ХӨЛБӨМБӨГ: Ахиад л МЕССИ, анх удаагаа РАПИНО

Админ | Zindaa.mn
2019 оны 09 сарын 24

Ц.Энхтүвшин . "Таван цагариг"

ФИФА буюу Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (ОУХБХ)-ны “The BEST FIFA FOOTBALL AWARD" 2018-2019 оны хөлбөмбөгийн улирлын шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа Италийн Милан хотын дуурийн алдартай театр LA SCALA -д даваа гарагийн үдэш боллоо.

Хөлбөмбөгийн түүхэнд Дэлхийн оны шилдэг хөлбөмбөгчнийг тодруулах болсон нь нэлээд эртний бөгөөд арвин түүхтэй. Хөлбөмбөгийн тухай бичдэг сонин, хэвлэл, улс, тивийн холбоод өөрсдийн хувилбараар ногоон талбайн оны шилдгүүдийг бишгүй л нэрлэсээр ирсэн. Харин дэлхийн даяр хүлээн зөвшөөрөгдөх албан ёсны болсон нь дөнгөж 1991 оноос. Тэр жил анх ФИФА –гаас оны шилдгүүдийг албан ёсоор зарладаг болсон билээ. Эхэндээ зөвхөн эрэгтэй хөлбөмбөгчинг шалгаруулдаг байсан бол 2001 оноос эмэгтэй хөлбөмбөгчид ч энэ шагналыг бас хүртэх болсон юм.

Харин 2010 онд “Алтан бөмбөг” шагналын үндэслэгч “France Football” сэтгүүл ФИФА-тай хамтран “FIFA Ballon d’Or” хэмээн хамтран дэлхийн шилдгийг шалгаруулах болсон. Тэгвэл 2016 онд ФИФА-гийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч Ж. Инфантино “France football”–тай хамтран ажиллах гэрээг сунгасангүй. Өөрсдөө шинэ брэнд шагналаа олгох нь зүйд нийцнэ гэж үзсэнээр “The BEST FIFA Football award” төрсөн билээ.

Гэхдээ энэ бол цоо шинэ шагнал биш 1991 оноос эхтэй дэлхийн шилдгүүдийг албан ёсоор тодруулдаг ФИФА-ийн ёслолын шинэ дүр төрх, шинэ имиж билээ. Мөн 2017 оноос хөлбөмбөгийн ертөнцийн шилдгүүдийг оноор бус тоглолтын улирлаар дүгнэх нь зүйд нийцнэ хэмээн үзэж, намар энэхүү шагналын үйл ажиллагааг зохиох болсон юм.

Дэлхийн оны шилдгүүдийг шалгаруулахад хөлбөмбөг сонирхдог хүн бүр оролцох бололцоог 2017 оноос ФИФА олгож эхэлсэн. Санал асуулгын 25 хувийг фэнүүд, 25 хувийг сэтгүүлчид, үлдсэн 50 хувийг үндэсний шигшээ багийн ахлагч болон дасгалжуулагчдын саналаар тодруулдаг болсон. Өмнө нь фэнүүд санал асуулгад дуу хоолойгоо нэмэрлэх бололцоогүй байсан юм.

Харин Оны шилдэг гоол, шилдэг фэнүүдийг онлайнаар хөлбөмбөг сонирхогчдын 100 хувийн саналаар тодруулна. “Шударга журам, цэвэр тоглолт”, Хөлбөмбөгт байгуулсан гарамгай зүтгэл гэсэн номинацийг ФИФА шалгаруулдаг. Мөн Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны өөрсдийнх нь саналаар FIFA FIFPRO XI “Шилдэг 11”-ийг нэрлэдэг. Үүнд хаалгач , хамгаалагч, хагас хамгаалагч, довтлогч гэсэн дөрвөн шугамд 1-4-3-3 шилдгийг сонгох бөгөөд баруун , зүүн, төвийн гэх мэт байрлал хамаагүй .

Мөн 2017 оноос эхлэн дэлхийн шилдэг хаалгачийг, энэ жилээс дэлхийн шилдэг эмэгтэй хаалгачийг тодруулдаг боллоо.

Мэдээж энэ үйл ажиллагааны оргил хэсэг нь эрэгтэй шилдэг хөлбөмбөгчнөөр хэн тодрох нь.

Энэ жилийн хувьд "Аваргуудын лиг"-т түрүүлж, Английн Премьер лигт аман хүзүүдэж, шигшээ багийнхаа хамт анх удаагаа зохиогдсон UEFA Nation league финалд хүрсэн Виржил Ван Дейкийг “Оны шилдгээр" шалгарах байх гэсэн олны таамаг, хүлээлт их байсан. Хэдхэн хоногийн өмнө Ван Дейк Европын оны шилдгээр шалгарсан нь бүүр ч их хүлээлт үүсгэсэн байх.

Мөн Италийн "Сери A”-гийн аварга болж, шигшээ багаа ахлан "Үндэстний цом"-д түрүүлсэн Криштиану Роналдуг уг шагналыг авч магадгүй гэсэн яриа байсан. Гэвч эцсийн дүн гарахад Аргентины шигшээ болон "Барселона" багийн ахлагч Лионель Месси шилдгээр тодорлоо. Санал асуулгад оролцогсдын 46 хувь нь түүнд саналаа өгчээ. Ялангуяа фэнүүдийн санал асуулгад Месси ихээхэн өндөр оноо авсан байна. Түүний ард санал асуулгад 38 хувийн санал авсан Ван Дейк, 36 хувийн санал авсан Роналду бичигдлээ. Мэдээж хөлбөмбөг сонирхогчдын дунд Месси, КР7 хоёр өөрсдийн саналаа ( хоёулаа шигшээ багийнхаа ахлагч тул санал өгөх эрхтэй) хэний төлөө өгсөн нь тун сонирхолтой байдаг. Тэгвэл энэ жил Месси саналаа Манэ, Криштиану Роналду, де Йонг гэсэн дарааллаар өгсөн бол КР саналаа де Лигт, де Йонг, Мбаппе нарын залуу хөлбөмбөгчдөд өгчээ.

Оны шилдгүүдийг тодруулахад ФИФА-ийн гишүүн 211 орны үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч болон багийн ахлагч нар (эрэгтэй, эмэгтэй) болон мөн улс бүрээс хөлбөмбөгийн сэдвээр бичдэг, ФИФА-аас сонгогдсон нэг нэг сэтгүүлч санал өгдгийг дээр дурдсан. Тэгвэл энэ жил манайхан, Монголчууд хэн, хэнд саналаа өгснийг сонирхъё.

Манай "Талын хөх чононууд" буюу Монголын шигшээгийн ахлах дасгалжуулагч, Герман мэргэжилтэн Х.М. Вайсс шилдэг хөлбөмбөгчний саналаа Месси, К.Роналду, К.Мбаппе гэсэн дарааллаар, харин шилдэг дасгалжуулагчаар Ю. Клопп, П. Гвардьола, Почеттино гэсэн дарааллаар санал өгчээ.

Тэгвэл Монголын шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал шилдэг хөлбөмбөгнөөр К.Роналду, В.Ван Дейк,М.Салах гэсэн дарааллаар, шилдэг дасгалжуулагчаар Клопп, Гвардьола, Дешам гэсэн дарааллаар саналаа өгсөн байна.

Монголын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Ганболд шилдэг эмэгтэй хөлбөмбөгчнөөр С.Керр, Ж.Эртц, Г-Хансен Каролайн гэсэн дарааллаар, оны шилдэг эмэгтэй дасгалжуулагчаар П.Райли, Икэда Фүтоши, Ж.Эллис гэсэн дарааллаар саналаа өгсөн бол манай эмэгтэй шигшээ багийн ахлагч О.Цасан-Охин оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчнөөр С.Керр, А.Анри, М.Рапино гэсэн дарааллаар, оны шилдэг эмэгтэй дасгалжуулагчаар Икеда Фүтоши, П.Райли, Ж.Эллис гэсэн дарааллаар өөрийн саналыг өгсөн байна.

Миний бие ФИФА-ийн хэвлэл, мэдээллийн хэлтсээс ирүүлсэн урилгын дагуу дөрөв дэх удаагаа сэтгүүлчийн хувиар Дэлхийн шилдгүүдэд саналаа өгч байгаа билээ. Энэ жилийн хувьд би саналаа шилдэг хөлбөмбөгчинд Виржил ван Дейк, Криштиану Роналду, Лионель Месси гэсэн дарааллаар, шилдэг дасгалжуулагчид Юрген Клопп, Тите, Маурисио Почеттино гэсэн дарааллаар, мөн эмэгтэй шилдэг хөлбөмбөгчнөөр Меган Рапино, Ада Хегерберг, Эллен Уайт гэсэн дарааллаар, эмэгтэй шилдэг дасгалжуулагчид Жилл Эллис, Сарина Вигман, Рейнолд Педрос гэсэн дарааллаар саналаа өглөө.

Сонирхолтой нэг баримт дурьдвал Ван Дейк санал асуулгад хамгийн олон нэгдүгээрт бичигдсэн ч нийт оноогоор Мессигийн ард орлоо.

Мөн "Аваргуудын лиг"-т түрүүлсэн, шигшээ багийнхаа хамт "Копа Америка"-д аваргалсан, гайхалтай улирлыг үдсэн Алиссон Бэкер шилдэг хөлбөмбөгчинд нэр дэвшигчдэд багтаагүй, харин хаалгачийн шагналд дэвшүүлсэн нь "алдаатай" гэмээр шийдвэр байлаа.

Шагнал гардуулах ёслолд Криштиану Роналду таамаглаж байсан ёсоор ирсэнгүй. Өөрөө шагнал авахгүй гэдгээ мэдсэн нь гарцаагүй. Өмнө нь Роналдуг шилдэг болоход Месси бас ирээгүй тохиолдол байсан.

Дуурийн алдарт театрт энэ үдэш опера одууд бус ногоон талбайн одод чуулж, хөлбөмбөгийн ертөнц нэгэн улирлын шилдгүүдээ зарласан үдэш нэрээ дуудуулж, шагнал хүртэгсдийг танилцуулъя.

The BEST FIFA FOOTBALL AWARDS-2019

Шилдэг хөлбөмбөгчин:

Эрэгтэй - Л.Месси (Аргентин, "Барселона", В.ван Дейк (Холланд, "Ливерпуль") Криштиану Роналду (Португал, "Ювентус")

Эмэгтэй - М.Рапино( АНУ), А.Морган (АНУ), Л.Бронз ( Англи)

Шилдэг дасгалжуулагч:

Эрэгтэй: Ю.Клопп (Герман, "Ливерпуль"), П.Гвардьола (Испани, "Манчестер Сити"), М.Почеттино (Аргентин, "Тоттенхэм")

Эмэгтэй - Жилл Эллис ( АНУ), С.Вигман ( Холланд) , Ф.Нэвилл(Англи)

Шилдэг хаалгач:

Эрэгтэй - Алиссон Бэкер (Бразил, "Ливерпуль")

Эмэгтэй - Сари ван Веендаль ( Холланд)

FIFPRO WORLD XI

Хаалгач: Алиссон (Бразил, " Ливерпуль")

Хамгаалагчид: Марсело (Бразил, "Реал",М), Серхио Рамос (Испани, "Реал", М), де Лигт (Холланд, " Ювентус"), ван Дейк (Холланд, "Ливерпуль")

Хагас хамгаалагчид: де Йонг (Холланд, "Барселона"), Азар (Бельги, "Реал",М), Модрич (Хорват, "Реал", М)

Довтлогчид: Месси (Аргентин, "Барселона"), Криштиану Роналду (Португал, "Реал", М), Мбаппе (Франц, " ПСЖ")

“The Best FIFA Football awards” ёслолын ажиллагаанд Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар хүндэт зочноор уригдан оролцсон бөгөөд энэ үеэр ФИФА-ийн "босс" Ж.Инфантиног ирэх 12 дугаар сарын 12-нд болох МХХ-ны 60 жилийн ой, "Алтан бөмбөг" ёслолын ажиллагаанд оролцох урилгыг гардууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top