Видео: Тажикстанд ялагдсан ч Монголын баг сайн байлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 11

“Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Азийн бүсийн F хэсэгт багтсан манай шигшээ баг өчигдөр /2019.09.10/ Тажикстаны багтай хоёр дахь тоглолтоо хийлээ. Монголын шигшээ эхний тоглолтод Мьянмарын багийг 1-0 хожсон бол Тажикстаны шигшээ Кыргызстаны багийг мөн 1-0 харьцаатай ялсан.

Хэсгийг тэргүүлэгч хоёр багийн тоглолт өрсөлдөөнтэй сайхан боллоо. Дэлхийн чансаанд манай багаас (187)  дээгүүр 119-д бичигддэг Тажикстаны багаас манай хөгжөөн дэмжигчид, хөлбөмбөгийн мэргэжилтнүүд ч эмээж байсан нь үнэн. Гэвч Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн ур чадвар үнэхээр ахиж, тивдээ амжилт гаргах түвшинд хэдийн хүрсэн гэдгийг өчигдрийн тоглолт харууллаа.

Манай шигшээ баг Мьянмарын багийг ялсан бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулаагүй. Тажикстаны баг ч үндсэн багаа гаргасан. Эхний үе багууд эн тэнцүү тоглож, хаалгачид ажил багатай өнгөрөөлөө. Хоёрдугаар үед ч манай хөлбөмбөгчид чансаа өндөр өрсөлдөгчдөөсөө дутуу зүйл огт байсангүй.

Улаанбаатарт гурван оноо авах зорилготой ирсэн гэж ярьж байсан Тажикстаны баг манай хамгаалалтыг сэтэлж чадахгүйдээ бухимдан, “шатаж” эхэллээ. Хоёрдугаар үеийн дунд хэсэгт тэд манай багийн дасгалжуулагч Майкл Вайссруу дайрч, багахан хэмжээний “дайн” гарсан.

Багууд гоол оруулалгүй хуурай тэнцсэн бол үр дүн шударга байх байлаа. Гэвч тоглолтын 81 дэх минутад манай хамгаалалтын гаргасан ганц алдааг Тажикстаны Давронжон Ергашев ашиглан, унаж мөргөн, тооны харьцааг 1-0 болголоо.

Тоглолт дуусахад 10 минут дутуу. Үзэгчдийн уухайн дунд манай баг тоог тэнцүүлэхийн тулд довтолж эхэллээ. Тажикстаны хамгаалагчид ээлж дараалан алдаа гаргасаар, 85 дахь минутад Искандар Жалилов хоёр дахь шар хуудсаа аван, талбайгаас хөөгдөж, манай баг хүн илүү боллоо. Хоёр жигүүрээр дайран, хаалганд ээлж дараалан довтолсон ч Тажикстаны хаалгач Рустам Ятимов найдвартай хааж байв. Шүүгч нэмэлт цаг хэмээн дөрвөн минут сунгажээ. Монголын шигшээ дайрсаар байсан ч гоол оруулж амжсангүй.

Шүүгчийн шүгэл дуугарахтай зэрэгцэн, Тажикстаны багийн дасгалжуулагч, сэлгээний тоглогчид талбай дээр гүйн гарч ирж байгааг харахад тэд ялалтдаа тун их баярласан нь илт байлаа. Хашир туршлагатай Тажикстаны баг ингэж баярлаж байгааг харахад манай хөлбөмбөгийн шигшээ баг хэдийн эрийн цээнд хүрчээ.

Тоглолтын турш Монголын шигшээ баг 44, Тажикистаны баг 56 хувьтай бөмбөг эзэмшжээ. Хаалга чиглэсэн цохилт адил 9 байсан бол хаалга оносон цохилт мөн ижил 4 байлаа. Энэ өдөр МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд 3455 хөгжөөн дэмжигч цугласан байлаа.

F хэсгийн нөгөө тоглолтод Японы шигшээ баг Янгонд Мьянмарын багийг 2-0 ялсан байна. Манай хэсгийг зургаан оноотой Тажикстаны баг тэргүүлж, гурван оноотой Монгол, Японы багууд удаалж байна.

Монголын шигшээ баг дараагийн тоглолтоо 10-р сарын 15-нд Кыргызстантай Улаанбаатарт хийх юм.

10-р сарын 10

Япон – Монгол

Кыргызстан – Мьянмар

10-р сарын 15

Тажикстан  – Япон

Монгол – Кыргызстан

11-р сарын 14

Мьянмар – Тажикстан

Кыргызстан – Япон

11-р сарын19

Кыргызстан – Тажикстан

Мьянмар – Монгол

2020 оны 3-р сарын 26

Тажикстан – Монгол

Япон – Мьянмар

3-р сарын 31

Монгол – Япон

Мьянмар – Кыргызстан

6-р сарын 4

Япон – Тажикстан

Кыргызстан – Монгол

6-р сарын 9

Тажикстан – Мьянмар

Япон – Кыргызстан

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болдоо(59.153.85.116) 2019 оны 09 сарын 12

Сайн байсан гээд худлаа шаацгаах юм Монголчууд модон хөлтэй биетэй юм шиг бөмбөгөө хөлдөө биедээ тогтоож чадахгүй ойлгоод бөмбөг авахаараа тэвэг тоглож байгаа юм шиг бөмбөгөө хараад бусдыгаа талбайгаа мэдрэхгүй байж бүлт бүлт үсрээд юу хийнээ. КИРГИЗ БАС БАРАХГҮЙ ХАРИН ЯПОНД ХӨЛБӨМГИЙН ТООГООР ХОЖИГДОХЫГ ХҮСЭЖ БАЙНА

0  |  0
Top