Даам: М.Шийрэвжамц, Г.Хэрлэнмөрөн нар түрүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 24

Монголын даамын холбооноос 12 дахь удаагийн оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнээ 2019 оны есдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгууллаа. Техник технологийн дээд сургууль дээр болсон тус тэмцээнд эрэгтэй 33, эмэгтэй 12 тамирчин өрсөлдсөн юм.

Эмэгтэйчүүд швейцарь системээр 7 өрөг тоглосноос “Идэр” их сургуулийн оюутан ДДХМ Г.Хэрлэнмөрөн, “Ач” АУИС-ийн оюутан спортын мастер Б.Отгон-Эрдэнэ нар адилхан 12 оноотой гарч, коэффициентийн давуугаар Г.Хэрлэнмөрөн аваргын алтан медаль хүртлээ. Тэрбээр ийнхүү хоёр дахь жилдээ дараалан улсын аварга боллоо. Хүрэл медалийн эзнээр 10 оноо авсан МУИС-ийн оюутан, спортын дэд мастер С.Энхтүвшин тодорсон. Шагналт IV-V байрыг “Мандах” их сургуулийн оюутан, дэд мастер С.Гандиймаа, ШУТИС-ийн оюутан Д.Алтанчимэг нар эзэллээ.

Эрэгтэйчүүдийн хувьд швейцарь системээр 8 өрөг тоглож, адилхан 11 оноотой гурван тамирчин гарсан. Ингээд коэффициент буюу нэмэлт үзүүлэлтээр ялагчийг тодруулахад “Шинэ Монгол” сургуулийн оюутан ДДХМ М.Шийравжамц тэргүүлж, СЭЗИС-ийн оюутан, спортын мастер Ц.Чинзориг, “Энэрэл” дээд сургуулийн оюутан, дэд мастер Ц.Хатансайхан нар удаалав. Шагналт IV-V байранд ШУТИС-ийн оюутан, дэд мастер Ц.Төмөрбаатар, ХААИС-ийн оюутан, спортын мастер Б.Гантогтох нар шалгарлаа.

Тэмцээнийг 1975, 1977 оны улсын аваргын хүрэл медальт С.Лхагвасүрэн агсны гэр бүл, үр хүүхдүүд гурав дахь жилдээ ивээн тэтгэлээ. Тэмцээний дэлгэрэнгүй дүнг дараах холбоосоор үзнэ үү.

Эмэгтэй - https://results.fmjd.org/tournaments/2019/f_2702/tournament_table_acc_places.html

Эрэгтэй - https://results.fmjd.org/tournaments/2019/f_2703/final_standings&7.html

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top