Чингэлтэй дүүргийн прокурорын газраас нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтийг газар дээр нь гэнэтийн байдлаар шалгажээ. Тус дүүргийн харьяат нийтэд тустай ажил хийлгэх ялтай ялтнууд нь дүүргийн “Тохижилт үйлчилгээ” ХХК-ны харьяа газруудад, мөн дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн харьяанд, Автобус-1, Автобус-3 компаниудад гэрээний дагуу ажиллаж ялаа эдэлж байна. Нийтэд тустай ажил хийлгэх ялтай ялтнууд нь гудамж замын хашлага, хайс цэвэрлэх, тохижилт үйлчилгээний ажил хийх, ачаа ачих болон буулгах зэрэг бүхий л төрлийн ажил үйлчилгээг хийж байна.
Чингэлтэй дүүргийн хэмжээнд нийтдээ 51 ялтан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэж байгаа бөгөөд энэ оны эхний найман сарын байдлаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн 11 ялтны ялыг хорих ялаар солиулах арга хэмжээ авч ажиллажээ.
Тус дүүргийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Л.Цогтхүү дээрх газруудад ажиллаж ялтнуудын ял эдлэлтийн байдлыг шалгахын зэрэгцээ ялтнуудтай уулзаж, санал хүсэлтийг нь сонссож цаашид анхаарах асуудлуудын талаар шийдвэр гүйцэтгэх байгууллагын холбогдох ажилтнуудад зохих үүрэг чиглэл өгчээ.
Сэтгэгдэл ( 0 )