У.Тошев: Монголын хөлбөмбөгчид ард түмэн шигээ эрэлхэг зоригтой байх

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 09

“Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан тоглолтууд энэ сарын эхээр эхэлсэн билээ. Манай шигшээ баг есдүгээр сарын 4-нд талбай дээрээ Мьянмарын шигшээ багтай тоглож, 1:0 харьцаатай түүхэн ялалт байгуулсан. Манай шигшээ багийн энэхүү ялалт ДАШТ-ий урьдчилсан шатны II дугаар шатнаас авсан анхны гурван оноо болон түүхэн тэмдэглэгдэн үлдсэн юм.

Манай багийн дараагийн өрсөлдөгч Тажикстаны баг мөн эхний тоглолтоо Душанбед талбай дээрээ хийж, Кыргызстаныг 1-0 буулган авсан.

Тиймээс маргааш F хэсгийг тэргүүлж байгаа хоёр багийн тоглолт болох юм. Тоглолт маргааш 17 цагаас МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд явагдана. Тоглолтыг Сирийн шүүгчид дэнслэх бөгөөд ерөнхий шүүгч нь 30 настай Ханна Хаттаб, түүнд Али Ахмад, Мазен Зазфоун нар туслах болно. Дөрөв дэх шүүгчийн үүргийг Хойд Солонгосын Чое Кван Хон гүйцэтгэх юм.

Манай шигшээ баг Тажикстантай урьд нь таарч тоглож байгаагүй. Тэд чансаагаар манай багаас (187)  дээгүүр 119-д бичигдсэн.

Тажикстаны шигшээ багийн сүүлийн 5 тоглолт

Intercontinental Cup 2019

Энэтхэг – Тажикстан 2-4

Тажикстан – Сири 2-0

БНАСАУ – Тажикстан 1-0

Тажикстан – БНАСАУ 0-1

ДАШТ-ий урьдчилсан тоглолт

Тажикстан – Кыргызстан 1-0

Өнөөдөр хоёр багийнхан хэвлэлийн бага хурал хийлгэж, маргаашийн тоглолтын тухай сэтгүүлчдийн асуултад хариуллаа.  

Тажикстаны шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Усмон Тошев “Манай баг амжилттай сайн явж ирлээ. Цаг агаар Монголд сайхан байна. Бэлтгэл ханасан тул тоглолтоо л хүлээж байна” гэж яриагаа эхэллээ.

-ДАШТ-ий урьдчилсан шатны эхний тоглолтдоо танай баг Кыргызстаныг 1-0 ялсан. Кыргызстаны баг хэр хүчтэй баг байв?

-Хүчтэй сайн баг байлаа. Нэг талаас бидэнд бага зэргийн аз таарсан. Манай F хэсгийн багууд Японоос бусад нь ижил түвшний багууд. Хэн нь ч хэнийгээ хожих магадлалтай.

-Тажикстаны шигшээ баг урьдчилсан шатны тоглолтын өмнө ОХУ-аас хэд хэдэн тоглогч авсан гэсэн мэдээ хэвлэлээр гарсан.

-Манайд нэг ч орос тоглогч байхгүй.

-Танай багийн хүчтэй тал юу вэ? Манай багийн талаар сэтгэгдлээ хэлээч?

-Манай баг маш найрсаг уур амьсгалтай, хөл нийлсэн сайхан хамт олон гэдэг нь хамгийн том давуу тал маань. Би Монголд олон удаа ирж байсан тул монголчуудыг эрэлхэг, зоригтой ард түмэн гэдгийг сайн мэднэ. Хөл бөмбөгчид нь ч мөн ижил зоригтой байх. Мьянмарыг ялсан тоглолтыг үзсэн. Монголчууд сайн тоглосон тул маргааш гал гарсан, маш сонирхолтой тоглолт болно гэдэг нь гарцаагүй.

-Өнөөдөр Тажикстаны тусгаар тогтнолын баяр болж байна. Танай багийнхан ард түмэндээ ялалтаар бэлэг барих хүсэлтэй байгаа нь ойлгомжтой.

-Тиймээ, бид Улаанбаатарт ялалт авахаар ирсэн.

-Монголын багаас онцлох тамирчин гэвэл хэнийг нэрлэх вэ?

Тажикстаны шигшээ багийн гол тоглогч П.Умарбоев –Ерөнхийд нь ямар баг гэдгийг мэднэ. Гэхдээ Монголын багийн тоглогчдыг мэдэхгүй.

Тажикстаны шигшээ багийн бүрэлдэхүүн

Хаалгач: Рустам Ятимов (Истиклол), Шохрух Киргизбоев (Локомотив-Памир), Фатхулло Бобоев (Регар-ТадАЗ);

Хамгаалагч: Хуршед Бекназаров (ПС ТИРА, Индонез), Давронжон Эргашев (Худжанд), Манучехр Сафаров (Худжанд), Ахтам Назаров, Искандар Жалилов, Табрези Давлатмир, Зоир Журабоев (Истиклол);

Хагас хамгаалагч: Парвизджон Умарбоев (Локомотив, Пловдив, Болгар), Амирбек Журабоев (Навбахор, Узбекистан), Алишер Жалилов, Эхсони Панджшанбе, Мухаммаджон Рахимов, Комрон Турсунов (Истиклол), Кароматулло Саидов (Куктош), Илхомджон Баротов (Истаравшан);

Довтлогч: Манучехр Жалилов (Персебая, Индонез), Жахонгир Эргашев (Худжанд), Шериддин Бобоев (Истиклол).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top