Өнгөрөгч оны нэгдсэн дүн мэдээллээр хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэг эрс нэмэгдэж, шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн тоо 32 хувиар өсжээ. Түүнчлэн цагдаагийн байгууллагаас сүүлийн гурван жилийн турш энэ төрлийн хэргийн гаралт, холбогдогч нарын тоо өссөөр байгаа талаар мэдээлжээ. Ийнхүү улам бүр цар хүрээгээ тэлж буй энэхүү тахлын эсрэг дан ганц хуулийн байгууллага бус эрүүл мэндийн салбарынхан ч нэгдэн ажиллаж байна. Манайд хар тамхины хамаарлыг эмчлэх чиглэлээр дагнасан боловсон хүчин дутагдалтай байсан бол өнгөрөгч оноос эхлэн нарийн мэргэжлийн эмч нар бэлтгэгдэж эхэлжээ. Энэ талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Их эмч Ж.Гантулгатай ярилцлаа.
-Сүүлийн үед хар тамхи хэрэглэсэн гэх хэргүүд маш олноор гарч байна. Үүнтэй холбоотойгоор СЭМҮТ-д хандах иргэдийн тоо нэмэгдэж байгаа юу?
-СЭМҮТ-ийн Донтох эмгэг судлалын клиник нь архи болон хар тамхи мансууруулах бодист донтсон иргэдийг хүлээн авч эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг. Сайн дураар ирэх хүмүүсийн тоо төдийлөн нэмэгдсэн зүйл ажиглагдахгүй байна. Харин хар тамхины хэргүүдтэй холбоотойгоор хуулийн байгууллагаас хандах нь нэмэгдэж байгаа.
-Эдгээр хүмүүст ямар эмчилгээ хийдэг вэ? Ер нь эмчилгээний үр дүнгийн тухайд дэлгэрүүлэхгүй юу?
-Сэтгэц, сэтгэц нөлөөт эм бодист донтох эмгэгийн эмчилгээний шинэ стандарт 2018 онд шинэчлэгдэж батлагдсан. Энэхүү стандартын дагуу тусламж үйлчилгээ үзүүлж байна. Ерөнхийдөө донтох эмгэгийн хамгийн гол эмчилгээ бол сэтгэл заслын эмчилгээ байдаг. Сэтгэл заслын эмчилгээ удаан хугацаанд үргэлжилдэг. Хамааралтай байгаа бодисоос нь холдуулахад чиглэнэ. Хар тамхины эмчилгээнд эмийн эмчилгээ бараг байхгүй учраас хордлого тайлах эмчилгээг бусад эмчилгээ хавсарч хийгддэг. Гэхдээ тухайн хүн энэ үйлдлээ хийх үү эс үйлдэх үү гэдэг нь сонголтын асуудал байдаг. Тийм учраас ийм эрсдэлтэй сонголтыг битгий хийгээч ээ, дан ганц хуулийн байгууллага болон эрүүл мэндийн байгууллагад найдах нь буруу юм. Ер нь хар тамхи, мансууруулах бодистой холбогдсон, түүнтэй ороолцолдсон бол ирээдүйд сайн сайхан эерэг зүйл гэж огт байхгүй гэдгийг хэлмээр байна.
-Донтох эмгэг бүрэн эмчлэгдэх өвчин мөн үү? Та дээр эмийн эмчилгээ байхгүй гэж хэллээ?
-Олон улсын нэршил нь бол сэтгэц, сэтгэц нөлөөт бодист донтох эмгэг гэж явж байгаа. Эмчилгээний үр дүнг 100 хувь хянах тогтолцоо өнөөдөр хараахан бүрдээгүй байна. Мансууруулах бодисыг сонирхоод нэг хоёр удаа хэрэглэсэн байна уу, донтох эмгэгт өртсөн байна уу, ямар төрлийн бодис хэрэглэснээсээ хамаараад өөр өөр байна. Донтох эмгэг үүснэ гэдэг нь хүний уураг тархинд бүтцийн өөрчлөлт оруулдаг. Нэгэнт донтох эмгэгийн голомт үүсчихвэл тэр хүний тархинд насан туршид нь үлддэг. Хэзээ ч алга болно гэж байхгүй. Эмчилгээ хийгдээд засралын байдалд ордог. Тэр хугацаа нь зургаан сар, арван жил, насан туршдаа ч хэрэглэхгүй байж болно. Гэхдээ насан туршдаа энэ эмгэгийн голомт хадгалагдаж, эрсдэлтэй амьдарна л гэсэн үг. Нэгэнт мансууруулах бодисын хараат болчихвол бусдын эрхшээлд шууд орж байгаатай ижил. Тухайн бодисоо хэрэглэхгүй удахаар бие болон сэтгэлзүйд таагүй өөрчлөлт, мэдрэмж төрж эхэлж байвал эрхшээлд нь орсон гэсэн үг. Нөгөө бодисоо аваад хэрэглэчихээр хэсэг хугацаанд шарталт нь тайлагдаад тайвширна. Удахгүй бие нь дахиад л нэхэж эхэлснээр амьдын тамд унаж байгаа хэрэг юм.
Олон улсад бол энэ маш хүнд асуудал учраас эмчилгээний асуудалд нийгмийн бүхий л салбар оролцдог. Нийгмийн хамгааллын салбар, хуулийн салбар, эрүүл мэндийн салбар, олон нийтийн оролцоо, тухайн хүний хичээл зүтгэл гээд бүх талаас оролцдог юм билээ. Хамт олон нь гадуурхахгүй байх, гэр бүл нь дэмжих гэх мэтээр оролцоо чухал. Харин гадуурхаж, дарамт учруулж эхэлбэл тухайн хүний эмчилгээний үр дүнд мэдээж сөрөг нөлөөлөл үзүүлнэ.
-Манай улс энэ чиглэлээр мэргэшсэн эмч, боловсон хүчин бэлтгэж эхлээд байна. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу?
-Өнөөдрийн байдлаар яг энэ чиглэлээр гаднын улсад богино хугацаагаар бэлтгэгдсэн боловсон хүчнүүд ажиллаж байгаа. Харин өнгөрөгч оноос эхлээд Мансуурлын эмчилгээ, урьдчилан сэргийлэх “Коломбо” олон улсын хөтөлбөрийн дагуу салбар салбарынхныг оролцуулсан 18 хүн бэлтгэгдэж байна. Эдгээр хүмүүс нь үндэсний сургагч багш нар болно. Анх удаа сэтгэц, сэтгэц нөлөөт эм бодист донтох эмгэгийн чиглэлд үндэсний сургагч багш нарыг бэлтгэж байгаа юм. Энэ багт зөвхөн эмч нар биш цагдаагийн ерөнхий газар, шүүхийн шинжилгээний хүрээлэн, боловсролын яам, наркологийн эмнэлэг, хууль сахиулах их сургуулиас бүрэлдэхүүн багтаж байгаа. Ингэснээр бид олон улсын хөтөлбөрийн дагуу нэгдсэн нэг ойлголттой болж байгаа юм.
-Ер нь СЭМҮТ-д хандаж байгаа, эмчлүүлж байгаа хүмүүсийн насны тухайд хэд орчим насныхан зонхилж байна. Мөн хар тамхи хэрэглэгчид нийгмийн аль давхаргынхан багтаж байна вэ?
-Дийлэнхи нь 18-35 насны эрэгтэйчүүд байна. Нийгмийн давхаргын тухайд нарийн судалгаа бол байхгүй. Гэхдээ нэг их ялгаа анзаарагдахгүй байна. Сэтгэц, сэтгэц нөлөөт эм бодисын эмгэг судлалаар жижиг хэмжээний судалгаанууд явагдаж байгаа ч үндэсний хэмжээнд нэгтгэсэн судалгаа бол байхгүй.
-Яг өнөөдрийн байдлаар СЭМҮТ-ын Донтох эмгэг судлалын клиникт хар тамхины хамааралтай хэдэн хүн эмчлүүлж байна вэ?
-Донтох эмгэг судлалын тасагт нэг эргэлтээр 1-2 хүн бол тогтмол эмчлэгдэж байдаг. Эдгээр хүмүүс нь архины хамааралтай хүмүүстэй хамт эмчлэгддэг. Тасагт эмчлэгдэж байгаа хүмүүсийн дийлэнх нь архины асуудалтай байгаа.
-Хар тамхи, сэтгэц нөлөөт бодисыг манай улс хуулиар хориглосон байдаг. Магадгүй хүмүүс эмнэлэгт хандахдаа хуулийн хариуцлагаас эмээдэг байж болох юм. Ер нь СЭМҮТ-д хандаж байгаа иргэд өөрийн хүсэлтээрээ ирдэг үү?
-Сайн дурын үндсэн дээр ирдэг. Зарим тохиолдолд эцэх эх нь хүчээр авч ирэх нь ч бий. Гэхдээ манайд хандсан иргэдийг цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэг байхгүй. Өвчтөний нууцлалыг хангадаг. Зарим хүмүүс эмнэлэгт хандвал цагдаад бариад өгчихнө гэж буруу боддог. Гэвч тийм зүйл байхгүй, эрхзүйн орчин бүрдсэн байдаг. Хоёрдугаарт, хэрвээ таны ойр дотнын хэн нэгэн эсвэл үр хүүхдэд хар тамхитай холбоотой асуудал үүссэн бол түүнийг нуун дарагдуулалгүйгээр мэргэжлийн байгууллагад цаг алдалгүй хандаарай. Мөн 1800-2000 утсаар холбогдож мэдээлэл зөвлөгөө өгч байгаа гэдгийг хэлье. Цагдаагийн байгууллага болон эрүүл мэндийн байгууллагаас урьдчилан сэргийлэх чиглэлд тасралтгүй ажиллаж байна. Олон улсын болон үндэсний хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа учраас цаашдаа эерэг үр дүн гарна гэдэгт итгэж байгаа.
Сэтгэгдэл ( 0 )