СҮМО: Изүцү оякатаг сүүлийн замд нь үдлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 25

Энэ сарын 16-нд 58 насандаа хорт хавдрын улмаас нас нөгчсөн Изүцү оякатаг үдэн гаргах ёслол өнөөдөр Изүцү дэвжээнд боллоо.
 

Ёслолд Сүмогийн холбооны тэргүүн Хаккакү, ёкозүна Хакүхо, Какүрюү тэргүүтэй 600 хүн оролцлоо. Изүцү ояката бол манай ёкозүна Какүрюүг сүмогийн ертөнцөд угтан авч, аварга болтол нь авч явсан хүн билээ. Намрын тэмцээнд гэмтэл аван, эмнэлгийн шинжилгээнд орсны маргааш нь багш нь нас баржээ.  

Какүрюү “Монголоос ирсэн хэний ч мэдэхгүй хүүд итгэл найдвар хүлээлгэж, өсгөн хүмүүжүүлсэн хайртай багш минь байлаа. Намайг ялагдах үед надаас илүү сэтгэлээр унадаг. Гэнэтийн мэдээ сонсоод шоконд орсон. Ийм залуугаараа нас барна гэж огт бодоогүй. Одоо ч итгэхгүй байна. Дэвжээндээ биднээр бэлтгэл хийлгээд сууж байгаа мэт санагдаж байна. Хамгийн сүүлд уулзсан нь Нагоя башёд түрүүлсэн өдөр. Одоо бодоход тэр түрүү жаахан ч гэсэн ачийг нь хариулсан хэрэг болсон юм болов уу” гэж ярьжээ.

Зуны тойргийн барилдаан эхэлсэн наймдугаар сард Изүцү ояката бие нь муудан эмнэлэгт хэвтээд дэвжээндээ эргэн ирэлгүй энэ ертөнцийг орхин одсон юм. Какүрюү бусад бөхчүүд шиг урилгаар, зуучлалаар сүмод ороогүй. 15 насандаа Сүмо бөхийн холбоонд захидал бичиж, сүмо барилдмаар байгаагаа уламжилсан юм. Дүрэм журам ч мэдэхгүй тул захиа бичээд сүмо бөх болчихно гэж бодож байжээ. Харин азаар энэ захиа Изүцү оякатагийн гарт санамсаргүй очсоноор М.Ананд хүү ёкозүна Какүрюү болсон юм. Үзэж хараагүй, бөхийн удамгүй хүүд итгэл найдвар хүлээлгэсэн түүний ачаар Какүрюүгийн хувь заяа өөрчлөгдсөн тул багшийгаа “Аав” гэж нэрлэхээс өөр аргагүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Аня(66.181.161.110) 2019 оны 09 сарын 26

Одоо тэгээд Изүцү оёаката нь Какурю Ананд маань болох юм бол уу?

0  |  0
Top