Ц.Энхтүвшин . “Таван цагариг”
Дэлхийн олон оронд ихээхэн дэлгэрсэн фитнес спортын нэгэн төрөл болох CrossFit -ийн клуб Монголд албан ёсоор нээгдэх гэж байна. Спортын олон төрлийн дасгалуудыг ашиглаж, тодорхой хэмнэл, давтамжтай, эрчимжүүлсэн, өндөр ачаалалтай дасгалын цогц программыг анх АНУ-ын Грэг Глассман буй болгожээ. Тэрээр эхнэр Лорен Женайн хамтаар 2000 онд CrossFit , Inc компаниа бүртгүүлж, гэрчилгээгээ авч, анхны клубээ Калифорни мужийн Санта Круз хотноо нээж, мөн тэр онд Сиэтл хотноо анхны салбар нь байгуулагдаж байв. 2005 онд CrossFit 13 салбартай байсан бол 2013 онд 8000, эдүгээ 13000 гаруй албан ёсны салбартай дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна.
CrossFit-ийн бизнес модель тун энгийн. Кроссфитийн тоног, хэрэгслэлээр тоноглогдсон заал, клубт жилийн төлбөртэй олгодог лиценз, мөн дасгалжуулагчид олгодог дөрвөн ангиллын сертификат олгодог бөгөөд зөвхөн 1 дүгээр зэрэглэлийн дасгалжуулагчийн сертификаттай хүн л CrossFit -ийн албан ёсны салбарыг нээх эрхтэй болдог ажээ.
CrossFit нь эдүгээ хамгийн алдартай брэнд систем болсон бөгөөд гол үндэс суурь нь гимнастик, хүндийг өргөлт, пауэрлифтинг, гүйлт, усанд сэлэлт, аэробик зэрэг олон спортын төрлийг багтаасан, хүч чадал, тэсвэр хатуужлын бэлтгэл юм. CrossFit -ийн дасгалжуулагчдын дотор Америкийн алдартай пауэрлифтингийн дасгалжуулагч Луи Симмонс, НФЛ-ийн од Жон Уэлберн, нэрт хувийн дасгалжуулагч , зохиолч Боб Харпер байдаг нь нэр хүндийг хурдан өсөхөд тодорхой нөлөө үзүүлсэн билээ.
CrossFit 2007 оноос эхлэн “CrossFit Games” буюу “КроссФитын тоглолт”-ыг жил бүр зохион байгуулдаг болсон дэлхийн шилдэг КроссФитийн тамирчид энэ тэмцээнд оролцдог. Сонирхолтой нь тэмцээн чухам ямар төрөл, зайгаар явагдах нь нууц байдаг бөгөөд тэмцээний өмнө л зарладаг байна. Тэмцээний хөтөлбөрт КроссФитийн дасгалаас тэс өөр, жишээлбэл задгай усанд цаг уурын тааламжгүй нөхцөлд сэлэх, софтболлын шидэлт хийх, хиймэл хананд авирах гэх мэт.
Энэ нь КроссФитийн тамирчин нь хамгийн өндөр бэлтгэгдсэн, бүх зүйлд бэлэн байх ёстой (Fitteston Earth-Ready for anything)гэсэн зарчимтай нь холбоотой .
“КроссФитийн тоглолт”-д оролцогчдыг шалгаруулах зорилгоор 2011 оноос бүсийн тэмцээн болох “CrossFit Open” хэмээх таван долоо хоногийн турш үргэлжилдэг онлайн тэмцээнийг зохион байгуулдаг бөгөөд долоо хоног бүрт тусгай программыг интернетээр байршуулж, тамирчид уг дасгалыг хэрхэн гүйцэтгэж буй үр дүнгээ КроссФитийн албан ёсны зааланд хийсэн видеог илгээдэг ажээ. Дараа нь шалгарсан шилдэг тамирчдад бүсийн тэмцээнд оролцох эрх олгох бөгөөд бүсийн тэмцээнээс шалгарвал “CrossFit Games”-т оролцдог журамтай.
“CrossFit Games” нь жил бүрийн зун ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй, багийн, мастеруудын (35-аас дээш эрэгтэй, эмэгтэй насны 5 ангилалаар) болон өсвөр үеийн (охид хөвгүүдийн 14-15, 16-17 насны ангилал ) гэсэн ангиллаар явагддаг.
Ийм л нэг тун сонирхолтой, маш эрчимтэй дэлхий дахинд хөгжиж буй спортын төрөл Монголд маань түүхээ эхэлж байна.
Монголын анхны албан ёсны салбар “976 CrossFit” энэ сарын 28-нд нээлтийн үйл ажиллагаагаа хийх ажээ.