Нийслэлийн Баянзүрх дүүрэгт хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн байж болзошгүй хоёр хүн нас барсан хэрэг өнгөрөгч амралтын өдөр буюу наймдугаар сарын 30-ны өдөр гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай эрэгтэй 29 настай Ч болон эмэгтэй 27 настай О нар нь мансууруулах төрлийн бодис хэтрүүлэн хэрэглэн хордлогод орсон байдалтай нас барсан байжээ. Урьдчилсан байдлаар гаднын нөлөөгүй, биедээ ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байсан ба хэргийн газраас эд мөрийн баримтаар мөнгөн дэвсгэрт гурван ширхэг, тунгалаг шингэн 100 г, хар өнгийн нунтаг бодис зэргийг хураан авчээ. Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 67 гэмт хэрэгт 130 хүн холбогдон шалгагдсаныг урьд оны мөн үетэй харьцуулахад хэрэг 17 нэгжээр буюу 34.0, холбогдогч 9 нэгжээр буюу 7.4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа ба холбогдсон этгээдүүдээс гадаадын 7 иргэн /Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын 4, Бүгд Найрамдах Франц Улсын 1, Оросын Холбооны Улсын 1, Бүгд Найрамдах Солонгос Улсын 1/ шалгагдаж байна.
Энэ төрлийн гэмт хэрэгт сэжиглэгдсэн 83 этгээдийг дайчлан баривчилж, 54-ийг нь яллагдагчаар тооцсоноос, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 16, үүнээс нэг сараас дээш хугацаагаар саатуулагдаж байгаа 13 этгээд байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Каннабис 6207.8, Гашиш 43.4, Мөс 762.2 грамм, Эксиази 116, Мансууруулах сэтгэцэд нөлөөт эм 424, Мими 4, LSD 12 ширхэгийг тус тус хураан авсан байна.
Сэтгэгдэл ( 5 )
Том клубуудын гадуур зарж байгааг цагдаа нар нь тоохгүй л юм билээ.
ХАР ТАМХИ ТАТСАН ЖОЛООЧ НАР МАШ ИХ ХУРДАН ТАВХИХ ЮМ. ЦАГДАА ХАРААД ЕР ТООХГҮЙ.