Төр, хувийн хэвшлүүд нэгдэн Сэлбэ голын хогийг цэвэрлэж байна

2019 оны 09 сарын 21

Дэлхий дахинд төдийгүй Монгол Улс, Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй хог хаягдлын асуудлыг бууруулах эрүүл зөв дадалтай хамт олон, өрх гэрийг бүтээх нийгмийн сэтгэхүйг өөрчлөх, иргэд олон нийтэд эерэг нөлөөлөл үзүүлэх зорилготой “Эх Дэлхийгээ Цэвэрлэх Өдөр”-ийг зохион байгуулж байна.

Анх 2007 онд Эстони улсад хэсэг залуучууд нэгдэн цэвэрлэгээний ажил зохион байгуулсан бөгөөд жилээс жилд өргөжин тэлсээр 2019 онд дэлхийн хүн амын таван хувийг татан оролцуулж 160+ оронд нэгэн зэрэг “Эх Дэлхийгээ Цэвэрлэх Өдөр” зохион байгуулагдаж байна. Энэ жил “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” төслийг БОАЖ-ын сайдын санаачилсан “Хоггүй цэвэрхэн Монгол” аян, Нийслэлийн засаг даргын “Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” А/920 дугаар захирамж зэрэг бичиг баримтуудын хүрээнд төр, хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагууд хамтран 2019 оны 09 сарын 14-ноос 21-ны хугацаанд зохион байгуулж байна.

Тус үйл ажиллагааны хүрээнд хог хаягдлын асуудлыг хөндөж байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах, нийгмийн сэтгэхүйг өөрчлөхөд чиглэсэн мэдээлэл сурталчилгаа түгээх, өсвөр насныхан, залуучуудад сургалт мэдээлэл өгөх зэрэг үйл ажиллагаа хийгдэх бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэд олон нийтийг оролцуулсан цэвэрлэгээний ажлууд зохион байгуулж байна.

Тухайлбал БОАЖЯ, Улаанбаатар хотын захирагчын ажлын алба,  Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв, Туул голын сав газрын захиргаа, Монголын Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Үндэсний Холбоо,  МCS Coco Cola, JCI Mongolia, Монголын барилгын үндэсний ассоциаци, Монгол улс дахь Эстони улсын өргөмжит консулын газар зэрэг төр хувийн хэвшил, оюутан залуусын төлөөлө   “Эх Дэлхийгээ Цэвэрлэх Өдөр”-т нэгдэж байгууллага , хамт олноороо цэвэрлэгээ хийж байна.

“Эх Дэлхийгээ Цэвэрлэх Өдөр”-т  “Бид нэгдэж байна” уриатай 800 гаруй залуучууд 5 багт  хувиарлагдан Сэлбэ гол орчмыг цэвэрлэж байна. Ингэхдээ хог хаягдлыг гурван төрлийн шуудайнд  ангилан ялгаж хог дахин боловсруулах үйлдвэрт дахин ашиглах боломжтой хогийг ачуулж байна.

Эх сурвалж: БОАЖЯ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top