Чөлөөт бөхийн ДАШТ-ий хамгийн хүлээлттэй 5 барилдаан

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 12

Казахстаны нийслэл Нур-Султан хотод сонгомол, чөлөөт бөхийн ДАШТ эхлэх гэж байна. Энэ сарын 14-нд сонгомол барилдааны тэмцээн эхэлж, 19-нөөс чөлөөт бөхийн тамирчид дэвжээнд гарна.

Олимпын наадмын өмнөх ДАШТ гэдгээрээ онцлог энэ тэмцээний хамгийн хүлээлттэй буюу бөх сонирхогчдын харахыг хүсэж байгаа таван барилдааныг ОХУ-ын бөхийн холбооны цахим хуудас тодруулжээ.

5-р байр. 65 кг. Такүто Отогүро (Япон) - Гажимурад Рашидов (ОХУ)

Барилдааны харьцаа - 0:0

Такүто Отогүро өнгөрсөн жилийн ДАШТ-ий нээлт болсон залуу. Олимпын наадам Токиод болно гэдгийг тооцоод үзвэл энэ жинд түрүүлэх магадлалтай бөхчүүдийн нэг нь Такүто байх нь аргагүй. Түүнтэй өрсөлдөх гол бөх нь Оросын Гажимурад Рашидов байх болно. Хэн нь ялах вэ?
 


4-р байр. 86 кг. Хассан Язданишариати (Иран) - Артур Найфонов (ОХУ)

Барилдааны харьцаа - 0:0
 


Энэ жингийн тэргүүн бөх АНУ-ын Дэвид Тэйлор дэлхийн аваргад зодоглохгүй. Түүний оронд ирсэн Жеймс-Патрик Дауниг “битүү морь” гэж нэрлэхэд ч хэцүү.  86 кг-д Риогийн олимпын аварга Ираны Хассан Язданишариати хамгийн гол бөх нь бөгөөд түүнтэй Европын бөхчүүд өрсөлдөх болно. Тэдний дундаас ОХУ-ын Артур Найфоновыг Хассантай хэрхэн барилдахыг харахыг Оросын бөх сонирхогчид хүсэж байна.

3-р байр. 125 кг. Таха Акгюль (Турк) - Гено Петриашвили (Гүрж)

Барилдааны харьцаа - 4:2
 


"Акгюль - Петриашвили" гэсэн тулаан олны анхаарлыг ихэд татаж байгаа. Энэ хоёр бөх олимпын циклийг тэргүүлж байгаа бөхчүүд. Гено сүүлийн хоёр ДАШТ-ий аварга бол Таха Риогийн олимпын аварга, Европын аварга. Барилдааны харьцаагаар турк залуу тэргүүлж байгаа ч Нур-Султанд хэн нь ялахыг тааварлах аргагүй.

2-р байр. 74 кг. Заурбек Сидаков (ОХУ) - Жордан Барроуз (АНУ)

Барилдааны харьцаа - 1:0
 


Хабиб Нурмагомедов, Даниэль Кормье гэсэн Орос, Америкийн хоёр алдарт холимог тулаанчид ч энэ хоёрын барилдаанд мөрий тавьсан байна. 2018 оны дэлхийн аваргад Сидаков сүүлийн мөчид ялж чадсан тул Барроуз хариугаа авахыг хүсэж байгаа. Сидаков анх удаа дэлхийн аваргын цолоо хамгаалж барилдах бол Жордан олон удаа цолоо хамгаалж байсан бөх. Барроуз чансаа өндөр тул Италийн Франко Чамизотой финалаас өмнө таарахгүй. Харин Сидаков финал хүртэл хүнд хэцүү барилдаан хийх болно.

1-р байр. 97 кг. Абдулрашид Садулаев (ОХУ) - Кайл Снайдер (АНУ)

Барилдааны харьцаа - 1:1

Энэ барилдааныг бөх сонирхдоггүй хүмүүс ч хүлээж байна. “Садулаев – Снайдер” тулааны ачаар  чөлөөт бөх олон шинэ дэмжигчтэй болсон билээ. Хоёр бөхийг финалд үлдээсэй гэж энэ жинд барилдаж байгаа бөхчүүдээс бусад нь хүлээж байгаа нь лавтай. Барилдааны харьцаагаа хэн нь илүү болгож чадах вэ?
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
О(64.119.21.49) 2019 оны 09 сарын 15

Манай бөхчүүд ч бас хүлээлт үүсгэсэн гоё барилдаан гарганаа

1  |  0
Russia(66.181.179.222) 2019 оны 09 сарын 12

Орос танк сүүлийн ДАШТ-д хүүхдийн мэхээр цэвэр ялсан. 2:1 болно.

0  |  0
Top