Софт теннисчид тивийн аваргаас 3 хүрэл медальтай

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 31

Филиппины Булакан хотод наймдугаар сарын 27-31-нд болсон софт теннисний өсвөр үе, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг амжилттай оролцож, гурван хүрэл медаль хүртлээ.

Охид, хөвгүүдийн 12, 15, 18, 21 хүртэлх насны ангилалд ганцаарчилсан, хос, багийн гэсэн нийт зургаан төрөлд Азийн 13 улсын 300 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорив.

Дасгалжуулагч Б.Батаа, Ц.Эрдэнэбат нарын удирдлага дор эрэгтэй найм, эмэгтэй хоёр тамирчин өрсөлдсөнөөс охидын 15 хүртэлх насны ангиллын хосын төрөлд Б.Чинмөрөн, Т.Ивээл хүрэл, хөвгүүдийн 18 хүртэлх насны ангиллын хосын төрөлд Б.Мөнхтулга, Г.Тэмүүлэн хүрэл медаль, багийн төрөлд Э.Улсболд, С.Баянтөр, С.Молор-Эрдэнэ, Б.Тулга, Б.Мөнхтулга , Г.Тэмүүлэн, Б.Билгүүн, Э.Тэлмэнбаяр нар хүрэл медаль хүртсэн юм. Өсвөр үе, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Монголын баг тамирчид өнөөдөр орой 21:45 цагт “Чингис хаан” нисэх онгоцны буудалд бууна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top