“Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Азийн бүсийн F хэсэгт багтсан манай шигшээ баг өчигдөр /2019.09.10/ Тажикстаны багтай тоглож, 0-1 харьцаатай ялагдлаа.
Тоглолтын дараа хоёр багийн дасгалжуулагчид хэвлэлийн хурал хийлгэж, тоглолтын талаарх сэтгэгдлээ хуваалцсан юм.
Монголын шигшээ багийн дасгалжуулагч Майкл Вайсс
“Энэ тоглолт манай багт том туршлага боллоо. Би тамирчдаараа бахархаж байна. Миний бодлоор 50:50 гэж хэлж болохоор тэнцүү тоглолт болсон. Мьянмартай хийсэн тоглолтоос зургаахан хоногийн дараа тоглосон тул бэлтгэх цаг бага байлаа. Үзэгчид олноороо ирж, багаа сайхан дэмжлээ. Дараагийн өрсөлдөгч маань Японы хүчтэй баг. Гэхдээ бид айхгүй тоглох болно. Холбооны арын албыг хариуцаж байгаа бүх хүнд баярласнаа илэрхийлье”
Багийн хамгаалагч Д.Төрбат
“Хөгжөөн дэмжигчдэдээ баярлалаа гэж хэлье. Мөн Монголын хөлбөмбөгийн холбоондоо талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Манай холбоо энэ тоглолтод үнэхээр сайн бэлтгэсэн. Өрсөлдөгч багийн судалгааг сайн хийсэн байлаа. Тажикстаны баг биеийн хөгжил сайтай гэдгийг бид мэдэж байсан. Унгарт хамтарсан бэлтгэл хийж, хоёр нөхөрсөг тоглолт хийсэн нь манай багийг хатуу ширүүн тоглолттой багтай амжилттай тоглоход тус боллоо”
Тажикстаны багийн дасгалжуулагч Усмон Тошев
“Бодож байснаас илүү хүнд тоглолт боллоо. Гэхдээ гурван оноо авч чадлаа. Бид бүтэн наян минут Монголын багийн хаалгыг мялаах гэж оролдсон. Гоол бол гоол шүү дээ. Хэд дэх минутад орсон нь хамаа байхгүй. Хэсгээ тэргүүлж байгаадаа баяртай байна. Тажикстанд тусгаар тогтнолын баяр болж байгаа. Бид ард түмэндээ ялалтаар бэлэг барьсандаа баяртай байна”
Шилдэг тоглогч Давронжон Эргашев
“Би энэ ялалтаа Тажикстаны ард түмэнд зориулж байна. Маш хүнд тоглолт боллоо. Дасгалжуулагч маань тоглолтын өмнө эцсээ хүртэл тэмцсэн баг нь ялна гэж хэлж байсан. Бид гурван оноо авч чадлаа. Энэ хамгийн чухал нь”
Сэтгэгдэл ( 1 )
Голын моментыг хайх, цорхилтын мэдрэмж гэж монгол довтлогчид алгаа ,довлож буй хүмүүсийн үйлдлийг уялдаа харагдахгүй