Хоёр “ЕРӨНХИЙЛӨГЧ”-ийн намтартай танилц!

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 09 сарын 07

Монгол-Оросын  хамтарсан экспедици байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлийн урилгаар ОХУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Сергеев Александр Михайлович тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна.  Тэд өчигдөр “Монгол-Оросын хамтарсан  биологийн болон палеонтологийн  экспепицийн 50 жилийн ой”-д зориулсан эрдэм шинжилгээний хуралд оролцсон юм.  Хоёр орны эрдэмтэн судлаачид оролцох тус хурлын үеэр Биологи болон палеонтологийн хамтарсан экспедицийн хагас зуун жилд судалж шинжилсэн судалгааны ажлын үр дүнг хэлэлцсэн илтгэл тавигдлаа.   Мөн түүхэн хугацаанд хийгдсэн судалгааны ажил, эрдэм шинжилгээний ололт амжилтыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдсэн юм. Түүнчлэн энэ үеэр  Монгол Улсын ШУА, ОХУ-ын ШУА хооронд шинжлэх ухааны хамтын ажиллагааны шинэчилсэн гэрээнд гарын үсэг зурж, 50 жилийн түүхэн хугацаанд дээрх эспепицид хамрагдаж ажилласан судлаач, эрдэмтдийг алдаршуулж баяр хүргэлээ.

Тус экспедицийн 50 жилийн ойг ёслон тэмдэглэж байгаа нь хамтын ажиллагааныхаа үр дүнг нэгтгэн ярилцах, олон улсын ач холбогдол бүхий шинжлэх ухааны иж бүрэн мэдээллийн эх сурвалжийг бий болгох, цаашдын үйл ажиллагааныхаа бодлого, зорилтыг тодорхойлох өргөн боломжийг нээж байгаа юм. Цаашид хамтарсан экспедицийн цар хүрээ өргөжиж судалгааны үр дүнгүүд зөвхөн эрдэм шинжилгээний төдийгүй хүн-байгалийн харилцаа холбооны урт хугацааны урьдчилсан мэдээ, байгаль орчны гамшгаас урьдчилан сэргийлэх өргөн боломжийг тодорхойлоход шинжлэх ухааны нэн чухал үндэслэл болно  гэж хоёр орны эрдэмтэд үзэж байна.

Дашрамд, хоёр улсын ШУА-ийг удирдаж буй эрхмүүдийн намтар мэдээллийг хүргэе.

Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч Б.Рэгдэлийн намтар

Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулган аравдугаар сарын 13-ны өдөр болж ШУА-ийн Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зохион байгуулжээ.

Сонгуулийн дүнд нийт гишүүдийн олонхийн саналаар ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл ШУА-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Д.Рэгдэл нь 1951 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд төржээ. 1976 онд ЗХУ-ын Харьковын их сургуулийг биохимич мэргэжлээр төгсөж, 1985 онд Берлиний Гумболдтын Их сургуульд доктор (Ph.D), 2001 онд “Липоксигеназууд, нийтлэг шинж, өвөрмөц онцлог” сэдвээр химийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг тус тус хамгаалжээ.

Улмаар 2002 онд Монгол улсын Шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдсон байна. Тэрээр ШУА-ийн Хими болон Физикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Хими, хими технологийн хүрээлэнд лабораторийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2001-2009 онд ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2009 оноос ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан юм.

Академич Д.Рэгдэл 1996 онд Монгол улсын Төрийн соёрхол, 2006 онд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.


ОХУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч А.М.Сергеевийн намтар

Сергеев Александр Михайлович нь 1955 оны наймдугаар сарын 2-нд одоогийн Нижегородск хязгаарт төрсөн.

1977 онд Н.И.Лобачевийн нэрэмжит Нижегородийн  үндэсний судалгааны их сургуулийг радиофизикч мэргэжлээр дүүргэсэн.

1982 онд ЗХУ-ын ШУА-ийн Хэрэглээний физикийн хүрээлэнд эрдмийн зэрэг хамгаалж 2000 онд мөн тус хүрээлэнд физик-математикийн докторын зэрэг хамгаалсан. 2003 онд ОХУ-ын ШУА-ийн сурвалжлагч-гишүүн, 2016 онд ШУА-ийн  жинхэнэ гишүүнээр элссэн.

2015 оноос ШУА-ийн Хэрэглээний физикийн хүрээлэнгийн захирал. АНУ-д Таталцалын долгионыг илрүүлэх  LIGO төсөл дээр Оросын эрдэмтдийн багийг ахлан  ажиллаж байсан. Уг төсөл дээр ажилласан эрдэмтдэд Груберийн нэрэмжит шагнал олгосон.

Александр Сергеев нь лазерийн физикээр мэргэшсэн эрдэмтэн бөгөөд түүний удирдлага дор ОХУ-ын ШУА-ийн Хэрэглээний физикийн хүрээлэнд хамгийн том петаватт лазерын цогцолборыг байгуулсан.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Анар(202.9.43.195) 2019 оны 09 сарын 07

Хэллоу.

0  |  0
Top