Согтууран танхайрч, хүн зодсон хэргээр өнгөрсөн тавдугаар сард Москва хотын шүүхээс хорих ялаар шийтгэгдсэн ОХУ-ын хөлбөмбөгч Александр Кокорин, Павел Мамаев нар энэ сарын 6-нд суллагджээ.
Кокоринд 1 жил 6 сар, Мамаевт 1 жил 5 сар жирийн дэглэмтэй хорих ангид хоригдох ял оноосон юм.
Тэд Белгород дахь жирийн дэглэмтэй хорих газарт ялаа эдэлж байсан ч шүүхээс сайн хүмүүжсэн гэж үзэн, тамирчдыг сулласан байна.
Хэргийг сануулахад 2018 оны 10-р сарын 8-нд тэд Москва хотноо уун согтуурч, эхлээд "Первый канал" сувгийн хөтлөгч Ольга Ушаковагийн жолоочийг зодсон, дараа нь Аж үйлдвэр, худалдааны яамны томоохон түшмэл Денис Пак хэмээх солонгос гаралтай эрхмийг сандлаар цохиж, арьс өнгөөр ялгаварласан хэрэгт холбогдсон.
Хорих газрын захиргаанаас “Кокорин, Мамаев хоёр манай хорих газарт ирсэн цагаасаа эхлэн эрүүл амьдрах ёсыг сурталчилж, бусдад үлгэр дуурайл болж байлаа.Тэдний ачаар хорих газарт олон тооны спортын талбай, танхим байгуулагдаж, хоригдлууд спортоор хичээллэж эхэлсэн. Тэд гэм буруугаа бүрэн ухамсарласан, суллах цаг нь болсон” гэж тэмдэглэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )