Японы нийслэл Токио хотод болж байгаа мэргэжлийн сүмо бөхийн Намрын тэмцээн монголчуудын хувьд тун халтай явагдаж байна.
Намрын тэмцээний эхний өдөр маэгашира Хокүтофүжид ялагдан, тэмцээнийг орхисон их аварга Хакүхо баруун гарын чигчий хуруугаа хугалсан байлаа. Хакүхо долоодугаар сарын Нагоя башёд Шёодайтай барилдахдаа чигчий хуруугаа гэмтээж, тэмцээний өмнө есдүгээр сарын 1-нд Исэгахама галын хамтарсан бэлтгэл дээр гэмтлээ сэдрээгээд, Хокүтофүжитэй барилдахдаа, нэмж гэмтээсэн гэнэ. Их аварга хоёр долоо хоног эмчлүүлэх болсон.
Дараа нь тэмцээний дөрөв дэх өдөр “Архангай аймгийн Үлэмж биет” Ичиножёо гэмтлээ. Ёкозүна Какүрюүтэй барилдан унахдаа Ичиножёо баруун мөрөөрөө тун эвгүй унасан бөгөөд мөр нь мултарчээ. А.Ичинноровын хувьд ямар ч гэсэн ирэх башёд барилдана гэдгээ мэдэгдээд байгаа.
Намрын тэмцээний эхний дөрвөн өдөр дараалан ялсан ёкозүна Какүрюү гурав дараалан өвдөг шороодоод тэмцээний найм дахь өдрөөс Бөхийн өргөөг орхин одлоо. Сүмо бөхийн холбооноос “Какүрюү зүүн өвдгөө гэмтээсэн. Хоёр долоо хоног эмчлүүлэх шаардлагатай гэж эмч үзсэн” гэж мэдэгдсэн юм.
Какүрюү өнгөрсөн тэмцээнд зургаа дахь түрүүгээ аваад, Намрын тэмцээнд дараалан түрүүлэх зорилготой байсан ч чадсангүй. Маэгашира цолтонд гурав ялагдаж, гурван кинбоши алдсанаар ёкозүна асан Кисэносатогийн сөрөг рекордыг давтжээ. Намрын тэмцээн ёкозүна цолтонгүй үргэлжилж байна.
МОНГОЛ БӨХЧҮҮД
Жюүрёо
Б-2 Чиёошёома Г.Мөнхсайхан 5-3
Б-4 Кирибаяма Б.Лхагвасүрэн 4-4
З-6 Миторюү Б.Төрболд 3-5
З-7 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 5-3
З-12 Сэйро А.Өнөболд 2-6
Макүшита
Б-1 Араваши Э.Дөлгөөн 2-2
З-5 Хоошёорюү С.Бямбасүрэн 2-2
З-14 Сакигакэ Я.Баттүшиг 4-0
З-19 Кёкүсоотэн Э.Энхманлай 3-1
З-27 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4-0
Б-34 Гоочёозан Д.Ууганбаатар 3-1
Б-36 Кагамио Б.Нанжид 4-0
Б-43 Роога А.Амарсанаа 3-1
Санданмэ
З-17 Ёошёояма Б.Анхбаяр 2-2
Б-46 Саданохикари Д.Наранцогт 4-0
З-60 Дайтэнма Н.Чинзориг 3-1
Жонокүчи
Б-29 Хокүтэнкай Г.Сүхбат 3-1
Сэтгэгдэл ( 0 )