийн барилдааны хуваарь
11.00 Урьдчилсан барилдаан: Эрэгтэй - 100 кг; Эмэгтэй - 78 кг.
18.00 Финалын барилдаан: Эрэгтэй - 100 кг; Эмэгтэй - 78 кг.
Манай улсаас 100 кг-д Л.Отгонбаатар, 78 кг-д О.Мөнхцэцэг нар барилдана. Л.Отгонбаатар эхний тойрогт дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтай Германы Карл-Рихард Фрайтай, О.Мөнхцэцэг тивийн аваргын хос хүрэл медальт Hyun-Ji Yoon-тай таарчээ.
Медалийн хүснэгт
Сэтгэгдэл ( 0 )