Казахстаны Нур-Султанд болсон бөхийн төрлийн ДАШТ-д амжилттай оролцсон ОХУ-ын шигшээ багийн дагестан бөхчүүд эх нутагтаа харилаа. Махачкала хотын нисэх буудалд шөнийн 01.00 цаг болж байсан ч бөхийн хорхойтнууд олноор цугларсан байв.
Дагестан бөхчүүд нийт 3 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн. Абдулрашид Садулаев, Гаджимурад Рашидов, Завур Угуев түрүүлж, Магомедрасул Идрисов үзүүрлэн, Алихан Жабраилов, Гажи Набиев нар хүрэл медаль авсан юм.
Бөхчүүдийг Дагестаны Засгийн газрын шадар сайд Владимир Иванов, Спортын сайд Магомед Магомедов нар угтан авч, хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
ОХУ-ын шигшээ багийн ахлагч Абдулрашид Садулаев “Энэ ДАШТ ОХУ-ын шигшээ болон дагестан бөхчүүдийн хувьд амжилттай болж өнгөрлөө. Нур-Султанд барилдахад надад нутагтаа байгаа мэт сэтгэгдэл төрсөн. Казахстаны тамирчинтай барилдаж байхад ч танхимын тал нь намайг дэмжиж байсан. 2017 онд Парист ялагдаагүй бол тав дахь алтан медалиа авах байсан”
Завур Угуев “Цолоо хамгаалахад авахаас илүү хэцүү гэж ярьдаг. Гэхдээ би өөртөө итгэлтэй байлаа. Бэлтгэл сургууль төлөвлөгөөний дагуу сайн хийгдсэн тул формдоо орж чадсан”
Гажимурад Рашидов “Шигшээ барилдаанд нутгийн Казахстаны бөхтэй таарсан тул шүүгчид үнэн зөв шүүгээсэй гэж бодож байлаа. Шүүгч нарт ч эргэлзээ төрүүлэхгүйн тулд цэвэр ялахыг эрмэлзсэн”
Магомедрасул Идрисов “Алтан медалийн төлөөх барилдаандаа сэтгэл дундуур байгаа. Улам их бэлтгэл хийх хэрэгтэй”
Багийн ахлагч Абдулрашид Садулаев “Идрисов шигшээ барилдааны өмнө гурван кг хасах шаардлагатай болсон нь нөлөөлсөн” гэсэн ч Идрисов шалтаг тоочихыг хүссэнгүй.
Дараа нь Дагестаны тэргүүн Владимир Васильев ДАШТ-д амжилттай оролцсон тамирчдаа хүлээн авлаа. Бөхчүүдээс гадна чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд түрүүлсэн Инна Тражукова, боксын дэлхийн аварга Муслим Гажимагомедов нар хүлээн авалтад оролцлоо.
Владимир Васильев “Ринг, татами, дэвжээнд гарах болгондоо та бүхэн Дагестаны нэр хүндийг мандуулж, эх орноо сурталчилж байдаг. Спорт гэдэг бол зөвхөн тэмцээн уралдаан, амьдралын хэв маяг биш ард түмний эрүүл мэнд юм. Дагестанчууд ямар эрүүл чийрэг ард түмэн бэ гэдгийг та бүхэн дэлхийн дахинд танилцуулж байна. Ирэх жил олимпын жил. Бид та бүхнийг Токиод амжилттай оролцох бүх нөхцөлийг бүрдүүлнэ” гэж хэлсэн байна.
Дараа нь шагнал гардуулах ёслол болж, тамирчдыг Дагестаны Гавьяаны одонгоор шагнажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Jinhene buhiin oron umaa