Л.Болд: Улс төрийн шударга намуудыг уриалж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 20

Улсын Дээд шүүхэд албажин бүртгэгдээд удаагүй байгаа улс төрийн отгон нам болох “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл”-ээс хэвлэлийнхэнд хандсан. Тус намын удирдлагууд болох УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар МАНАН мафиас нэг мөр салахын тулд ээлжит бус сонгуулийг хийх хэрэгтэй. Нэг ч гэсэн өдрийн өмнө энэ мафиас салах нь чухал гэдгийг юу юуны өмнө дурдсан юм.

Энэ үеэр Ж.Батзандан “Ордон дотор ард нийтийн санал асуулга явуулах эсэх, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх, УИХ-ыг тараах, ээлжит бус сонгууль явуулах эсэх талаар сүүлийн долоо хоног маргаж байна. Ард нийтийн санал асуулга явуулахад 30 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байгаа юм байна. Тийм учраас хэдхэн сарын дараа болох УИХ-ын ээлжит сонгуулийг нааш татаад, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн санал асуулгатайгаа хамтатгаад явуулахад болно, болохгүй гэсэн маргаан ч долоо хоногийн турш өрнөлөө.
 


Зургаахан сарын өмнө УИХ-ыг тараая гээд 15 гишүүн гарын үсгээ зураад зогсож байсныг та бүхэн санаж байгаа. Энэ үед МАНАН-гийн эсрэг зогссон залуу таван гишүүн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө хийчихээд, “60 тэрбум”-ын хэргийн учрыг олчихоод, УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулъя гэж зургаан сарын өмнө хэлж байсныг мартаагүй байх аа. Одоо “60 тэрбум”-ын хэрэг, Тагнуул, хууль хяналтын байгууллагын ажилтнуудын эрүү шүүлт гэх мэт олон хэрэг шүүх рүү шилжсэн. Бидний учрыг нь олохоор хөөцөлдөж байгаа 23 хэргийн тал нь шүүхийн шатанд очлоо. Тэгэхээр ээлжит бус сонгуулийг явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. МАНАН мафиас нэг ч гэсэн өдрийн өмнө салах хэрэгтэй. Өчигдөрхөн УИХ-ыг тараая гээд явж байсан нөхөд МАНАН мафиа хамгаалаад УИХ-ыг тараахгүй гэжээ. Тэд ээлжит бус сонгуулиас үхтлээ айж байгаа. Ээлжит бус сонгуульд бүх шударга намууд нэгдээд шударга бус зүйлийн төлөө тэмцэх хэрэгтэй. Тиймээс бүх шударга намууддаа “Шинэ эвсэл” байгуулж байгааг албан ёсоор мэдэгдэж байна. МАНАН мафиас нэг мөсөн салахын тулд сонгуулийн хувьсгал хийх ёстой гэдэг уриалгыг ШИНЭ намаас гаргалаа” хэмээсэн юм.

Мөн үеэр Л.Болд “Ээлжит бус сонгууль явуулах сургаар санаатай санаагүй сөрөг мэдээлэл тарааж, иргэд олон нийтэд буруу ташаа ойлголт өгч байна. Ээлжит бус сонгуулийг УИХ-д суудалтай намуудтай ч юм уу, Засгийн газартай тооцоо хийх замаар явуулах гэж байна гэх буруу мэдээлэл ч явж байна. Үүнийг бид эсэргүүцнэ. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл шударга үнэний төлөө ээлжит бус сонгууль явуулахыг дэмжиж, энэ тал дээр шударга иргэд, улс төрийн шударга намуудыг уриалж байна” гэлээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top