Мэргэжлийн сүмогийн Изүцү дэвжээний ояката, сэкивакэ асан Сакахоко энэ сарын 16-нд Токиогийн эмнэлэгт хорт хавдрын улмаас 58 насандаа нас нөгчсөн билээ.
Тус дэвжээ ёкозүна Какүрюүгээс гадна санданмэ, жонидан зиндааны хоёр бөхтэй. Нэгэнт оякатагүй болсон тул Сүмогийн холбооноос Изүцү дэвжээг хааж, бөхчүүдийг нь өөр дэвжээнд шилжүүлэх шийдвэр гаргалаа. Одоогийн байдлаар Кагамияма дэвжээнд бөхчүүдийг түр зуур шилжүүлэх боллоо. Энэ дэвжээ макүшита зиндааны хоёрхон бөхтэй, нэг нь Монголын Кагамио. Кагамияма дэвжээ бол Изүцү дэвжээтэй нэг галын дэвжээ.
Гэхдээ сүүлийн үед Токицүказэ дэвжээ Какүрюү тэргүүтэй гурван бөхийг авч магадгүй гэсэн яриа сонсогдож байна. Энэ дэвжээний дээд зиндааны бөхчүүд болох Шёодай, Тоёоношима, Ютакаяма нартай Какүрюү дотно харилцаатай тул асуудал байхгүй.
Мөн Эндо зэрэг дээд зиндааны дөрвөн бөхтэй Хаяатэказэ дэвжээ ч Какүрюүд санаархаж байна. Учир нь Сүмо бөхийн холбооноос сар бүр дэвжээдэд мөнгө олгодог. Ижил мөнгө биш тухайн дэвжээний бөхчүүдийн тоо, цолтой бөх зэргийг харгалзан мөнгөний хэмжээ өөр өөр. Ёкозүнатай дэвжээ холбооноос хамгийн их мөнгө авдаг байна. Тиймээс бэлэн аваргатай болохыг зарим дэвжээ хүсэж байгаа юм.
Изүцү оякатагийн төрсөн дүү Тэрао хэмээх Шикорояма ояката ахынхаа шавь нарыг авах хүсэлтэй гэж байсан ч Шикорояма дэвжээ өөр галд харьяалагддаг тул хүндрэл учирлаа. Тус дэвжээний харьяалагддаг Нишёоносэки галын нэгэн ояката “Манай галын дэвжээнүүд тэднийг хүлээн авахгүй. Хэрэв Шикорояма дэвжээ заавал авна гэх юм бол энэ дэвжээг галаасаа гаргана” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
Изүцү оякататай салах ёс гүйцэтгэх арга хэмжээ өнөөдөр 18.00 цагаас болоод маргааш 11.00 цагаас Изүцү дэвжээнээс нь хөдөөлүүлэх юм.
Сэтгэгдэл ( 1 )
Холбоо гэж ийм л хүчтэй байдаг юмдаа нямдорж ба аварга 2 үбх-г хог болгосондоо